ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов

2018 оны 06 сарын 06

 

Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 30 минутад эхэлж дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо. Хуралдаанаар эхлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг сонсов. Мэдээллийн эхэнд 2011 оноос хойших эдийн засгийн нөхцөл байдлын талаар дурдаад 2015-2017 оны эдийн засгийн хүндрэлээс үлдсэн хэд хэдэн сургамжийг онцолсон. Жижиг, түүхий эдээс өндөр хамааралтай эдийн засгийн бүтэцтэй манай улсын хувь санхүүгийн нөөцийн бодит чадавхиас нь давсан, хэт тэлсэн байдлаар макро бодлогыг хэрэгжүүлэх нь урт хугацаандаа тогтворгүй байдлыг бий болгодог. Хувийн болон улсын секторын санхүүгийн чадавхийг эрсдэл даахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ дотоод, гадаад санхүүгийн чадавхийг давхар харгалзах, Төв банкны хараат бус байдлыг хадгалах гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцууллаа. 

    Монгол Улсын макро эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсээд байсан хүндрэлийг гадаад нөхцөл, хөрөнгө оруулагч, олон улсын санхүүгийн байгууллага, оновчтой бодлогын арга хэмжээгээр харьцангуй богино хугацаанд даван туулж улмаар эдийн засаг сэргэлтийн төлөвт шилжээд байна гэв. Мөнгөний бодлогын хүрээнд төсвийн шинжтэй хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох, зах зээлийн бус хямд эх үүсвэрээр банк, аж ахуйн нэгжүүдэд их хэмжээний мөнгө нийлүүлэх, төгрөгийн ханш сулрах дарамтыг өдөөхүйц арга хэмжээг хязгаарлсан байна. Инфляцийг тогтворжуулах үндсэн зорилт, гадаад валютын нөөцийг хамгаалах, макро эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг чухалчилсан бодлогын шийдвэрүүд гаргажээ. Түүнчлэн улсын төсөв болон түүнтэй адилтгах олон төрлийн эх үүсвэрүүдийн санхүүжилтийг нэгтгэн, төсвийн алдагдал, улсын өрийг үе шаттайгаар зохистой түвшинд хүртэл бууруулах замаар дунд, урт хугацаанд төсөв, өрийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн төсвийн бодлогын шинэчлэлийн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл дурдлаа. ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ойрын гурван жилийн хугацаанд төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийн хомсдлыг шийдвэрлэхэд шаардлагатай 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц орж ирэх нөхцөл бүрдсэн байна. Оновчтой авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад валютын улсын нөөц 3 тэрбум ам.доллар болжээ. Түүнчлэн санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, банкуудын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, улмаар эдийн засгийн идэвхжилийг дэмжих зорилгоор банкуудыг дахин хөрөнгөжүүлэх, санхүүгийн чадамжийг сайжруулах, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд үргэлжлэн хийгдэж байгааг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав. 


    Макро бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн дээрх арга хэмжээний үр дүнд эдийн засгийн нөхцөл байдал тогтворжин, эдийн засгийн гадаад орчин харьцангуй таатай, гадаад болон дотоодын зах зээлд оролцогчдын итгэл сэргэн, бодит сектор, хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэмэгдэн, гадаад өрийн богино хугацааны дарамт буурч, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд алгуур сайжирч эхлээд байгаа аж. Эдийн засаг сэргэж байгаа хэдий ч цаашдын төлөв эмзэг байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулгынхаа үеэр тэмдэглэлээ. Экспортын үнэ, хэмжээнээс хамаарах эмзэг байдал нэмэгдэж байгаа, банк, санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй, банкны салбарын шинэчлэл, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийх ажил их байгааг тэрбээр онцлов. Эдийн засгийн дунд, урт хугацааны төлөвийг авч үзвэл 2020-2024 онд төлөх гадаад төлбөрүүдийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах шаардлагатай гэв. Тодруулбал, 10 жилийн хугацаатай 1 тэрбум ам.долларын “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан “Хуралдай”, “Гэрэгэ” бондууд болон БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн зээлийн эргэн төлөлт дээрх хугацаанд таарч байгаа юм байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусгавар болох юм байна. Өнөөгийн эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг голлон тэтгэж буй эдгээр хүчин зүйлс нэгэн зэрэг ийнхүү зогсох эрсдэлтэй байгаа учир макро бодлогын оновчтой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн бат бэх чадавх, валютын нөөцийн хүрэлцээт хуримтлалыг бий болгох нь чухал гэв. 

