ШХАБ-д элсэх нь Монголд хэр зохистой вэ...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д Монгол улс элсэх гэнэ хэмээх сураг яриа сүүлийн өдрүүдэд нийгэмд бухимдал, талцал үүсгээд байгаа. Уг нь яг ч элсэнэ гээд хэлчихээгүй, төвийг сахих ажиглагчийн статустай байгаагаа шат ахиулна гэж эрхэм Ерөнхийлөгч ярьсан. Түүний энэ санааг У.Хүрэлсүхийн Засгийн газар дэмжих бодлоготой байгаа тухай кабинетийн зарим гишүүд дуугарсан нь ШХАБ-д элсэх нь гэх болгоомжлолыг олон нийтийн дунд  төрүүлээд байна.

ШХАБ гэж юу вэ? Анх ямар зорилготой үүссэн байгууллага юм бол?

Анх 1996 онд ОХУ, БНХАУ, Тажик, Киргиз, Казахстан гэсэн таван улс  өөр хоорондын хилийн асуудлыг зохицуулах, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх зорилготой “Шанхайн 5” нэртэйгээр энэ байгууллагын  суурийг тавьж байжээ. Дараа нь 2001 онд Узбек улс энэ тав дээр нэмэгдсэнээр тус байгууллагын хамрах хүрээ өргөжин, өөрийн гэсэн эрхзүйн баримт бичгүүдээ гаргасан байна.


Энэ байгууллагад Энэтхэг, Пакистан улс элсэн орсон нь түүний нэр хүндийг дэлхий дахинд өсгөж байгаа. Тус байгууллагад Монгол, Афганистан, Беларусь, Иран гээд ажиглагч дөрвөн улсаас гадна яриа хэлэлцээний  түншлэл маягаар Азербайжан, Армян, Камбож, Балба, Турк, Шри Ланк гэсэн зургаан улс байдаг.

Монгол улс ажиглагчийн статусаа дээшлүүлэн энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн нь болох уу, үгүй юу гэдэг асуудал нь манай гадаад бодлогын тулгуур зарчмын нэг болсон “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хувь заяаны асуудалтай шууд холбоотой талаар манай зарим ахмад дипломатчид өгүүлж байна. Бид хичнээн олон оронтой сайн харилцаатай байх тусмаа манай улсын бие даасан байдал улам баттай хадгалагдан үлдэх магадлалтай юм.

Ингээд зарим нэгэн туршлагатай шинжээч, дипломатчийн Монгол улс ШХАБ-д элсэн орох нь зүйтэй эсэх талаарх үзэл бодлыг сонирхуулъя.

ШХАБ-д элсэн орох нь зүйтэй хэмээн дэмжиж буй төлөөлөл / Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэчулуун/:


“Би  аль ноднингоос эхлээд өөрийн санаа бодлоо  хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж ирсэн. Би ШХАБ-д Монгол Улс  гишүүнээр элсэх нь зүйтэй гэж хэлээд явж байгаа.  Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улс хамгийн түрүүнд өөрийн геополитикийнхоо орчныг бодитойгоор харах хэрэгтэй. Бид далайд гарцгүй. Дэлхийн хамгийн том хоёр улсын дунд хавчигдмал байдалд байгаагаа  бодитоор хараад, эндээс хөгжлийн гарцаа олох хэрэгтэй. Хаяа дэрлэсэн Орос, Хятадтай сайн хөршийн харилцаагүйгээр Монгол хөгжиж яавч ч чадахгүй.

ШХАБ хаалттай байгууллага биш гэдгээ зарлачихсан шүү дээ. Хэрвээ хаалттай байгууллага байсан бол энд яагаад эвсэлд нэгдээгүй Энэтхэг,Пакистан хоёр бүрэн эрхт гишүүнээр орчихдог билээ гээд бодоод үз. ШХАБ-д ажиглагч болохоор   Бангладеш, Сири, Египет, Израиль,Малдив,Украин,Ирак, Вьетнам, Бахрейн,Катар зэрэг  улс хүсэлтээ гаргасан байдаг. Хэрвээ хаалттай байсан бол эдгээр улс хүсэлт гаргах уу?  Монгол Улс ШХАБ-д элссэнээр  гуравдагч хөршөөсөө салах  бол бид  элсэх шаардлагагүй,ямар ч талаар ашиггүй биз дээ. 2011 онд батлагдсан манай Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн тухай тодорхой заалт тусгагдсан байгаа шүү дээ. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал бол хууль. Тиймээс энэ хуульд харшлахаар бол элсч болохгүй л дээ. ШХАБ-д элслээ гээд бусад ертөнц хаагддаг юм бол дэлхий ертөнцтэй асар өргөн худалдааны харилцаатай Энэтхэг элсэх  байсан уу?  АНУ, баруун Европ, Ази гээд дэлхийн 100 гаруй улстай харилцдаг улс шүү дээ...” /gereg.mn-д өгсөн ярилцлагаас/

ШХАБ-д элсэх нь тохиромжтой бус хэмээн үзэж буй төлөөлөл / АН-ын гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, дипломатч Ц.Сүхбаатар:


