Уламжлалт анагаах ухааны гайхамшиг буюу “Манба Дацан” төвөөс хийсэн сурвалжлага

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

Эхлэл хэсэг буюу “Манба Дацан” эмнэлэгтэй танилцсан нь...

Зуны эхэн сарын шинийн 2. Нар ээж, навчис дэлгэрсэн налгар сайхан өглөө Монголын уламжлалт анагаах ухааныг түгээн дэлгэрүүлэгч “Манба Дацан” төвийг зорилоо.  Хоймор хэсэгтээ хийд нь, хоёр талд нь эмнэлэг, сургууль сүндэрлэх ажээ. Цаанаа л нэг эмх цэгц, цэвэр цэмцгэр орчинтой тус цогцолборын хашаагаар оруут нэг тийм ариун мэдрэмж өөрийн эрхгүй төрөх нь тэр. Ингээд хамгийн түрүүнд “Манба Дацан” эмнэлэг рүү орлоо. Уламжлалт гэхээрээ л байшин барилга нь ч балар эртнийх, эмчилгээний орчин нь ч хоцрогдсон гэх нийтлэг ойлголт олны дунд байдаг ба бичигч надад ч ийм бодол байсныг нуух юун. Гэтэл “Манба Дацан” эмнэлэг урьдын тэр ойлголтыг тас цохисон бөгөөд уламжлалт анагаах ухаан гэдэг чинь энэ эрин цаг үеийн эмчилгээний гол шинжлэх ухаан болсон гэдгийг баттай ойлгуулж өглөө.

Хүн хөдөлгөөн ихтэй, хүлээлгийн танхим олны хөлд дарагджээ.. Эмнэлгийн дотоод тохижилт тун аятайхан агаад алгуу ярьдаг хүнд бол “Таван од”-той зочид буудал л гэсэн үг. Нэг давхартаа эмийн сан, үйлчилгээний хэсэг, хоёр давхартаа үзлэгийн танхим, лаборатори гэх мэтчилэн явсаар дээд давхрууддаа хэвтэн эмчлүүлэгсдийн өрөө, залбирлын өрөө, бариа заслын өрөө, бясалгалын өрөө, дадлагажигч оюутнуудын өрөө гээд явж өгнө. Өрөө болгоныг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон байх ба тохь тух, тохижилтыг үнэхээр сайхан цогцлоожээ. За тэгээд, коридорын хананд өлгөсөн зураг, жижүүр эмч, сувилагчийн пост болон хоол зөөдөг лифтний шийдэл нь хүртэл үнэхээр догь ажээ. Энэ мэтчилэн эндэхийн орчин нөхцөл, тохижилтын талаар олон зүйлийг ярьж болох ч, эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй өгүүлэх учиртай билээ.

Өглөөгүүр байсныг хэлэх үү, эмч нар ээлж солилцож, хэвтэн эмчлүүлэгсдийн тасгуудаар явж үзлэг хийж байхтай таарлаа. Ингээд тус эмнэлгийн Уламжлалтын их эмч Ц.Амаржаргалын үзлэг хийх явцыг сонирхлоо. “Естой нөгөө, Наян настай буурлаас найман настай балчир” гэдэг шиг хэвтэн эмчлүүлэгсдийн нас харилцан адилгүй байсан ба тус эмнэлэгт зөвхөн монголчууд бус хилийн чинадаас ч хүмүүс ирж хэвтэн эмчлүүлдэг нь илт.

Елизавета Александровна: Бид ОХУ-ын Петербург хотоос ирж эмчлүүлдэг 

Ингээд алс хол ОХУ-ын Петербург хотоос “Манба Дацан” эмнэлгийг зорьж ирсэн Елизабета Александровнагаас сэтгэгдлийг нь сонслоо.

-Сайн байна уу. Та “Манба Дацан” эмнэлгийг хэзээнээс мэддэг болсон бэ. Тэр холоос зорьж ирсэнийг бодоход энэ эмнэлгийн талаар их мэдээлэлтэй байх нь ээ? 

