Нарнаас хамгаалах тосыг хэрхэн хэрэглэвэл зохих вэ?

Гадаа дулаарч, амралт зугаалгын цаг ч дөхөж байна. Нарны хэт ягаан туяанд арьсаа гэмтээхгүй хэрхэн нартай найзлах вэ?

Тэгвэл хүний арьс наранд түлэгдсэнээс болж түргэн хөгшрөх, арьсны хорт хавдар тусах магадлал өндөр байдаг. Тиймээс зөвхөн аяллаар явахдаа биш жирийн өдрүүдэд ч нарны хурц гэрлээс арьсаа хэрхэн хамгаалах, хамгаалалтын тосыг хэрхэн, яаж зөв хэрэглэх зөвлөгөөг хүргэж байна.


НАРНЫ ХЭТ ЯГААН ТУЯА ГЭЖ ЮУ ВЭ?

 

Нар нь арьсны хавдар үүсгэгч хоёр төрлийн хорт туяаг ялгаруулдаг. Эдгээрийг нарны хэт ягаан туяа нь альфа (UVA) болон бета (UVB) гэж тэмдэглэдэг. Хэт ягаан туяа нь нарны идэвхжил, агаар мандлын бүтэц, цаг агаарын өөрчлөлт зэрэгтэй холбоотойгоор хүнд нөлөөлөх сөрөг нөлөөлөл нь ихсэж, арьсны хавдраар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

UVA (урт туяа) нь цаг агаар, улирлаас үл хамааран нарнаас байнга ялгарч байдаг туяа. UVA туяа нь шилний цаанаас нэвтлэж, хор учруулах чадвартай. Эдгээр туяаны нөлөө тэр доор нь гардаггүй бөгөөд арьсанд гүн нэвтэрч нарийн үрчлээ үүсэх, аажим аажмаар арьсны хөгшрөлт явагдахад нөлөөлдөг байна. Түүнчлэн арьсанд сэвх, толбо үүсэх гол шалтгаан энэхүү туяанаас болдог юм.

UVB (богино туяа) нь зуны улиралд ялангуяа өдөр идэвхтэй байдаг. Эдгээр туяанд түлэгдсэн арьсны шинж тэмдэг хоёр өдрийн дараа илэрдэг бөгөөд удаан хугацааны турш арилахгүй. UVB арьсыг харлуулж, улайлгаж хорсгоно. Арьсны уян хатан чанарыг алдагдуулж, өнгөн давхар­гыг хордуулж, хар сэвх, толбо үүсгэдэг байна. Түүнчлэн арьсны хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Иймээс арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Гэхдээ нарнаас хамгаалах тос хэрэглэснээр таны нүүрний арьс яг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална.

SPF ГЭЖ ЮУ ВЭ?

Нарнаас хамгаалах тосон дээр SPF15, SPF20, SPF30, SPF50 гэх зэрэг тэмдэглэгээ байдаг. Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм.

Ихэнх нарны тос нь UVB төрлийн хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай байдаг. Энэ төрлийн тос нь SPF15 буюу түүнээс дээш найрлага бүхий гэсэн шошготой байх бөгөөд арьсыг зөвхөн наранд түлэгдэхээс хамгаална гэсэн үг юм. Харин UVA төрлийн хортой туяанаас хамгаалдаггүй байна. Иймээс нарнаас хамгаалах тос нь түлэгдэлт, үрчлээ болон толбо үүсэхээс нэгэн зэрэг хамгаалах боломжгүй аж.

Нарны гэрэлд ямар ч хамгаалалтгүй гарсан арьс 20 минутын дараа гэхэд л улайж эхэлдэг байна. Иймээс SPF найрлагатай тос хэрэглэх хэрэгтэй.

  • SPF нарнаас хэдий хугацаагаар хамгаалах вэ?
  • SPF15- нарнаас 3-4 цаг хамгаална,
  • SPF25- 4-6 цаг хамгаална.
  • SPF30- наранд 6-8 цаг байхад айлтгүй.
  • SPF50-нарнаас 9-11 цаг хамгаална.

Түүнчлэн,

  • SPF15 нь UVB туяанаас 93 хувь,
  • SPF20 болон SPF30 нарны хорт туяанаас 97 хувь,
  • SPF50 нь 99 хувь хамгаална.

Танд 93, 97 болон 99 хувийн хооронд онцын ялгаагүй мэт санагдаж байвч таны арьс нарны гэрэлд хэт мэдрэмтгий бол нарны тосны өндөр хувьтайг нь авах зүйтэй. Мэдээж SPF-ийн тоо өндөр байх тусам хамгаалах цаг нь уртасна, гэхдээ үүнийгээ дагаад арьсанд үзүүлэх хорт нөлөө ч бас ихэсдэг гэдгийг санах хэрэгтэй.

Зарим тосны заавар дээр РА гэж бичсэн байдаг. SPF, PA гэсэн хоёр тэмдэглэгээ аль аль нь нарны хэт ягаан туяанаас хамгаална гэсэн үг. РА+ тэмдэгтэй байвал дөрөв, РА++ байвал найман цаг хамгаалах үйлчилгээтэй байна.


ХҮҮХДҮҮД НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХ ИЛҮҮ ИХ ШААРДЛАГАТАЙ

 

Зургаан сараас дээш насны бүх хүмүүс нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин зургаан сараас бага насны хүүхдүүдийг нарны гэрлийн шууд тусгалаас хол байлгах хэрэгтэй аж.

Бага насандаа наранд хэт их түлэгдэх нь нас нэмэгдэх тутам арьсны хорт хавдар үүсэх эрсдлийг нэмдэг. Хэт ягаан туяаны хэмжээ хамгийн их байдаг өдрийн цагаар хүүхдээ гадагш гаргахаас зайлсхий. Хэт ягаан туяаны хэмжээ ялангуяа зуны өглөө 10 цагаас өдрийн 16 цагийн хооронд илүү хүчтэй байдаг.

Хүүхдийн арьс нарны шууд тусгалаас болж хурдан гэмтдэг. Тийм учраас нарнаас хамгаалах тос насанд хүрэгчдээс илүү хүүхдэд шаардлагатай.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page