Хачигт хазуулсан охин хоёр жилийн амьдралаа мартжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 29

 Австралийн Сидней хотын оршин суугч 14 настай Даника Макдугалл нохойтойгоо зугаалж яваад хачигт хазуулжээ. Хэд хоногийн дараа хачиг хазсан газарт нь том толбо бий болсон байна. Охин их ядарч, толгой нь өвдөх болжээ.

Охинд Лаймын өвчин тусч, саажилттай болж, цаашлаад нас барах эрсдэлтэй байжээ. Уг өвчнийг эмчлэхэд бэрх юм. “Лаймын өвчин гэж байдаггүй тив” гэгддэг Австралийн эмч нар охины нурууны хачигт хазуулсан хэсэгт үл мэдэгдэх вирус тархсан гэж үзэж эмчилсэн байна. Гэвч байдал дордож, Даникагийн тархи саажилттай болж, өөрөө хөдөлж чадахаа больжээ.

Эцэг эх нь охиноо Кипрт аваачиж үнэтэй эмчилгээ хийлгэснээр Даника явж чаддаг болсон байна. Гэхдээ л маш ихээр ядарч сульдсан хэвээрээ байгаа аж. Охин сүүлийн хоёр жилд түүний амьдралд юу болсныг бүрэн мартсан байна. “Би нохойгоо аваад зугаалж явтал нуруун дээр хачиг хазсаныг л санаж байна. Дараа нь юу болсныг санадаггүй. Би 14 настай гэж бодож байтал 17 хүрчихсэн байгаа нь яг л үлгэрийн мэт санагдаж байна” гэж Даника ярьжээ. Охины ухаан санаа нь эргэж ирсэн ч буцаад алга болж байгаа учир эмчилгээ их хэрэгтэй байгааг ээж нь ярьсан байна. Тэрбээр Австралийн Засгийн газар Лаймын өвчин гэх зүйл байдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь иргэдийнхээ эмчилгээнд мөнгө зарцуулахаас зугатаж байгаа хэрэг гэж буруутгажээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top