Өөрийгөө үхэлд хүргэсэн Каддафийн алдаанууд

Улс орноо 42 жилийн турш удирдахдаа Каддафи Ливи улсыг танигдахгүй болтол нь өөрчлөн хөгжүүлж, Африк тив дэх хамгийн амьжиргаа сайтай орнуудын нэг болгосон билээ.
1969 оны 9 дүгээр сарын 1-нд 27 настай ахмад Каддафийн удирдсан залуу офицерүүд Ливийг захирч байсан Идрис аль-Сенус хааны засаглалыг түлхэн унагаажээ. Тэр үед ливичүүдийн 90 хувь нь бичиг үсэг мэдэхгүй, нэг хүнд ногдох ДНБ 490-хэн доллар байв. 1950-аад оны дундуур дээд боловсрол эзэмшсэн ливи хүний тоо 16-хан байжээ. Хаант засаглалтай Ливи улс Мали, Афганистан, Непал, Гаити зэрэг орнуудын хамт дэлхийд хамгийн ядууд тооцогдож байлаа. 1955 онд Ливид цэвэрлэх шаардлагагүй маш сайн чанарын нефть олдсон бөгөөд голчлон барууны компаниуд түүнийг нь олборлож, орлогын дөнгөж 2-хон хувь нь тус улсад ногддог байв. Энэ өчүүхэн орлогыг нь хааны ойрын хүрээллийн хүмүүс хүртэж, жирийн ливичүүд юу ч үгүй хоцорчээ. Харин Каддафи цэргийн эргэлт хийснээр гадаадын цэргийн баазуудыг эх орноосоо хөөн гаргаж, нефть олборлох үйлдвэрүүдийг улсын мэдэлд авсан аж. Ингээд Жамахири гэдэг шинэ нийгмийг цогцлоон бүтээх их ажил өрнөжээ.
Өнөөдөр Ливийн ДНБ-ний нэг хүнд ногдох хэмжээ 14 200 долларт хүрч бүс нутагтаа хамгийн баян чинээлэг орнуудын тоонд орох болсон билээ. Дөнгөж мэндэлсэн хүүхдэд нэлээд их хэмжээний доллар бэлэглэж тусгай дансанд хийдгээс гадна насанд хүрэх үед нь энэ тоо хэдэн арван мянга болж өсдөг зэрэг нь үүний зөвхөн ганц жишээ.
Энэ мэтчилэн асар их зүйл хийсэн ч Каддафи дотоод, гадаад улс төрийн бодлогодоо багагүй алдаа гаргаж байсан нь түүний дэглэм нуран унаж, өөрөө амиа алдах шалтгаан болсон юм.

Энэ сэдвээр “Правда” сонины тоймч С.Балмасовын хийсэн дүгнэлтүүдийг товчлон танилцуулъя.

