“Зиндаа-Time Out” булангийнхаа энэ удаагийн дугаарт Оросын ардын жүжигчин, Москвагийн Губернский театрын уран сайхны удирдаач Сергей Безруковын “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагыг хураангуйлан хүргэж байна. Хүмүүс түүнийг “Бригада” киноны Саша Беловын дүрээр нь илүү сайн мэднэ. Сергей Безруков уран бүтээл, хувийн амьдрал болон хүүхдүүдээ хэрхэн өсгөх талаар ийнхүү ярьжээ.
-Москвагийн Губернский театрын ажил хэрэг ямар байна?
-Манай театр өмнө нь хүмүүс тэр бүр сайн мэддэггүй Бүсийн соёлын ордон байсан. Камерный театр, Островскийн нэрэмжит бүсийн драмын театр, Губернаторын оркестр, Вячеслав Михайлович Гордеевын “Русский балет” зэрэг хэд хэдэн бүрэлдэхүүнтэй энэ театрын уран сайхны удирдаачаар намайг томилсон. Эдгээрийг нийлүүлж шинэ театр байгуулах нь их сонин, бас амаргүй ажил байлаа. Гэхдээ би эрсдэл гаргаж, өөрчлөн байгуулалт хийсэн. Хүмүүс киногоор л сайн мэдэх жүжигчид болох Карина Андоленко, Антон Хабаров, Галя Бокашевская, Александр Тютин, Саша Соколовский, Лера Ланская, Гела Месхи нарыг театртаа авлаа. Москвагийн Губернский театр ингэж л бий болсон доо.
-“Нашла коса на камень” жүжигт Чеховын нэрэмжит Москвагийн уран сайхны театрын жүжигчин, “Бригада” кинонд таны хамтрагч байсан Дмитрий Дюжев тоглосон...
-Түүнд дүр нь их таалагдсан. Тэр надаас дахиад өөрийг нь тоглуулах жүжиг тавихыг гуйсан шүү. Тэр өөр театрын жүжигчин болохоор энэ амаргүй л дээ. Гэхдээ юу болох нь уу, харъя.
-Танд дүр үлдээгүйд харамсахгүй байна уу. Жишээ нь, таны олон жил ажилласан “Табакерка”-д?
-Бүхий л цагаа Губернский театрт зарцуулж байхад яая гэхэв дээ. Одоо надад зөвхөн гэр бүл, театр хоёр л чухал байна. Миний хоёр гэр бүл юм даа. Жүжиг тавигдах болгонд жүжигчид маань миний үг, зөвлөмжийг заавал хүлээдэг. Би тэдэнтэй багш нь юм шиг ажилладаг. Энэ нь магадгүй миний аав Виталий Сергеевич Безруков, багш Олег Павлович Табаковоос сурч үлдсэн зүйл байх. Би жүжигчдийнхээ төлөө их хичээдэг. Тэдэнд кинонд тоглох чөлөө өгч, өөрийн кинондоо авдаг. “Временно недоступен” сериалд надтай хамт Губернский театрын 23 жүжигчин ажилласан. Манай “гэр бүлийн” кино болсон доо.
-Та өөрийнхөө тоглосон сериалыг үздэг үү. Саяхан таны Высоцкийн дүрийг бүтээсэн Василий Аксеновын романаас сэдэвлэсэн “Таинственная страсть” гарсан?
-Харамсалтай нь сериал үзэх цаг гарахгүй юм. Бас би болоод өнгөрсөн зүйлийг эргэж харах дургүй. Өөрийнхөө алдаа бүрийг кино гарахаас өмнө хардаг. Гарсных нь дараа үздэггүй. “Таинственная страсть”-ийн хэсгүүдийг интернетээс үзсэн. Тэдгээр хэсгүүдийг тавьсан фэнүүддээ баярлалаа. Энэ киноны зургийг авч байхад би зургийн талбайд биш жинхэнэ 60-аад оныхны дунд байгаагаа ойлгосон. Надтай хамт Чулпан Хаматова биш Белла Ахмадулина, Филипп Янковский биш Евгений Евтушенко байсан болохоор би хамтран тоглогчдоо жүжигчид гэж харахаа больсон.
-Харин өөрийгөө Высоцкий гэж мэдэрч байв уу?
