Владимир Путин: Ираны цөмийн хэлэлцээрийг хадгалж үлдье

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 25

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Төрийн тэргүүн Эммануэл Макрон нар өчигдөр Санкт-Петербургт уулзжээ. Тэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын асуудал, Ойрхи Дорнод болон Украины нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Орос, Францын хооронд бараа эргэлт өсч, эдийн засаг болон бусад салбарт хамтын ажиллагаа нь нэмэгдэж байгааг хоёр улсын Ерөнхийлөгч нар хэлжээ.

Путин, Макрон нар Ираны цөмийн хэлэлцээрийг хэвээр нь хадгалж үлдэхийн төлөө санал нэгдсэн байна. Түүнчлэн Сирийн зөрчилдөөнийг улс төрийн аргаар зөөлрүүлэхийн төлөө ажиллана гэжээ. АНУ болон Хойд Солонгосын талаар тэд хоёр улсын харилцаа сэргэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлж байна. Тэгвэл Донбассын нөхцөл байдлын талаар ярихдаа Минскийн гэрээ чухал байгааг Владимир Путин хэлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар Киевийн засаг захиргаа зөрчилдөөнийг зөөлрүүлэх гэж хичээхгүй байгаа аж. Орос, Францын удирдагч нар мөн кибер орон зайд баримтлах ерөнхий дүрмийг боловсруулах талаар ярилцжээ.

Энэ нь Путин, Макрон нарын гурав дахь уулзалт юм. Тэд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрийг хадгалж үлдэнэ гэснийг бусад орон дэмжиж байгаа аж. Энэхүү хэлэлцээрийг 2015 оны зургадугаар сард Иран болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болох ОХУ, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман улс байгуулсан билээ. Харин АНУ саяхан Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс гарсан юм. Доналд Трампын шийдвэрийг олон улс шүүмжилж, болгоомжлол дагуулж байгааг хэлсэн билээ. Трамп Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс АНУ-ыг гаргаж, Ираны эсрэг дахин эдийн засгийн хориг тавихаар шийджээ. Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцлахаар болсны хариуд тус улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах тухай хэлэлцээр ийнхүү адармаатай болсон. Европын Холбооны зүгээс бүх нийтийн эрх ашигт нийцсэн уг хэлэлцээрийг хадгалж үлдэх болно гэдгээ илэрхийлсэн билээ.

Тэгвэл Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф “Иран улс цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт оролцогч бусад улстай ярилцана. Үүний дараа АНУ-ын хоригт хариу арга хэмжээ авахаа шийдэх болно. АНУ Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс хууль бусаар гарлаа” гэсэн юм.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top