“Юуны түрүүнд, НАТО-гийн эсрэг тулалдахад нь түүнд холбоотон маш цөөхөн байлаа. Тэдний дотор Иран болон Сири улс огт дурдагдсангүй.
Каддафи Барууныханд дургүй орнуудын дотор ч дайсан олонтой байсан бөгөөд Ираныг өрсөлдөгчөө гэж үзэж байв.
Түүнээс гадна, Израиль -Палестины зэрэг арабын ертөнцөд үүссэн эмзэг асуудлаар баримталж байсан түүний байр суурь гэнэт огцом өөрчлөгддөг талтай.
Хурандаа цэрэг, армидаа зохих анхаарал тавьдаггүй байсан нь НАТО-гийнхан дайралтаа эхлүүлэх нэгэн шалтгаан болсон. Үнэнийг хэлэхэд, Ливийн Агаарын довтолгооноос хамгаалах /АДХ/ систем нь бүхэлдээ хоцрогдож, 1980-аад оны түвшинд байлаа. Өөрийнх нь нүдэн дээр Ирак, Югославыг бөмбөгдөж, орчин үеийн АДХ систем нэн чухал шүү гэдгийг сануулаад байхад Каддафи төдийлөн хайхарсангүй.
1986 онд Ливи рүү Америкийн онгоцууд дайрсны дараа ч гэсэн агаарын довтолгооноос хамгаалах үр ашигтай системгүйгээр цааш явахгүй гэдгийг сайтар ухаарахгүй байлаа. Тэрбээр хуурай замын цэргийн хүн байсан нь үүнд нөлөөлсөн юм болов уу даа.
Ливийн хуучин эрх баригчдын хэлж байгаа үндэслэлээр бол, олон улсын хориг арга хэмжээ армийг шинэчлэхэд саад болсон ажээ. Гэхдээ 2004 онд хоригийг цуцалсан ба өнгөрсөн зургаан жил хагасын хугацаа бол шинэчлэл хийхэд хангалттай байв.
Тайлбар. АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейган Каддафийг террорист ажиллагаа үйлдсэн гэж буруутган түүнийг “галзуу нохой” гэж нэрлэж байжээ. 1988 онд Локерби хот дээгүүр нисч байсан америкийн иргэний агаарын тээврийн нисэх онгоцыг Ливийн тусгай албаныхан дэлбэлсэн нь илчлэгдэж, мөн бусад хэд хэдэн ажиллагаанд Каддафийг буруутган Ливийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.

Ямар учраас хэдэн мянган ливичүүд амьдрал нь хангалуун байсаар атал босон тэмцэхэд хүрэв ээ?

