Алдартай сиамын ихрүүд таалал төгсчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

Танзанийн алдартай сиамын ихрүүд болох 21 настай  Мария, Консолата Мвакикути (Maria and Consolata Mwakikuti) нар энэ сарын 2-нд нас барсан байна. Тэд цээжнээс доошоо холбогдсон бөгөөд зүрх, нуруу, гар, толгой нь тусдаа, харин дундаа нэг элэг, уушгитай байжээ.

Сиамын ихрүүдийн эцэг эх тэднийг бүр багад нас барсан тул “Мария Консолата” хэмээх католик шашны байгууллага охидыг өсгөн хүмүүжүүлсэн байна. Тиймээс ч гэгээн ивээн тэтгэгчийн нэрийг охид авсан аж.


Танзани улс бол тахир дутуу хүмүүсийн хувьд таагүй орон хэдий ч Мария, Консолата нар улс орондоо хөгжил дэвшил авчрахыг мөрөөддөг байсан гэнэ.

Тэд өнгөрсөн жил дунд сургуулиа төгсөөд, Иринге хот дахь Руаха католик их сургуульд элсэн оржээ. Тэдний сургалтын төлбөрийг орон нутгийн эрх баригчид болон хүмүүнлэгийн байгууллагууд төлдөг байжээ. Охид түүх, англи хэлний багш болохыг зорьж байсан аж.


Сиамын ихэр бүсгүйчүүд хагас жилийн өмнө эрүүл мэндийн асуудлын улмаас эмнэлэгт хэвтэж байсан боловч төдийлөн тусыг ололгүй зүрхний шигдээс өвчнөөр таалал төгссөн байна.


"Мария, Консолата ихрүүд таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна. Хамгийн сүүлд намайг тэдэн дээр очиж уулзах үед ихрүүд улс үндэстнийхээ төлөө залбирч байсан" хэмээн Танзанийн Ерөнхийлөгч өөрийн твиттер хуудаснаа нийтэлжээ.


Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top