-Сайн байна уу. Миний хувьд анх 2013 онд Монголын "Манба Дацан" эмнэлэгт ирж эмчлүүлж байсан. Түүнээс хойш жил болгон ирдэг болсон. Анх буюу таван жилийн өмнө би энэ эмнэлэгт ирэхдээ бие нэлээн зовиуртай өвчнөө эдгээх гэж ирж байсан. Тэгээд эмчлүүлээд үнэхээр сайхан үр дүнд хүрсэн болохоор ийнхүү жил болгон ирдэг болсон. Харин сүүлийн жилүүдэд бол урьдчилан сэргийлэх, амрах, дархлаагаа сайжруулах зорилгоор зорьж ирж байгаа. Ирэхдээ хайртай дотныхоо хүмүүсийг дагуулж ирэх болсон шүү /инээв/. Энэ хугацаанд ээжийгээ дагуулж ирж эмчлүүлж байлаа. Харин энэ удаад ахыгаа дагуулж ирж хамт эмчлүүлж байна.

-“Манба Дацан” эмнэлгийг зорьж ирдэг хамгийн том шалтгаан юу вэ?

-Хамгийн гол зүйл нь гэвэл, эмнэлгийн үйлчилгээ, эмч сувилагчдынх нь сайхан сэтгэл л намайг их татдаг юм. Мөн Монголд ирээд хамбадаа /Манба дацан эмнэлгийн зөвлөх оточ, хамба лам Д.Нацагдорж/ мөргөөд  жилийнхээ заслыг хийлгүүлээд авдаг. Өөрөөр хэлбэл, биеэ эмчлүүлээд авахын зэрэгцээ, засал ном айлдуулаад сэтгэлээ хүртэл давхар эмчлүүлдэг.

-Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа.

-Баярлалаа.

Ж.Дондилдулам: Эмнэлэг бүхэн, эмч бүхэн ийм байгаасай

-Сайн байна уу. Таны хувьд эмнэлэгт хэвтээд дөрөв хонож байна гэнэ. Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ хэр санагдаж байна?

-Эмээ нь Дорнод аймгаас ирж эмчлүүлж байна. Энэ эмнэлэгт хэвтээд дөрөвхөн хонож байгаа ч эмч охиндоо үнэхээр их дасаж, эмчлүүлэгсдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлд нь талархаж сууна.

-Та энэ эмнэлгийг зорин ирж, хэвтэж эмчлүүлэх болсон талаараа яривал...?

-Зурагт, сонин хэвлэл, олон нийтийн амнаас Хамбын /Манба дацан эмнэлгийн зөвлөх оточ, хамба лам Д.Нацагдорж/ тухай маш олон удаа сонсож байсан юм. Тэгээд нэг өдөр охинтойгоо ярилцаад “Тэр хүнд л очиж нэг үзүүлэх юмсан. Жирийн бидэн шиг хүмүүсийг хүлээж авч үзэх болов уу” гэх зэргийн юм бодоод судалж үзээд энэ эмнэлэгт анх ирсэн юм. Ингээд оочер дугаар аваад  хамбадаа үзүүлж аваад эм залж гэртээ сар уучихаад ”Ер нь эмнэлэгт нь хэвтэе” гэж шийдсэн. Хүмүүсээс ч их сайхан газар гэж сонсож байсан. Сонссон бүхэн маань ч үнэн юм байна.

