УЛСЫН ЭРДЭНЭС УЛСТӨРЧДИЙН ГУДСАН ДОР БИЙ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Манай монголчууд их муухай, ёс суртахуунгүй, хуульгүй улс юм. Нуусан хөрөнгөө ил болговол тэр хөрөнгийг нь хураахгүй, нөхөж татвар оноохгүй, ял шийтгэл тооцохгүй гэсэн чинь баахан нуусан, далдалсан хөрөнгөө ил болгосон сурагтай. Нэг ёсондоо  хууль ёсоороо ил байх учиртай юмыг бүх нийтээрээ хууль бусаар нуусан байж таарлаа. Гудсан доогуураа их юм шургуулж, нууж өнгөрөөжээ гэдэг маань нотлогдлоо. Нуусан хөрөнгийг ил болгох зорилготой Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжих хугацаанд хувийн хэвшлийнхэн маань юутай ч гудсаа гаргаад сэгсэрчихлээ. Үр дүнд нь Монгол улсын жилийн нийт төсвийн хэмжээнээс ч илүү их хөрөнгө буюу 20 орчим их наяд төгрөг ил болсон билээ.


Эдгээр ил болсон хөрөнгийн эзэд Монгол Улсын хууль ёсоор бол гэмт хэрэгтнүүд. Тэд төрд төлөх ёстой байсан татвараас зайлсхийсэн, нуун дарагдуулсан, эсвэл хууль бус замаар хөрөнгө олсон, завшсан, зувчуулсан гээд хамгийн хүнд ял зэм хүртэх учиртай байсан. Мэдээж энэ дарамт, ийм ял зэмээс хэлтрүүлсний хүчинд өдий төдий хөрөнгө орлого ил болж байгаа хэрэг. Уг хууль гарсны зорилго, ач холбогдол нь ч ийм. Гэвч хуулийг батлах эсэх тухай хэлэлцэж байх үед ийм их үр дүнд хүрнэ гэж төсөөлөө ч үгүй юм. Хэдийгээр Монголын эдийн засгийн 37-40 хувь нь далд эдийн засаг байна гэсэн судалгаа гарч байсан хэдий ч монголчуудын нуусан, далдалсан хөрөнгө улсын нэг жилийн төсвөөс ч их байх юм гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай.

Энэ өршөөл зайлшгүй хэрэгтэй байсан гэдэг нь өнөөдөр батлагдаж байна. Тиймдээ ч ил тод байдлыг дэмжих уг хуулийг хэрэгжүүлэх хугацааг дахин сунгах хүсэлт олон гарч байгаа аж. Харамсалтай нь боломж хязгаартай байдагчлан Засгийн газраас татгалзсан хариу шийд гаргасан.

Гэвч энд олон нийтийн эсэргүүцэлтэй чамгүй тулгарах хэдий ч үр дүнгийн хувьд дээрхээс ч илүү үр дүн үзүүлж мэдэх нэгэн шийдлийн тухай хөндөх гэсэн юм. Тэр бол тус хуулийн орхигдсон заалтаар эдийн засагт өршөөл үзүүлэх хувилбар. Тодруулж хэлбэл, төрийн албан хаагчдад нуусан хөрөнгөө ил гаргах боломжийг олговол маш их хөрөнгө ил болж, эдийн засгийн эргэлтэд орж мэдэх төсөөлөл байна. Яагаад гэвэл, тэдний гудсан доор энгийн бизнес хийгч эрхмийнхээс хэд дахин их хууль бус, далд хөрөнгө хэвтэж байх магадлалтай.

“Төрийн албан хаагчид, улстөрчдөд л эдийн засгийн өршөөл үзүүлж болохгүй” гэдэг нийгмийн сөрөг сэтгэлзүй бий. Өршөөнө, уучилна гэдэг сайн жишиг биш. Тэр тусмаа төрөөс мөнгө идсэн хүмүүсийг өршөөж уучилна гэдэг бол байж болохгүй. Энэ бол бүх нийтийн хатуу байр суурь.