“ХХ зууны явцад Монгол Улсын олж авсан туршлага бол хоёр хөрштэйгээ найрсаг сайн, тэнцүү харилцаатай байх нь туйлын зөв гэсэн туршлага.  Нөгөө нэг том туршлага бол хоёр хөршөөсөө гадна гуравдагч орнуудтай ойр дотно харилцаатай байх явдал. Өөрөөр хэлбэл, хоёр хөрштэйгөө сайн бөгөөд тэнцвэртэй харилцах, гуравдагч орнуудтай өргөн харилцаатай байх, ямар ч тохиолдолд аль нэг талыг нь барихгүй байх гэсэн гадаад бодлогын тулгын гурван чулуу шиг зарчмыг тунхаглан зарласан шүү дээ. Энэ нь түүхэн сургамжаараа нотлогдсон зарчим. Барууны өндөр хөгжилтэй орнуудаас хөндийрөх биш ойр харилцаанд байж тусгаар тогтносон байдлаа авч явах нь зүйтэй юм аа гэсэн гол санаа. Ингээд Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Батлан хамгаалах үзэл баримтлалдаа гүн бат шигтгэж өгсөн. Энэ чинь Монгол улсаа авч явах гол номлолууддаа суулгасан гэсэн үг. Олон арван жилээр алсын ирээдүйгээ харж хийсэн зарчмын баримт бичиг. Гуравдагч хөршийн бодлого бол манай их зохиолч Д.Нацагдоржийн зөгнөн бичсэн “Хуучин хүү” өгүүллэгт гардаг шиг шинэ эринтэйгээ зэрэгцэн амьдарцгаая гэсэн хэрэг. Тэр өгүүллэгт Монгол улс хөмөрсөн тогоонд байгаа юм шиг биш “Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв” гэдэг шүү дээ. Энэ 100 жилийн өмнө байсан зарчмын чухал асуудал өнөөдөр амин чухал хэвээрээ л байна. Хоёр хөрштэйгээ сайхан харилцаанд байхын зэрэгцээ бусад улс гүрнүүдтэй үүн шигээ эрх тэгш харилцаж явья. Ингэж байж бид хоёр хөршийнхөө дундаас цөөн хүн амтай хэдий ч товойж харагдана гэсэн санаа юм.   Миний байр суурь бол нэгэнт тогтсон үзэл баримтлалдаа тууштай үнэнч байх нь зүйтэй гэж үзэж байна. Зарчимдаа үнэнч байна гэдэг гадаад бодлогын том үнэлэмж шүү. Улааныг харж урваж, шарыг харж шарваж байна уу гэдгийг хүн хоорондын харилцаа шиг бусад орнууд Монгол Улсыг хараад дүгнэж л байгаа шүү дээ. Тийм учраас нэгэнт гадаад бодлогын үзэл баримтлалаараа олон улсад тунхаглачихсан төвийг сахисан маягийн байр суурин дээрээ баттай ноттой байх нь бидний хэн болохыг бас үзүүлнэ л дээ. Бид цэргийн болон улс төрийн аливаа эвсэлд орохгүй ээ, гаднын цэргийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулахгүй, нутаг дэвсгэр дээгүүрээ дамжуулан өнгөрүүлэхгүй ээ гээд тов тодорхой заачихсан байгаа...” / “Open door” сонинд өгсөн ярилцлагаас/

Монголын Геополитикийн Хүрээлэнгийн захирал, Элчин сайд, доктор Ж.Чойнхор:

Ямартай ч, Монгол улс ШХАБ-д элсэх нь зөв үү, үгүй юу гэдэг тал дээр мэргэжлийн гэж хэлж болохоор зарим эрхмүүд иймэрхүү санал бодолтой байна. Тэдний хэлж ярьсан зүйлсийг авах гээхийн ухаанаар тунгаан шүүгээд, манай оронд алс хэтдээ аль нь ашигтай вэ гэдэг талаас нь шийдвэр гаргах түвшний эрх баригчид маань бодолцох биз ээ. НАЙМААЛЦАЖ БОЛДОГГҮЙ ЭРХ АШИГ ГЭЖ БАЙДАГ...

Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Novsh(202.131.229.34) 2018 оны 06 сарын 06

Btlaga bidniig hujaa bolgohoor shiidej

0  |  0
Zochin(86.16.255.77) 2018 оны 06 сарын 06

Oroogui n deer sh dee, oros ah nar geed guigeed bsan, orosuud uuriinhuu neg dagavar hot bolgoh sanaa n butelguitsen, hujaa nar odoo mongoloor duurlee, altan dundajaa barisan n deer dee

0  |  0
сооо(203.91.115.45) 2018 оны 06 сарын 06

ШХАБ-д элсэх нь зөв. америк английн бөгсийг долоогоод юу ч үгүй хоосон хоцорлоо. тарвагадоржоор дамжуулж Монголыг хошгируулаад 28 жил болж. утаа ядуурал боолчлол цагаачлал замаа алдлаа.

0  |  0
Зочин63(122.201.24.161) 2018 оны 06 сарын 05

TSERGIIN EVSELEES GARSAN GARAAGUI GEED MARGAAD BAIDG ODOOHONDOO HEREGGUI

0  |  0
Album(66.181.182.237) 2018 оны 06 сарын 05

Газрын онцлог, том гүрнүүдийн геополитик, хүн ам зэргээс болоод суга царайлаад барууныг ч дагаж чаддаггүй, 2 хөршөө ч дагаж чаддаггүй, хөгжил бол дахиад хэдэн арван жилээр ухарваа, хөөрхий. Одоо тэгээд ардчилал нэрээр 28 жил 2 хөршөө төдийгүй барууныг хүссэн үедээ муулдаг схемийнхээ дагуу сажлаад байж дээ. Ингэж л нэг мэдээ алдаж тайван амьдрах юм даа...

0  |  0
Top