-Үгүй. Би өмнө нь Владимир Семеновичийн дүрийг бүтээж байсан («Высоцкий. Спасибо, что живой» кинонд). Энэ удаад гадаад төрхөөрөө их адилхан байх чухал биш байлаа. Сериалд Высоцкийн театрын ажлынх нь хэсгүүдээс тоглосон нь надад их таалагдсан. Жишээ нь, Гамлетын алдартай монолог.
-Охиноо таван сартай байхад нь Герман руу авч яваад ирсэн. Машагийн хувьд энэ нь анхны аялал байв уу?
-Тэр бол Машагийн хоёр дахь нислэг байсан. Аня бид хоёр (түүний эхнэр, найруулагч Анна Матисон) өмнө нь бүр эрсдэлтэй алхам хийж Япон руу охиноо авч явсан. Манай “После тебя” киног Токиод олон улсын кино наадамд урьсан юм. Найруулагч болон гол дүрийн жүжигчин нь заавал очих ёстой гэсэн. Аня бид хоёр киногоо танилцуулж, хэвлэлийн бага хурал дээр хамт байх ёстой байсан. Тэгэхээр Машаг хэнтэй орхих билээ. Бидэнд хүүхэд асрагч байдаггүй. Охиноо аваад 10 цаг нисээд эргээд мөн тийм цагийг онгоцонд өнгөрүүлсэн. Гэхдээ бүх зүйл гайхалтай болсон шүү. Япончууд бидэнд ялалтыг өгсөн. Гэхдээ ялалтын төлөө бус киногоо олон улсын том кино наадамд оролцуулах нь чухал байсан. Ингэхэд, япончууд манай киног прокатаар авсан шүү. Урьд өмнө нь байгаагүй тохиолдол. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Японы үзэгчид орос киног яг л манайхан шиг хүлээж авсан. Тэд инээж, уйлж, киног маш их сонирхсон. Надаас гарын үсэг авахаар ирсэн олон япон фэн байсан шүү.
-Бага байхдаа аавтайгаа ийш тийшээ явдаг байв уу?
-Явдаг байсан. Анх удаагаа би аавын ажилладаг Пушкины нэрэмжит театрынхантай хамт Ленинград явж байлаа. Би хоёрдугаар ангид байсан. Тэгж явж ирээд шууд шалгалтад орж байлаа. Мэдээж би бэлдээгүй байсан.
-Тэгээд муу авсан уу?
-Санахгүй байна. Сургуульд байхдаа би янз бүрийн л дүн авдаг байлаа. Гэхдээ аттестат дээр минь дөрвөн ширхэг 4 байдаг юм. Алгебр, геометр, орос, англи хэл дээрээ 4 авсан байдаг. Бусад нь бүгд 5. Би театрын сургуульд орох нь ойлгомжтой болсон байсан ч өөрийгөө эхэлж байгаа жүжигчин шиг авч явдаг байлаа. Сургуулийнхаа жүжигт тоглодог байсан. “Мой бедный Марат”, “Ромео, Жульетта хоёр” гээд л... Би анх удаагаа Ромеод 14 настай байхдаа тоглож байсан. Гэхдээ л жүжигчин болох хүн физик, хими, математикийг мэдэж байх ёстой гэж бодож хичээсэн.
-Охинтой болсноосоо хойш та илүү нээлттэй болсон юм шиг. Түүнтэй хамт байгаа зургаа цахим хуудсандаа байнга нийтэлдэг болж. Бас та хувийн амьдралаа их хамгаалж, нэгэн хэвлэлийг хувийн амьдралд оролцлоо гэж шүүхэд өгсөн...
-Би одоо ч хувийн амьдрал руу минь орохын эсрэг байгаа. Гэхдээ би хангалттай нээлттэй байсан гэж боддог. Энэ хэвээрээ ч байх болно. Харин зүгээр л сенсаац тарих гэсэн шар хэвлэлүүд байна. Иймээс заримдаа шүүхээр дамжуулж эрхээ хамгаалах хэрэгтэй болох юм. Өнгөрсөн зүйл ч бий, одоогийн амьдрал минь ч бий. Миний эхнэр байсан Ирина бид хоёр өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч ярихгүй гэж тохиролцсон. Би түүнтэй урьдын адил харьцаж, тусалж, нэг театрт ажиллаж байна. Бидний хамтран байгуулсан соёлын сан ч бий. Ирина надад амьдралаа шинээр эхлэх боломж олгосонд би талархдаг.
