Эмээгийн сүнс гэр бүлийнхэндээ тусалжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 24

Би эмээгээсээ үлдсэн байранд амьдардаг юм. Эмээдээ би маш их хайртай байлаа. Эцэг эх маань байнга л ийш тийшээ томилолтоор явдаг байсан учраас эмээ минь намайг өсгөж хүмүүжүүлсэн юм.

Гэнэт эмээ минь бидэнд ч, өөртөө ч хачирхалтай байдлаар нас барав. Орой нь зүв зүгээр, цовоо сэргэлэн байдалтай унтсан эмээ минь өглөө сэрсэнгүй. Хэн ч түүнтэй салах ёс гүйцэтгэж чадсангүй. Гэвч нэгэн удаа...

Эмээгээ оршуулсны дараа байр нь надад шилжин, би тийшээ нүүж ирээд оюутны бие даасан амьдралаа эхлүүллээ. Эцэг эх маань надад хуучивтар Жигули машин бэлэглэсэн юм. Би компьютер, гар утас гэх мэт жижиг сажиг зүйлс засчихдаг байсан тул өөрийн хэрэгцээний мөнгөө подхийтэл хангалттай олчихдог байв. Заримдаа ээж, аав маань хэд гурван цаас бас илүүчилнэ. Энэ маягаар мөнгөөр дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байсан юм.

Нэгэн удаа өглөө нам унтчихаж. Ингээд сургууль руугаа яарч сандран давхиж явахдаа замдаа осолд орчихов. Зам дээр машин гулган юм мөргөн хэмхэрч, би гараа гэмтээчихэв. Дараахан нь ээж өвчлөн, ихээхэн хэмжээний мөнгөөр хагалгаанд орох шаардлагатай боллоо.

Би их сургуулиасаа жилийн чөлөө авч, ээжийнхээ хагалгааны мөнгөнд нэмэрлэх санаатай танилынхаа ажилд оров. Гэвч бидний цалин нийлээд ч хангалтгүй байсан тул эмээгийнхээ байрыг зарахаар шийдэцгээсэн юм.

Харин надад үнэхээр харамсалтай санагдан, оройхон эмээгийнхээ байранд ирээд өрөөний голд сууж байгаад, эмээдээ хамаг л зовлонгоо ярьж, байрыг нь хадгалж чадаагүйдээ уучлал гуйлаа. Ингээд унтахаар хэвтсэн юм.

Шөнө нь эмээгээ зүүдэллээ. Эмээ минь өрөөний булан дахь цэцэг тавьсан хуучны ширээний ойролцоо сууж байх юм. Эмээ ширээн дээрх савтай цэцгийг хөдөлгөх гээд чадалгүй намайг дуудахад би очоод цэцгийн савыг хөдөлгөх гэж байгаад сэрчихлээ.

Зүүд яг л бодит мэт их тодхон байсан учраас би тэр ширээ рүү дөхөж очоод маш гярхай ажигласан боловч юу ч олж хараагүй тул эмээгийнхээ хайртай цэцгийг усалчихаад ажилдаа явсан юм.

Дараагийн шөнө бас л нөгөө зүүд давтагдав. Энэ удаад эмээ над руу сүрхий харж байгаад савтай цэцгийг хөдөлгөх үед би бас сэрчихэв. Би бас л ширээ рүү очоод, дээгүүр доогуургүй шагайж харсан боловч юм олсонгүй.

Гурав дахь орой бас л нөгөө зүүд. Эмээ харин энэ удаад савтай цэцгийг ширээн дээрээс түлхэж унагаад, над руу хараад инээмсэглэхэд би сэрлээ. Би ширээ рүү гүйж хүрээд, савтай цэцгийг анхааралтай харлаа. Савны гол дунд өөр модоор хийсэн бололтой тойрог байхаар нь хутгаар хөштөл ширээний хөл рүү орсон нүх гараад ирэв.

Ингээд ширээг эргүүлж тавьж байгаад доргиотол нүхэн дотроос ууттай зүйл унаж ирсэн дотор үнэт эдлэл зүүлтүүд, алтан зоосууд байх нь тэр. Эдгээрийг худалдсан мөнгө ээжийн хагалгаанд хангалттай хүрч, илүүгээр нь би өөртөө сайн машин худалдаж аваад, эмээгийнхээ байрыг зарах шаардлагагүй боллоо.

Одоо би орой харих бүрдээ эмээтэйгээ мэндчилэн, түүнд баярласан талархсанаа илэрхийлдэг болсон.     

 Орчуулсан Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(211.201.196.176) 2018 оны 06 сарын 01

hoorhon l zohiol baina

0  |  0
ors(183.177.98.182) 2018 оны 05 сарын 24

Orchuulna gej tamalsan bna daa Migaa yatuu

0  |  0
zochin(202.179.25.233) 2018 оны 05 сарын 24

Saban dotroos shireenii xul rvv orson nvx garch irsen gex yum.eniig yu gej oilgox be

0  |  0
Top