Ил болгосон хөрөнгийн мэдээллийг нууцалж байгаа нь хүний хөрөнгийг ил болгочихоод нөгөөхөөр нь дарамтлаад байж болохгүй гэсэн санаа. Энэ нь хөрөнгөө ил болгогч нь хэн ч байж болно гэсэн утгыг давхар илэрхийлж байгаа юм. Хуульч, өмгөөлөгч, эмч, багш, бизнесмэн, улстөрч байх эсэх нь чухал биш. Гагцхүү далд, нууц хөрөнгийг ил болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нь л чухал. Тэрхүү зорилгын үүднээс төрийн албан хаагчдын нууц хөрөнгөд өршөөл үзүүлэхийг зөвтгөж болмоор санагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд Хөрөнгө орлого мэдүүлдэг 40 мянган төрийн албан хаагч хамрагдаагүй. Тиймээс тэднийг уг хуульд хамруулах талаар Засгийн газар хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх гэж буй аж. Улстөрчид, төрийн албан хаагчид нуусан хөрөнгөө ил болговол ял шийтгэлгүй гэсэн утгатай. Ийм боломжоос хэн хохирох вэ. Хөрөнгөө нуусан, орлогоо худал мэдүүлсэн төрийн албан хаагч хариуцлагаас мултрах, улмаар ял завших муу талтай. Гэвч өршөөлийн үр дүнгээр илэрч буй хөрөнгийн хэмжээг харвал улс орон, эдийн засагт ашигтай тусах мэт. Олон тэрбумын хөрөнгө ил болж, эргэлтэд орж таарна. Эсрэгээрээ төрийн албан хаагчдад энэ боломжийг олгоогүй тохиолдолд яах вэ. Эрдэнэс нууцын хар авдартаа үлдэнэ. Илрүүлж, тогтоож, нотолж л чадахгүй бол албан тушаалтнууд ялгаагүй л хариуцлагаас мултарсан, ял шийтгэл завшсан байдлаараа хоцорно. Тиймээс нэг удаа тэдэнд өршөөлийн адил боломжийг олгох бодлогыг УИХ дэмжиж мэдэх юм. Учир нь хөрөнгөө нуусан хүмүүсийн дийлэнх нь улстөрчдийн ах дүү, аав ээж, эхнэр хүүхдүүд байгаа төдийгүй тэд бусадтай адил өршөөл хүртэж чадаагүйдээ гомдолтой байгаа бололтой. Нөгөөтэйгүүр, хуулийг батлах болсон үндэслэл нь бүгдэд нэг гараанаас хөдлөх боломж олгох болон далд нуусан хөрөнгөөр нь барьцаалж нэг нэгийгээ намнадаг, шантаажилдаг байдлыг халахад оршиж байсан гэдэг. Тэгвэл энэ удаагийн ил тодын хууль бүгдэд адил боломж олгоогүйгээр зогсохгүй төрийн албаныхныг нуусан хөрөнгөөр нь барьцаалдаг үзэгдэлд ямар ч өөрчлөлт авчирсангүй. Нуусан хөрөнгийг ил болгоход ял зэм хүртээхгүй гэсэн нь цаагуураа өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголын татварын орчинг таагүй байлгаж, хөрөнгөө нуухаас аргагүй байдалд хүргэснээ төр хүлээн зөвшөөрсөн үйлдэл. Улстөрч, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч хэн бүхэн түүний хохирогч. Тиймээс бүх хохирогчид ялгаваргүй хандах нь харин ч шударга хэрэг болно.

