Хөл бөмбөг үзэхээр ОХУ-ыг зоригчдод анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Энэ сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна.

 

Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатайг Консулын газраас мэдэгдэж байна. Үүнд:

  • ОХУ-ын хилийг нэвтэрснээс хойш 24 цагийн дотор /өмнө нь 5 хоног байсан/ бүртгүүлэх үүрэгтэй тул ОХУ-д байх хугацаандаа түр буусан бүх түвшний зочид буудалд бүртгэл хийлгэнэ.
  • Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлнэ.
Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс Даваа-Ням гарагийн хооронд өдөр бүрийн 09:00-17:00 цагийн хооронд ажиллаж, иргэдийг бүртгэх боломжтой. Хаяг: Консульский отдел Посольства Монголии в Российской Федерации, Москва, 115127, Спасопесковский пер., 7/1
  • Галт тэргээр ОХУ-д зорчих иргэдийн хувьд ирсэн даруйдаа байрлах зочид буудал эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх бөгөөд энэ тохиолдолд галт тэрэгний билэтээ үзүүлж, галт тэргээр ирсэнээ нотлох шаардлагатай.
  • ОХУ-ын хилээр нэвтрэхэд олгодог цагаачлалын картыг (миграционная карта) ОХУ-ын хилээр буцаж гарах хүртэл хаяж үрэгдүүлэхгүй байхыг анхаарна уу.
  • Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2,000 рублийн торгуультай бөгөөд торгуулиа төлсний дараа бүртгүүлэх боломжтой.

ОХУ-Д ЗОРЧИХОД АНХААРАХ НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ

  • Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан оросын бүх хотуудад аюулгүй байдлыг цэрэг цагдаагийн байгууллага хүчлэн хамгаалж буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явах,
  • Гадаад паспортын хүчинтэй хугацааг анхааран үзэж, хэрэв 6 сараас доош хугацаанд хүчинтэй байвал шинээр паспорт авах,
  • ОХУ-д зорчихын өмнө Монгол Улсын ГХЯ-ны Консулын газрын consul.mn вэбсайтаар орж, гадаадад зорчих иргэдэд зориулсан “Сэрэмжлүүлэг”-тэй танилцсан байх,
  • ОХУ-аар дамжин бусад оронд зорчих иргэд ОХУ-д 24 цагаас илүү саатсан тохиолдолд бүртгэлд хамрагдах,
  • Танихгүй хүнээс битүүмжилсэн баглаа боодолтой эд зүйлс авч явахгүй байхад анхаарна уу.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top