Ирэх сарын 2, 3-нд “ULAANBAATAR TRAVEL EXPO” үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх зургаадугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Гэрэлтөв, Хоромхон хөлбөмбөгийн клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх нар мэдээлэл хийв.

Дотоодын жуулчид шинэ газраар аялан зугаалж үзэсгэлэнт байгаль, ховор амьтдыг орчинд нь харж, цоо шинэ мэдрэмж, туршлага, онцгой дурсамжийг олж авахыг эрмэлздэг билээ. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа иргэдэд “ULAANBAATAR TRAVEL EXPO” аялал жуулчлалын үзэсгэлэнгээр зочлохыг санал болгож байна.

Үзэсгэлэнд аймгуудын аялал жуулчлалын газрууд, Горхи Тэрэлж болон Богдхан уулын ТХГ, Монгол Улсад суугаа гадаадын ЭСЯ, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, БНСУ-ын “KTO Улаанбаатар” төлөөлөгчийн газар, Тайванийн төлөөлөгчийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны төрийн болон аялал жуулчлалын байгууллагууд, сувилал амралтын газрууд, музей үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компаниуд оролцоно.

Арга хэмжээний үеэр “Ulaanbaatar travel cup” хөл бөмбөгийн тэмцээн болон аяллын сургалт, лекц семинарт оролцон Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн үндэсний урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулсан гайхамшигт тоглолтыг сонирхох боломжтой.  

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоотой хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр тус үзэсгэлэнг дөрөв дөх жилдээ ирэх сарын 2,3-ны амралтын өдрүүдэд “Цайны замаар аялахуй” гэсэн уриан доор Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд зохион байгуулна.

“ULAANBAATAR TRAVEL EXPO”-д хүрэлцэн ирснээр аялал жуулчлалтай холбогдолтой бүх төрлийн үйлчилгээний мэдээллийг нэг дороос авч болох ба үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдах аялал жуулчлалын шинэ тренд болж буй аяллын маршрутууд таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page