    Хүрсэн үр дүнг бататгах, макро эдийн засаг, банк санхүүгийн салбарын дунд урт хугацааны тогтвортой байдлыг бүрэн хангах, эдийн засгийн суурийг бэхжүүлэх чиглэлээр бодлого боловсруулагчдын зүгээс авч хэрэгжүүлэх цөөнгүй арга хэмжээ бий гэдгийг мөн танилцуулгад дурдсан юм. Төсвийн сахилга батыг сахиж, зардал нэмэхгүй байх, орлогын хуримтлал үүсгэн төсвийн алдагдал, улсын өрийн хэмжээг алгуур бууруулах замаар дунд, урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах шаардлага хэвээр байгаа гэв. Санхүүгийн нөөц, чадавхийг хуримтлуулах, банк санхүүгийн салбарын тогтолцоо, хяналт шалгалтыг бэхжүүлэх шаардлагатайг мөн дурдлаа. Мөн эдийн засгийн бүтцийг сайжруулж, төрөлжүүлэх стратегийг урт хугацааны туршид тууштай хэрэгжүүлэх, том төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнд шаардлагатай эх үүсвэрийг гадаад зах зээлээс бүрдүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав. 

Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг Байнгын хороонд сонсгох бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм. Тэрбээр ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нар ажиллажээ. Тус ажлын хэсэг Монголбанкны танилцуулга мэдээллийг сонсон, удирдлагын зөвлөл болон газар, хэлтсийн дарга нартай уулзахын зэрэгцээ Монголын банкуудын холбоо, Монголбанкны Хяналтын зөвлөлтэй тус тус уулзалт зохион байгуулжээ. Үүний үр дүнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг дэмжих замаар ажлын байр болон иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангаж ажиллах, Монголбанк-Засгийн газрын хамтын ажиллагааг сайжруулах, БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үр дүнд үүссэн өр, зээлийн үлдэгдлийг эдийн засагт дарамт учруулахгүй байдлаа шийдвэрлэх зэрэг саналыг тусгасан Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Түүнчлэн “Чиглэл өгөх тухай” тус тогтоолын төсөлд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэгж жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй түвшинд байлгах арга хэмжээ авах, УИХ-ын 2017 оны 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Үүний зэрэгцээ санхүүгийн салбарын эрсдлийг бууруулах арга хэмжээний хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийг бий болгох, валютын нөөц зохицуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төслүүдийг 2018 оны намрын ээлжит чуулганд багтаан УИХ-д өргөн мэдүүлэх, “Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчныг бүрдүүлэх талаар чиглэл өгөх тухай” Эдийн засгийн байнгын хорооны 2018 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахыг Монголдбанкинд чиглэл болгожээ. 


    Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээлэл, ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Дефолт зарлах эрсдэлтэй нөхцөлд тулаад байсан үед Монголбанк хангалттай сайн ажилласан гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан нар тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүрт хүргэх, эдийн засгийг тэлэх бодлогыг Төв банкнаас хэрэгжүүлэн аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих шаардлага бий гэдгийг хэлж байв. Ирээдүйд учирч болох эрсдлээс сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв хэдий ч өнөөдрийг орхигдуулж болохгүй, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бодлогын түвшинд дэмжих шаардлага бий гэдгийг сануулсан. Харин эдийн засгийн хөгжил бол циклээр үргэлжилдэг тул ирээдүйн нөхцлийг урьдчилан тооцож, эрсдлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хуримтлал үүсгэх чиглэлээр Монголбанк ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр илэрхийлээд цаашид Монголбанк, Сангийн яамны уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлага бий гэдгийг хэлсэн. БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн дүнд үүссэн өр, зээлийн асуудал болон иргэдийн хэрэглээний зээлийн өсөлтөд анхаарал хандуулж, бодлогын арга хэмжээг Засгийн газар, Монголбанк авч хэрэгжүүлж ажиллахад онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг онцолсон бол гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудын санхүүгийн гүйлгээг Монгол Улс дахь банк, санхүүгийн байгууллагаар дамжуулах асуудалд тал бүрээс анхаарал хандуулж, ажил хэрэг болгох саналыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд нар хэлж байв. Аливаа улс орны Төв банк нь Засгийн газар болон арилжааны банкуудтай л харилцдаг жишиг байдаг хэдий ч Монголын нөхцөл, онцлогт тохируулан тодорхой зохицуулалт хийх боломжийн талаар Н.Баяртсайхан ерөнхийлөгч хариулт өгсөн. Их хэмжээний валютын орлоготой зарим аж ахуйн нэгжийн дансыг Монголбанкин дээр байршуулах, үүний тулд хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай юм байна. Харин энэ талаарх зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг боловсруулаад хууль санаачлагчид хүргүүлээд байгаа гэв. 

    Монголбанк өнгөрсөн хугацаанд бодлогын хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа хэдий ч өнгөрсөн хугацаанд үүссэн шиг гадаад, дотоодын нөлөөлөлтэй эдийн засгийн хүндрэл үүсэхгүй гэх баталгаа байхгүй учраас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тайлбарласан. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолд гадаад валют, алтны нөөцийг үндэсний импортын нэг жилийн хэрэгцээг хангах хэмжээнээс багагүй байх ёстой талаар заасан байдаг бөгөөд өнөөгийн нөхцөлд 6-7 тэрбум ам.долларт хүргэх шаардлага бий гэдгийг хэлсэн юм. Гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсгээс Монгол Улсын гадаад өрийн дэлгэрэнгүй мэдээлэл, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт хүргэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, мөнгөний нийлүүлэлтийн нөхцөл байдал, иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт, түүнээс үүдэх эрсдлийн талаарх таамаг зэрэг асуудлуудаар мэдээлэл өгсөн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан олборлосон алтаа дотооддоо цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, алтны экспортыг зогсоох чиглэлээр санаачилгатай ажиллах, ингэж чадвал үндэсний аюулгүй байдалд болон нөөцийн аюулгүй байдалд стратегийн ач холбогдолтой гэдгийг онцолж, холбогдох тодруулгыг хийсэн юм. 

 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа мэдээллийг сонсох явцад гишүүдээс төсөлтэй холбоотойгоор гаргасан саналыг тусган “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр тогтоол батлагдлаа. 

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Одоо мөрдөгдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 24 жилийн өмнө батлагдсан байна. Энэ хугацаанд нийслэлийн нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн байдал, хүн амын тоо асар их өөрчлөгдсөн гэдгийг тэрбээр дурдав. Судалгаагаар нийслэлийн хүн амын тоо 1.5 саяд хүрсэн бөгөөд олон хүн амтай дэлхийн хотуудын жагсаалтын 400-д бичигдэж байгаа аж. Нийслэлд хөдөлмөрийн насны иргэд 981.256 амьдарч байгаа, улсын ДНБ-ий 65 орчим хувь нь нийслэлд үйлдвэрлэгдэж, нийслэлийн ДНБ-ий хэмжээ 15.7 их наяд төгрөгт хүрээд байгаа аж. Мөн Монгол Улсад бүртгэлтэй 145.080 аж ахуйн нэгжийн 72 хувь буюу 104.477 аж ахуйн нэгж нийслэлд бүртгэлтэй байдаг аж. Улаанбаатар хот бол есөн дүүрэг, 152 хороотой. Хотын төвлөрөл их, хүн амын огцом өсөлттэй уялдуулан дээрх хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн бөгөөд нийслэлийн хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, аж үйлдвэр, аялал жуулчлалын олон улсад өрсөлдөх чадвартай, нээлттэй, иргэд олон нийтийн оролцоонд тулгуурлсан сайн засаглал бүхий томоохон хот болгох зорилтыг дэвшүүлээд байгаа юм байна.

    Хүн амын огцом өсөлтөөс үүдэн хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд зохион байгуулалтгүй суурьшлын бүс олноор бий болж, нийслэл төлөвлөлтгүй өргөжин тэлж байгаа нь гэмт хэргийн эрсдэл, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байгааг дурдав. Түүнчлэн соёл, боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээ гээд хүн ам зүйн бүхий л харилцаанд хүндрэл үүсгэж байгаа учир төрөөс оновчтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлага үүссэн болохыг ЗГХЭГ-ын дарга танилцуулагадаа дурдсан. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Ганбаатар, Б.Баттөмөр, Т.Аюурсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Улсын хэмжээнд бүртгэлтэй нийт автомашины 75 орчим хувь нь нийслэлд замын хөдөлгөөнд оролцдог, тэдгээрийн 80 орчим хувь нь Бага тойруу, Их тойруу орчмын авто замаар зорчдог талаарх мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гишүүдэд танилцууллаа. Дээрх байршилд нэг өдөр хөдөлгөөнд оролцож буй 300-400 мянган автомашины хөдөлгөөнийг зохицуулах нь Замын цагдаагийн газарт амаргүй байдаг. Иймд хотын авто замын төлөвлөлт, стандартыг тодорхойлох нь зүйтэй хэмээн үзэж төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Улсын хэмжээнд авто зам барих стандарт нэг байгаа учир ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, дугуйн зам гэх мэт нийслэлийн авто замын шаардлага, онцлогийн талаар тусгайлан томъёолж, төсөлд тусгасан байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн 5, 6 дугаар бүлгүүдэд нийслэлийн авто зам, тээвэртэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан бөгөөд энд хурдны зам, төлбөртэй зам, автотээврийн терминал зэрэг ойлголтуудыг томъёолсон байгааг тэрбээр тайлбарласан. Нийслэлийн эрх зүйн байдал нь үүсээд буй олон асуудлыг шалтгаан бөгөөд хуулийн төсөл батлагдан, хууль хэрэгжих өдрөөс эхлээн тэдгээрийг засах, сайжруулах, шийдвэрлэх ажлууд эхэлнэ гэв.

    Нийслэлийн авто замын засвар арчилгааны асуудлаар тодруулсан Б.Баттөмөр гишүүний асуултад тэрбээр хариулт өгсөн. Дэлхийн улс орнууд авто замын арчилгаа, засварын зардлаа хураамжаараа нөхдөг жишиг бий, нийслэлийн авто зам ашигласны хураамж одоо 38 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүгээр засвар, арчилгаа, бүтээн байгуулалтаа бололцоогоороо шийддэг гэдгийг Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. Иргэдэд чанартай авто замаар зорчих нөхцөл бүрдүүлэхийн тулд зайлшгүй төлбөртэй авто замын дэд бүтцийг нэвтрүүлэх шаардлага байгааг тэрбээр дурдаж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг хүргэхийн тулд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чиглэлээр парк шинэчлэл, авто замын бүтээн байгуулалтууддаа анхаарч байгаа гэв. Төслийн хэлэлцүүлгийн явцад олон нийтийн анхаарлыг татахуйц байдлаар хөндөгдсөн газрын талаарх асуудлаар мөн тайлбар өгсөн. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс хүсэлт гарган 5 жилийн хугацаатай газрыг ашиглаж болно гэсэн заалттай бөгөөд ингэхдээ дуудлага худалдаагаар эрхээ авна гэдэг заалттай. Одоо мөрдөгдөж буй энэ хуулийн энэ заалт дээр энэ төслийн хүрээнд “биржээр дамжуулж” гэдэг үгийг нэмэхээр тусгасан. Харамсалтай нь үүн дээр улс төрийн өнцгөөр хандах, олон нийтэд буруу ташаа мэдээлэл түгээх асуудал үүсээд байгааг тэрбээр тайлбарласан. Төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцад холбогдох саналуудыг тусгах боломжтой гэдгийг мөн хэлсэн. Ийнхүү асуулт, хариултын дараа Авто замын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top