Миний амьдралд Аня, Маша хоёр минь гарч ирснээр их зүйл өөрчлөгдсөн. Би анх удаагаа өөрийгөө эцэг хүн гэдгийг мэдэрлээ. Надад өөр хүүхдүүд байгаа нь үнэн. Бүгд үүнийг мэддэг болсон. Миний эцэг эх, эхнэр Анна маань ч тэднийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ Маша төрснөөр би аав хүний аз жаргалыг бүрэн мэдэрч байна. Төрөхөд нь байж, олон шөнө нойргүй хонож, аз жаргалтайгаар ядарч байна. Охины минь анхны инээд, анхны шүд гээд л бүгд эцэг хүний аз жаргал. Бусад хүүхдүүддээ ч би адилхан хайртай. Би том гэр бүлтэй болжээ. Гэхдээ хувийн амьдралаа бүгдэд зарлахыг хүсдэггүй. Хүүхдүүд маань оддын хүүхдүүдийн синдромгүйгээр өсөөсэй гэж хүсч байна. Машаг ч би цахим сүлжээгээр харуулдаггүй. Харуулах ч үгүй! Зөвхөн тэрэгнээсээ цухуйж байгаагаар, ар нуруунаас нь л харуулдаг (инээв).
-“Инстаграм”-аас тань харахад охиндоо зурагтын оронд аквариумны загас үзүүлдэг. Харин хүүхэлдэйн кино яах билээ?
-Бид зурагт үздэггүй. Маша театрт очдог болсон. Ээжтэйгээ хамт жүжигт ирж, тайзны араас сонсдог. Намайг тайзан дээр байхад охин маань миний хоолойг сайн танина.
-Тэр яаж байх юм?
-Анхааралтай сонсдог. Охин маань үүнээс гадна сонгодог хөгжимд дуртай. Хөгжмийн их сайн сонсголтой болно гэж бодож байна.
-Хэзээ нэгэн цагт хүүхдүүдэд зориулж өвлийн өвөө болж байв уу?
-Хэзээ ч тоглоогүй юм байна. Сургуулийн жүжигт туулай л болж байсан.
-Та “Инстаграм”-ынхаа дагагчдад зориулж “Эрхэм сайхан та бүхэндээ” гэж бичихдээ “хоррошие…” гэж хоёр «р» үсэгтэй бичдэг. Яагаад тэгдэг юм бэ?
-Энэ бол Есенин. “Пугачев” найраглалын хэсэг. Энэ мөрийг би эртнээс хэрэглэж ирсэн. Дагагчид маань хоёр “р” үсгэнд дасчихсан. Тэгж бичихгүй бол бараг гомдоно байх. Би “Инстаграм”-аа миний амьдралыг сонирхдог, намайг дэмждэг хүмүүст зориулж ажиллуулдаг. Гэхдээ заримдаа сэтгүүлч нар миний зургийг, бичвэрийг ашиглаж, гарчиглах юм. Машаг төрөхөд би ажлаасаа түр хөндийрч байгаагаа бичсэн. Үнэхээр ч хагас сар ажлаа орхисон. Эхнэр, хүүхэдтэйгээ байхын тулд зураг авалтаас татгалзаж, нойргүй шөнүүдээр “аавын хичээл”-д сууж байлаа.
-Та үргэлж спортын гайхалтай формд байдаг. Илүүдэл жингийн асуудал байдаггүй байх. Ямар спортоор хичээллэдэг вэ?
-Цанаар гулгах дуртай. Хүүхэд байхаасаа л салаагүй спорт. Бас эхнэр бид хоёр байнга дугуйгаар явдаг. Тэр гайхалтай дугуйчин шүү.
-Охиноо асрагчгүй өсгөдөг гэж хэллээ. Одоо бүгд л хүүхэд асрагчтай байх болсон. Тийм боломж ч байна...
-Хүүхдэд эцэг эх нь байхад асрагчаар яах юм бэ?
Сэтгэгдэл ( 2 )
Ямар соёлтой ярилцлага вэ? Баярлалаа, сайхан хүний тухай гэгээн мэдээлэл түгээсэнд.
Мундаг жүжигчин, сайн ч аав юм.