-Манай хөгшчүүд байсхийгээд л сувилал болон эмнэлэгт хэвтдэг. Та үеийнхээ хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүмүүс ардын эмчилгээг хатуу ширүүн гэсэн ойлголттой байдаг. Үгүй юм байна. Хамгийн гол нь энэ эмнэлгийн эмч нарын харилцаа, хүнлэг чанар үнэхээр сайхан юм. Өвдсөн хүнд чинь эмч сувилагчдын хандаж байгаа харьцаа, орчин нөхцөл  чухал шүү дээ. Сэтгэл санаагаар нь хүртэл сайхан дэмжээд, эмчлээд өгөхөөр ямар ч өвчтэй хүн эдгэхээр сайхан газар байна. Маш их талархаж байна. Хэвтсэнийхээ дараа дахиад хамбадаа үзүүлчихлээ. Сэтгэл санаа 100 хувь болчихсон сууж байна даа, эмээ нь/инээв/. Би урьд нь их олон газраар олон сувиллаар явж байлаа. Гэтэл энд ирээд нэг зүйлийг ойлголоо. Тэгж дэмий тэнэж хэдэн хүүхдүүдийнхээ олсон мөнгийг үрээд яахав. Энэ эмнэлэгт ирээд л эмчлүүлэх хэрэгтэй юм байна. Хамгийн гол нь бүх юм цогц. Эмч сувилагч нар нь эмчилгээ хийчихнэ. Өглөө, оройд лам нар нь тусгайлаад ном уншаад өгөх юм. Үнэхээр сайхан гэж жигтэйхэн. Эмээ нь эмнэлгийнхээ журмыг дагаад гаднаас хоол унд авахгүй байгаа. Ерөөсөө энэ эмнэлэгт гаднаас илүү дутуу юмны хэрэггүй. Бүх зүйлээ дотроос нь хангаад өгдөг юм байна. Эмнэлэг бүхэн эмч бүхэн ийм байгаасай л гэж хүсье.

Тус эмнэлэг нь хүн бүрийн эмчилгээнд тохируулж тусгайлан хоол бэлдэж өгдгөөрөө онцлог

“Хүн хий, шар, бадганы бэлгэ чанарыг тэнцвэртэй байлгаж чадвал өвдөхгүй”

Хэвтэн эмчлүүлэгсдээс сэтгэгдлийг нь сонссоны дараа бариа засал, мөргөл залбирал, усан эмчилгээний өрөөгөөр орж сонирхлоо.

Энэ үеэр ”Манба Дацан” эмнэлгийн тасгийн эмч Н.Доржсүрэнтэй цөөн хором ярилцав.

-Бариа заслын эмчилгээний ач тус, үр дүнгийн талаар ярьж өгөөч?

-Бариа хийснээр өвдөлттэй газар бол өвчнийг нь намдаана, булчингийн чангарал байвал суллаж өгнө, хий, цусны эргэлтийг сайжруулна. Мөн манай эмнэлэгт хэрэглэж буй барианы тос нь янз бүрийн ургамлын найрлага бүхий эмчилгээний зориулалттай байдаг. Мөн бид бариа хийхдээ тухайн хүний бие махбод дахь эмгэг өөрчлөлтийг харгалзан төөнүүр, жин, бумба, зүү эмчилгээг хавсарч хийдгээрээ онцлог.

-Төөнүүр, бумба, зүү эмчилгээний талаар тодруулахгүй юу?

Төөнүүр эмчилгээ нь хий, бадганы бэлгэ чанар голлосон өвчинд хийдэг. Хийн бэлгэ чанарыг тэнцвэржүүлэхэд янз бүрийн тос, ургамал, эмт бодисуудыг ашигладаг. Харин бадганы бэлгэ чанарыг тэнцвэржүүлэхэд давс, шороо, эрдсийн гаралтай түүхий эдийг ашиглана гээд янз бүр байдаг.  Эдгээр төөнүүрийг хэрэглэхдээ цул, сав эрхтэний сонгомол бэлчрүүдэд төөнөж эмчилдэг.

-Та сая хий, шар, бадган гэж ярилаа. Энэ тухай манай уншигчдад товчхон ойлголт өгнө үү?

- Хий, шар, бадган гэдэг нь хүний бие махбодыг буюу долоон тамир, гурван хирийн тунгалаг цөвийн боловсролт болон бие, хэл, сэтгэлийн бүхий л үйл ажиллагааг зохицуулах үүргийг гүйцэтгэдэг. Хэрэв хий, шар, бадганы бэлгэ чанарууд тэнцвэртэй байвал бие махбод эрүүл оршино гэж үздэг. Харин тэнцвэрээ алдаж ихсэж, багасвал хүний биед эмгэг өөрчлөлт ордог.

-Энэ гурвын аль нэг нь илүүдэх эсвэл дутуудаж байгааг мэдэх анхан шатны илрэлийг яаж мэдэх үү?