Яагаад төрийн албан хаагчид өршөөлийн гадна үлдэж хоцорсон бэ. Тэд ялгаагүй л улсын иргэн, эдийн засгийн харилцаанд бусадтай л адил оролцдог субьектүүд. Учир нь татвар төлөгчдийг төрийн албан хаагч болон хувийн хэвшлийнхэн гэж ангилдаггүй. Татвар хэзээ ч төлдөггүй нэг хэсэг, бүх орлогоо ил тод мэдээлдэг ч татвараа төлдөггүй нөгөө хэсэг, татвараа шударга төлдөг үлдсэн хэсэг гэж гурав л ангилдаг. Тэгвэл төрийн албан хаагчид татвараа шударга төлдөг үлдсэн ангилалд хамаарна. Гэхдээ хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдээллэж, хөрөнгөө нуух хамгийн их магадлалтай бүлэг бол төрийн албаныхан.

Тиймээс далд эдийн засгийг ил болгох гол бай нь магадгүй тэд юм. Ил тодын хуулийг батлахад Авлигын эсрэг хуулийн олон заалттай зөрчилдөх байсан учраас төрийн албан хаагчдыг хамруулах боломж байгаагүй. Хууль батлагдахаас өмнө сүүдрийн эдийн засагт эргэлдэж байсан мөнгөний хэмжээ ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж байв. Үүнийг ил болгож, хүндэрч байгаа эдийн засагт нэмэр болох нь төрийн ойрын зорилт байсан. Энэ зорилт бодож байснаас ч илүү давж биеллээ гэж болно. Өмнө нь 2008 онд мөн ийм өршөөл хэрэгжүүлсэн ч тухайн үед аж ахуйн нэгжийн 20-30 хувь нь хамрагдсан тооцоо бий. Мөнгөн дүн нь дөрвөн их наяд орчим байсан.

Тэгвэл энэ хууль хэрэгжсэний дараагаар ДНБ-ийн 80 хувьтай тэнцэх хэмжээний ажил үйлчилгээ, хөрөнгө ил болсон байх юм. Манай эдийн засагт эргэлдэж байгаа хөрөнгө 24 их наяд төгрөг гэвэл далд эдийн засагт бараг 14.4 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө нуугдаж байжээ гэсэн үг. Үүнийг бидний нөөц боломж гэж хэлэх үү, алдагдсан хөрөнгө гэж хэлэх үү. Юу гэж нэрлэх нь чухал биш, ил болсон нь л чухал юм. Тиймээс бид дахиад ийм нууц “эрдэнэс”-ийн эрэлд гарч болохгүй нь юу байна. Монголын ёс суртахуунгүй, хуульгүй нийгмийн гудсан дор дахиад ч эрдэнэ бий. Одоо тэгвэл улстөрчид буюу төрийн албан хаагчдын гудсыг сөхөх хэрэгтэй гэсэн үг.

 

Д.Дамдинжав

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(183.177.96.130) 2018 оны 06 сарын 08

Гадныхантай үгсэн хуйвалдаж эх орон Монгол улсаа цөлмөгчидөд Халхын хавтгайд гишгих газаргүй болгох хэрэгтэй.Та нар ард иргэдээ яаж тавлаж басамжлан дорожилолын дор амьдарч байгаа ард иргэд чинь нэг л өдөр ял асуух цаг ирнээ

0  |  0
иргэн,(202.179.26.77) 2018 оны 06 сарын 08

уул шугамандаа Гэмт хэрэгтэнгүүдээ Өршөөж , Толгойгийн нь илж, ахиж Хулгайлж, Луйвардах боломжийн нь олгоё гэж байгаа юм биз дээ, Ер нь Монгол улс Хуулиар ч яадаг юм, УИХ, Хууль, Шүүх, Прокурор, АТГ тарааж хаяад дур дураараа байцгааж Хэн чадалтай, Овсгоотой нь амьдраад явна биз,

0  |  0
Togtoh(27.123.214.114) 2018 оны 06 сарын 08

S. Bayar, Bayartsogt, Ebe d l ih heregtei huuli sanaachilah n dee

0  |  0
Top