Нэг зүйлийг тодруулваас, 1970-80-аад оны үе Ливийн гадаад бодлого янз бүрийн хувьсгалт хөдөлгөөнүүдийг зөвхөн нууцаар дэмжихээр зогсохгүй зарим үед цус урсгасан мөргөлдөөнд татагдан оролцдог байлаа.
Чадад хийсэн олон жилийн дайн нь ливичүүдийг залхааж гүйцжээ. Хурандаа Каддафи Чадын Аузу муж дахь ураны ордууд руу тэмүүлж олон ливи цэргийн /зарим баримтаар 7500 хүн/ амийг золиослосон билээ. Харин Франц болон Барууны орнууд цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд нь шаардлагатай байсан түүхий эдэд түүнийг огт ойртуулсангүй, ингээд 1990 онд Каддафи Чадын төслөөсөө татгалзахад хүрэв.
Тэрчлэн, Ливиэс хамаагүй хол орших Танзани, Угандагийн хооронд болсон дайнд Каддафи хутгалдаж Угандагийн талд оров. Иди Амин гэгч хүний махаар хооллогч гаж донтны дэглэмийг аврахын тулд 600 ливи цэрэг амь үрэгдсэн нь Хурандаагийн нэр хүндийг өсгөөгүй нь лавтай.
Каддафийг хөөдсөн өөр нэгэн зүйл бол түүний цэрэг армидаа хандаж байсан хандлага нь юм.
Тэрбээр зэвсэгт хүчнийхээ хангамжийг бусад орны цэргүүд атаархахуйц хэмжээнд хүртэл байлгаж байсан ч цэргийн албан хаагчдынхаа дотор өөрийн гэсэн хүмүүсийг “онцгойлон харж үзэж”, элит анги нэгтгэлүүд байгуулан тэдэндээ илүү их цалин пүнлүү өгч байсан нь олон офицер, цэргүүдийн дургүйг хүргэсэн.
Иймээс армийн жирийн анги нэгтгэлийнхнээс  олон албан хаагч 2 дугаар сарын 17-нд эхэлсэн үймээнийг дэмжсэн байдаг. Тухайлбал, хошууч генерал Абдель Салам Жадалла Бенгазийн босогчдын талд орсон жишээтэй.
Өөр юун дээр Каддафи алдсан бэ гэхээр омгуудтай хэл амаа төдийлөн ололцож чадахгүй байсан явдал юм. Үүний бодит жишээ гэвэл, 1993 онд Уарфалла гэдэг омгоос гаралтай 2 мянга гаруй цэрэг Каддафийг хөнөөхөөр хуйвалдаан зохиож байжээ.
Каддафийн дэглэм унасан шалтгаануудын нэг бол үндэстний асуудал билээ. Тухайлбал, берберүүд Триполи хотыг эзлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд учир нь Каддафи тэднийг хүн гэж үздэггүй янз бүрээр доромжилдог байсан аж. “Хойд Африкт берберүүд амьдардаг гэдэг нь колончлогчдын санаанаасаа зохиосон домог” гэж Хурандаа хэлж байсан удаатай.
Хэдийгээр алс бөглүү нутагт амьдардаг берберчүүдийг эд материалын хувьд ихээхэн урамшуулан дэмжиж, тухайлбал, 1980-аад оны үед тэднийг эртний шавар сууцнаас орчин үеийн орон сууцанд оруулсан ч энэ алхмыг нь берберчүүд үндэснийх нь онцлогийг үгүй хийхэд чиглэсэн гэж хардах жишээтэй.
Түүнээс гадна, материаллаг баялгийг жигд бус хуваарилж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Триполи болон Бенгази хотуудын хооронд ямар их ялгаа байдгаар үүнийг тодорхойлж болно.
Каддафи империализмын эсрэг холбоотнууддаа мөнгө төгрөгийг баруун солгойгүй цацан хүртээж, элдэв төсөл хөтөлбөрт хөрөнгө хайрладаггүй байжээ. Гэтэл Бенгазийн оршин суугчид цэвэр бохир усны шугам байхгүй талаар гомдоллодог байв.
Ливичүүдийн уурыг барж байсан нэг зүйл бол Каддафийн гэр бүлийнхний дэндүү цамаан зан юм. Жишээ татахад, 2009 онд Ганнибал Каддафи Швейцарьт байхдаа зочид буудлын үйлчлэгчийг зодон танхайрсныхаа дараа 500 мянган швейцарь франкийн барьцаа төлөн суллагдаж байсныг сонссон ливийн сэхээтнүүд маш дургүйцэж байжээ.
Хэдийгээр Каддафийн гэр бүлийнхэн бүгдээрээ Ганнибалтай адил биш боловч тэд шоу-бизнесийнхнийг асар их мөнгөөр урьж ирүүлэх, Холливудад кино захиалан хийлгэх зэргээр мөнгө цацдаг үрэлгэн байдалд ливичүүд маш ихээр гайхдаг байв.
Хурандаа Италид айлчлах үеэрээ хэдэн зуун загвар өмсөгчдийг тойруулан цуглуулчихаад үүнийхээ төлөө загварын агентлагуудад “аймшигтай их” мөнгө төлдөг байжээ.
Дотоодын дайснуудтайгаа, өөрөөр хэлбэл сөрөг хүчнийхэнтэй хэрхэн харьцаж байсан нь Хурандааг балласан байж магадгүй. Барууны шинжээчид Каддафи сөрөг хүчнийхэнд хэтэрхий ширүүн хандаж байна гэж буруутгадаг байсан. Үүний сацуу Каддафи хэт туйлширсан алхам хийдэг байжээ. Заримдаа өөрөө бульдозер бариад шоронгийн ханыг нурааж, тэндээс тэрс үзэлтэн хоригдлуудыг суллаж байсан гэх мэт.
Сүүлийн үед иймэрхүү жүжигчилсэн үзүүлбэрүүд хийхээ больсон л доо, гэхдээ баримт бол баримт: шоронгоос суллагдсан хүмүүсийн дотор өөрийг нь алахаар оролдон хуйвалдаж байсан этгээдүүд байв.
Одоо барууны нэгэн шинжээчийн дүгнэлтийг сонсоё.
Эндрю Соломон “Нью-Йоркер” сонинд бичихдээ, Каддафийн хүү Сейф аль-Ислам шинэчлэл хийхийг тууштай дэмждэг, шинэчлэлийн тодорхой төлөвлөгөөнүүд боловсруулсан байсан. Гэвч 2008 онд Хурандаа шинэчлэгчдийг “бут цохисноор” Сейф ааваасаа дэмжлэг горьдолтгүй больсон юм” гэжээ. Энэ нь хурандаагийн маш том алдаа байсан нь мэдээж.
Хатуу чиг шугам баримтлагчид болон аядуу үзэлтнүүдийн хоорондын хурц тэмцэлдээн дундаас аядуу үзэлтнийг нь гарган ирж барууныханд үзүүлэн болгон ашиглангаа дотооддоо, ард түмэндээ хатуу чиг шугамаа харуулах нь Каддафийн хувьд ээлтэй байсан гэж шинжээч үзжээ.
Каддафи ямар алдаа хийж байсан талаар түүний нэлээд дотно танил болох Угандын Ерөнхийлөгч Йоверт Кагут Мусевени  СНН Уорлд сувагт ярилцлага өгөхдөө дэлгэрэнгүй өгүүлжээ.
Түүний дүгнэснээр, Каддафийн нэгэн том алдаа бол аль болохоор түргэн хугацаанд “Африкийн Нэгдсэн Улс” байгуулахаар яаран адгаж, Африкийн Холбоонд шахалт үзүүлж байсан явдал гэнэ. Тэрбээр АХ-ны дүрмийг үл ойшоосон байдал олонтоо гаргаж, хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг дур зоргоороо өөрчилдөг байсан гэнэ.
Каддафийн бас нэгэн эндүү ташаа үйлдэл бол “хаадын хаан” болохын тул Африкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцдог, “надад мөнгө бий, бусдад нь байхгүй” гэсэн дээрэнгүй аяг ааш гаргадаг явдал.
Африкийн орнуудын иргэний удирдагчид Каддафийн санаачлагыг хүлээн авдаггүй байсан учраас тэрбээр тухайн орнуудын хаад, омгуудын удирдагчидтай улс төрийн тоглолт хийх болов. Ингэхдээ Каддафи улс орнуудын улс төрийн лидерүүдтэй зөвлөлдөхгүйгээр омог аймгийн удирдагчидтай шууд холбоо тогтоодог байжээ.
Тэр ч байтугай нэг хэсэг үе Каддафи зөв үйл хэргийн төлөө террор хийж болно гэж үздэг Ойрхи Дорнодын радикал үзэлтнүүдийг дэмждэг байсан нь түүний бас нэгэн алдаа болсон.

Каддафид маш олон дутагдал байсан, гэхдээ…

Тэрбээр нэгэн том гавьяа байгуулсан нь нефтийн үнийг өсгөсөн явдал. 1969 онд түүнийг засгийн эрхэнд гарах үед нэг торх газрын тос 40-хөн центийн үнэтэй байжээ. Тэрээр нефтийг ингэж үнэгүй өгөхгүй гэж анх зориглон дуугарснаар торхыг нь 20 долларт хүргэн өсгөсөн байна.
Улмаар 1973 оны араб-израилын дайны дараа нефтийн үнэ 40 долларт хүрч өсчээ. Эдүгээ асар их баялаг хуримтлуулсан Персийн булангийн нефть үйлдвэрлэгчид Каддафийн энэ тал дээр гүйцэтгэсэн түүхэн үүргийг үнэлдэггүй нь тун хачирхалтай гэж Угандагийн Ерөнхийлөгч өгүүлэв.

                                                                                                                                                  
Б.Адъяахүү

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Bilge [ 172.58.46.227 ]      |     2018 оны 6-р сарын 07 -нд, 18:27 минутанд

Hoshuuch general Baagii Hurandaa Kaddafi gej. Manai mongol mundag Kaddafigaas tom tsoltou aimaar olon generaltai. Enhbaatar Bilegt geed mundag generaluud bii shuu. Mongpl yalnaa.

Осама [ 122.201.22.62 ]      |     2018 оны 6-р сарын 07 -нд, 14:10 минутанд

Яг ориг Каддафи мон болов уу?

Go to top of page