- Үүнийг хүний биед илэрч байгаа эмгэг, хэвийн бус өөрчлөлтүүдээр нь л таниж оношилно. Хий, шар, бадган голлон оршдог эрхтнүүд гэж байна. Жишээ нь хийн бэлгэ чанар хямарвал яс, чих, арьс, зүрх, олгой зэрэг эрхтнүүдэд эмгэг өөрчлөлтүүд илэрнэ. Сэтгэл тавгүйтэх, айх, биеийн аль нэг хэсэгт өвдөх, бадайрах, чинэрэх, загатнах, улайх, хавдах гэх мэт янз бүрийн зовиурууд илэрнэ.

-Хий, шар, бадганаа тэнцвэртэй байлгахын тулд яах ёстой вэ?

- Өвчнөөс урьдчилан сэргийлэх бүхий арга хэмжээг авах хэрэгтэй. Зөв хооллох, унтах цагтаа сайтар амрах, улиралдаа тохируулж хувцаслах, нийгмийн харилцаанд зөв оролцох гээд амьдралын зан үйл, хэвшил нь зөв зүйтэй байх хэрэгтэй юм.

-Уламжлалт анагаах ухаанаар шар тосыг эмчилгээнд их сайн гэж үздэг юм билээ. Энэ талаар ?

- “Шар тос”-ыг тосны хаан гэж болно. Хийн бэлгэ чанарыг тэнцвэржүүлнэ, мэдрэхүйн таван эрхтний үйл ажиллагааг сайжруулна, насыг уртасгана, ой тогтоолтыг сайжруулна гээд тус эрдэм ихтэй.  Идэх, түрхэх, халааж жигнэх гээд янз бүрийн аргаар хэрэглэж болно. Чих шуугилаа гэхэд чихнийхээ ойролцоо түрхэх, бас өглөөд нэг халбага шар тос идэх ч гэдэг юмуу. Гэхдээ сайн гээд хэмжээнээс нь хэтэртэл ихээр хэрэглэж болохгүйг анхаарах хэрэгтэй. Зарим хүмүүс сайн гэхээр нь хэтрүүлэх гээд байдаг тал байдаг.

Ясны шөлөнд орж ядаргаагаа тайлах боломжтой

“Манба Дацан” эмнэлгийн эмчилгээнүүд дотроос хамгийн их олны таашаал, талархлыг хүлээдэг эмчилгээ бол усан эмчилгээ. Ингээд “Усан эмчилгээ”-ний хэсэг рүү орлоо. Биднийг тус эмчилгээний сувилагч С.Пүрэвдорж угтаж авлаа.

Тэрбээр “ Манай усан эмчилгээ хоёр төрөлтэй.

Нэгдүгээрт  Таван төрлийн рашаан- Энэ нь Манба Дацан эмнэлгийн эмийн үйлдвэрээс гаргаж байгаа рашаан юм. Үйлчилгээний тухайд, бие махбодийг шимжүүлнэ, бодисын солилцоог сайжруулна, хий цусны гүйдлийг нэмэгдүүлнэ, татаж хөшсөнийг тавиулна, тайшруулна, тунгалаг цөвийн ялгаралтыг нэмэгдүүлнэ, хий, цус тунгалгын эргэлтийг сайжруулснаар царай зүсийг өнгөлөг толигор болгоно.

Хоёрдугаарт, Ясны шөлний эмчилгээ. Үйлчилгээний тухайд ясны үений хийг хөөнө, сарнисан хийг дарна. Хонины ясны шимтэй ясны шөл нь бие махбодийг шимжүүлж, бодисын солилцоог сайжруулна, бие махбодийг тэгшитгэнэ, ясыг шимжүүлнэ, үс, хумсыг бэхжүүлнэ” хэмээн тайлбарласан юм.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Манба Дацан эмнэлэгт эмчлүүлэгсэд бие, сэтгэлээ хамтад нь эмчлүүлдэг...

Үргэлжлэл бий...

Дараагийн хэсэгт "Бусдад туслахуй"-г эрхэм болгосон  анагаах ухааны “Манба Дацан” хийдээр аялах болно...

Bayarbaatar Tsedenbal-н зураг.

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.60) 2018 оны 05 сарын 29

aimhai hund argal hodolno

0  |  0
od tuya(59.153.113.220) 2018 оны 05 сарын 29

Haana baidag emneleg we.vne hed we.

0  |  0
Top