Монголын Дорнодод, Хятадын Хайлаарт малчин байх.....

2018 оны 06 сарын 04

Мэдээллийн төөрөгдөл үү, эсвэл дэмийрэл үү. Сонирхолтой хачирхалтай мэдээлэл тэнүүчлэх болоод удлаа. Энэ тухайд хойш дурдвал:

Дорнодын тал хятад малчдаар дүүрлээ хэмээн хараан шүүмжлэх болжээ. Эдийн засгаар дэлхийд тэргүүлэгч хятад иргэдээр малаа маллуулж байгаа монголчуудыг юунд шүүмжлэх ёстой гэж. Нөгөө талаар монголчууд баян тарган байгаа учраас нутгийнхаа “мянгат”-уудын үнэ хөлсийг голоод малыг нь маллахгүй байгаа хэрэг биз гэж бодохоос өөр аргагүй. Хятадууд хилийн дээс алхан хүний нутагт мал маллахаар ирж байна гэхийг бодоход чамгүй үнэ хөлс өгдөг болоод тэр байх. Тэгээд ч харийн иргэдээр малаа маллуулахгүй гэсэн хуулийн зохицуулалт лав үгүй юм байна.

Гэтэл БНХАУ-ын Хайлаарт монголчууд хямд хөлсөөр мал маллаж байгаад ирж байгаа тухай харамсангуй шүүмж ч бас дөрөө харшуулан тэнүүчлэх  болов. Монголын талаас Хайлаарт очиж байгаа малчид нь гол төлөв Дорнод аймгийн харъяат хэмээн дурдажээ. Тэгвэл мэдээжийн хэрэг, Дорнодын “мянгатууд”-ын цалин хөлсийг голсон учраас л хүний нутагт мал дагахаар явж байна гэсэн ойлголт юу юуны өмнө санаанд бууж таарна. Мөнхүү монголчуудыг гадагшаа явж мал маллаж болохгүй гэсэн хуулийн зүйл заалт алга.

Ямартай ч албан байгууллагын хурган дарга нар шиг Монгол Улсын Дорнод аймгийн малчид, Хятад улсын Хайлаарын малчид дундаа туршлага солилцохоор зөрөлдөн явдаггүй л болов уу. Үүнд ямар учир шалтгаан байна вэ. “Хүн дэргэдээ байгаа бурхнаа таньдаггүй” гэсэн үг байдагчлан мал маллах сонирхолтой хүмүүс маань Дорноддоо байгаа “мянгат”-уудаа тоодоггүй хэрэг үү.

Саяхан “Мянгат малчдын холбоо”-ноос 10 мянган малчин авна, хүүхдүүдийг чинь төлбөрийг нь төлөөд сургуульд сургаад өгье гээд хэвлэлийн хурал зарлаж байсан. Энэ нь ганц удаагийнх ч бус хэдэн жилийн өмнөөс олон малтай малчид маань сэтгэлтэй найдвартай малчин сурагласаар байдаг билээ. Гэтэл нэг сарын хэдхэн төгрөгийн төлөө хилийн чанад очиж мал маллаж байгааг юу гэж ойлгох вэ.

Манай улс тэр тусмаа мал аж ахуй эрхэлдэг улс орон. Малыг гаршуулан тэжээсэн цагаас хойш энэ эрдэмд нэвтэрсэн гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тэр тусмаа нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа цор ганц орон бол Монгол Улс. Гэтэл малч удмын залуус маань яагаад хилийн чанад мал маллахаар явж байгааг олон хүн гайхаж байна.

Хэрвээ дээрх мэдээллүүд нь үнэн бодит бол гайхах хэрэггүй. Хүн гэдэг амьтан хүсэл сонирхолтой газраа ажиллаж амьдрахаар тэмүүлдэг ёсон бий. Үүнийг бид Дорнодын тал хятад малчдаар дүүрлээ гэх мэтээр хараан зүхэх хэрэггүй. Монголчууд хилийн дээс алхаж мал маллаж байна ч гэж шүүмжлэх хэрэггүй. Энэ бол хүний эрхийн асуудал. Өнөөдөр дэлхийн улс орнуудад 100 гаруй мянган монгол хүн ажиллаж амьдарч байна. Тэд улс орон, ахан дүүсээсээ зугтаагүй, амьдрахын эрх дагаад л явж буй хэрэг. Хилийн чанад ажиллаж амьдарч буй монголчуудын цалин хөлс ямар нэгэн хэлбэрээр Монгол Улсад ирж эргэлдэж буй. Хүүхдийн сургалтын төлбөрөөс эхлээд орон сууц гэх мэт зүйлд орж буй мөнгө. Ерөөсөө хилийн чанад явж буй зорилго нь энэ. Ах дүү амраг садандаа гээд олон салаа замаар энэ мөнгө манай улс руу орж ирдгийг бид мэднэ. Тэд Монгол Улсад хэтдээ ая тухтай амьдрах гэж харьд хөлсөө асгадаг.

Тэгэхээр өнөөдөр малч удмын залуус маань хилийн чанад ч ийм л зорилгоор мал дагахаар явж буй. Түүнээс хятад угсаанд нэг сайн малчин болж тодрох гээд байгаа хэрэг огт биш. Өнөөдөр зөвхөн Дорнод аймагт ч бус Өмнөговь аймагт ч хятад малчин байдаг тухай мэдээлэл бий. Үүнд гайхах хэрэггүй.  

Н.Баатар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.184.98) 2018 оны 06 сарын 04

zaluyychuudaa gadaadad eksportlood teriigee ajilgyidel buur laa geed bgaa uls iig yu geheer ve taminee .Am ajil ne ald delem zeruutei

0  |  0
mongol(27.123.212.142) 2018 оны 06 сарын 04

Ehleed muljlugiin tsaling boliulah heregtei. Mongoldoo ajillaj bui mongol hun gadaaduudaas undur tsalin avdag baih yostoi.

0  |  0
зочин(64.119.19.146) 2018 оны 06 сарын 04

Байхгүй юмыг байгаа болгож бичээд элдэв юм хэлэх хэрггүй л дээ.Хятадаас монголд ирж малчин болох нь юу л бол харин монголчууд хятадруу гараад мал маллаад эцэст нь мөнгөө авч чадалгүй буцдаг гэсэн шүү

0  |  0
Гана(203.91.115.45) 2018 оны 06 сарын 04

Хойт хөршийн Тункен аймгийн Кырен тосгонд Буриадуудын мал маллаж сард 400-500 мян төгрөгийн цалин авдаг монголчууд цөөнгүй бий.Ихэвчлэн Хөвсгөлийн Ханх тосгоны иргэд байдаг.Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ны Ордос, Хөх хотод очин оёдол болон жолоочийн ажил хийдэг монголчууд олон болсон.Тэд сард 2 сая орчим төгрөгийн цалин авдаг бололтой юм билээ.Энэ бүхэн нэг их гайхаад хараагаад,бачимдаад байх зүйл биш л дээ.Монгол улс ядуу байна.Энэ улс орныг удирдаж байгаа улс төр-бизнесийн бүлэглэлийн тэмцэл, авилгал,луйвар булхай,улс орноо уралдан уралдан тонож байгаагаас ард иргэд маань туйлдаж гүйцээд байна.

0  |  0
зочин (202.179.26.235) 2018 оны 06 сарын 04

бид цалингийхаа системийг өөрчлөхгүй бол бүх ажиллах хүчээ гадагшаа алдаад дууслаа

0  |  0
Top