БНАСАУ-ын удирдагчтай хийж буй уулзалт АНУ-ын Ерөнхийлөгчийн хувьд нэр төрийн хэрэг болж байна. Энэ тухайгаа Дональд Трамп Сингапурт уулзалт эхлэхийн өмнөхөн мэдэгджээ.
“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид цаашид сайхан харилцаатай болно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна” хэмээн Трамп өгүүлжээ. Тэрээр Хойд Солонгосын удирдагчтай хийх гэрээ хэлцлүүд амжилттай болно гэдэгт итгэл төгс байгаа бололтой.
Харин Хойд Солонгосын удирдагчийн өгүүлснээр, тус хоёр орон дээд хэмжээний уулзалт зохион байгуулахын тулд олон зүйлийг даван туулсан гэжээ. “Хуучин харилцааны уур амьсгал болон янз бүрийн зүйлс бидний урагшлах зам дээр саад болж байсан хэдий ч тэр бүгдийг даван туулаад өнөөдөр бид энд уулзаж байна” гэж Ким Жон Ун өгүүлсэн аж.
БНАСАУ-ын удирдагч уламжлал ёсоор хар хүрмээ өмсөж, харин Трамп уулзалтад зориулан улаан зангиа сонгожээ.
Америк-Хойд Солонгосын дээд хэмжээний уулзалт түүхэнд анх удаа болж байгаа бөгөөд аялал жуулчлалын Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд тэд Солонгосын хойгийн асуудлуууд болон хоёр орны харилцааг хэвийн болгох талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Трамп, Ким Жон Ун нарын ганцаарчилсан уулзалт 40 минут орчим үргэлжлээд, түүний дараа өргөтгөсөн хэлбэрээр гэрээ хэлцлүүд явагдах юм.
Дашрамд дурдахад, 1945 оны наймдугаар сард Японы Квантуны армийг Зөвлөлтийн Улаан армийн цэргүүд бут ниргэснээр Солонгосын хойг чөлөөлөгдсөн билээ. Ингээд Гитлерийн эсрэг холбоотнуудын хооронд хэлэлцээр хийгдсэнээр Солонгост хоёр цагийн бүс тодорхойлогдсон байна: Зөвлөлтийнх-38-р өргөрөгөөс хойд зүгт, Америкийнх-түүнээс өмнө зүгт. Үүний үр дүнд Солонгосын хойгийг хуучнаар ЗХУ болон АНУ хуваан авсан аж.
1950-1953 онд Солонгост болсон цэргийн зөрчил мөргөлдөөний дараагаас БНАСАУ болон АНУ хоорондоо дайны нөхцөл байдалтай оршсоор байсан бөгөөд эвлэрлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан нь ёс төдий болон үлдэж, Вашингтонтой энхийн хэлэлцээр байгуулах Пхеньяны бүхий л оролдлогуудыг АНУ өнөөг хүртэл үл тоосоор ирсэн билээ.
Тиймээс ч АНУ болон Хойд Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоогүй бөгөөд БНАСАУ дахь АНУ-ын дипломат ашиг сонирхлыг Шведийн элчин сайдын яам төлөөлдөг. Хойд Солонгос ч мөн Вашингтонд өөрийн элчин сайдын яам байхгүй учраас НҮБ дэх төлөөлөгчөөрөө дамжуулан АНУ-тай харьцдаг юм.
Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )