Хойд Солонгос саяхан Пхунгери дахь цөмийн болон бусад зэвсгийн туршилтын газраа буулгаж байгаа нь хиймэл дагуулын зургуудаас ажиглагдсан. Тэгвэл АНУ-ын Тагнуулын төв газар “Хойд Солонгос цөмийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгахыг хүсэхгүй байна” гэсэн дүгнэлтийг танилцуулжээ. ТТГ энэхүү дүгнэлтээ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаа цуцлахаас өмнө Америкийн засаг захиргааны өндөр албан тушаалтнуудад тараасан байна. Энэ дүгнэлт нь АНУ-ын бусад тусгай албаны судалгаа шинжилгээтэй яг таарч байгаа аж.
Дүгнэлтийг танилцуулсан мэргэжилтнүүд хэлэхдээ “Ким Жон Ун цөмийн зэвсгийн нөөцөө ойрын хугацаанд устгах бодолгүй байгаа. Гэхдээ Хойд Солонгосын дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын компаниудын оролцоог зөвшөөрөх зэргээр буулт хийх төлөвтэй байна” гэжээ.
Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахаас эцэслэн татгалзаагүй байгаа талаар Цагаан Ордоноос мэдээлж байгаа билээ. Ирэх сарын 12-нд Сингапурт болох тэдний уулзалтын бэлтгэл ажлыг хийхээр АНУ-ын төлөөлөгчид Сингапурт очоод байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )