Зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулахыг дэмжлээ

2018 оны 06 сарын 05

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 11 цаг 21 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 


Тогтоолын төсөлд “Бүх салбарт мөрдөгдөж байгаа зардлын норм, норматив, стандартыг валютын ханш, зах зээл дэх бараа, ажил үйлчилгээний үнийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийг үндэслэн шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газрын тэргүүнд даалгахаар тусгажээ. 

Ажлын хэсгийн зүгээс тогтоолын төслийн хоёрдугаар заалт буюу “Монгол Улсын 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн баталсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зарчмыг мөрдлөг болгох” гэснийг татаж авлаа.  

Иймд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан "Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.  


Хуралдааны төгсгөлд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттайгаар хийлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.161) 2018 оны 06 сарын 05

erdemted

0  |  0
Top