Хорвоогийн хамгийн ухаантай хүүхдийн эмгэнэлт төгсгөл

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 13

Гайхалтай суут хүүхдүүд өнөөгийн масс-медиаг үүсэхээс өмнө ч хангалттай ихээр байсан аж. Тэдэн дотроос хамгийн тод жишээ нь -  “Любекийн домогт хүү” Кристиан Фридрих Хейнекен юм. Тэрээр энэ хорвоо дээр хэзээ нэгэн цагт мэндэлсэн бүхий л хүмүүсийг гайхалтай оюун ухааны чадамжаараа даван гарч чаджээ.

Гайхалтай бяцхан хүү

Кристиан хүү 1721 онд Германы хойд зүгт орших багавтар хотод төржээ. Түүний эцэг нь зураач, эх нь бэлэг дурсгалын зүйлс худалдаалан хажуугаар нь алхими сонирхдог байж.

Бяцхан Хейнекен хөлд ч ороогүй байхдаа ойр орчмын хүмүүсээ өөрийн ер бусын чадвараар гайхашруулж эхэлсэн байна. Зургаахан сартай байхдаа тэрээр үеийнхэн шигээ ямар нэгэн авиа гарган ганганаж гунганах биш, аав ээжийнхээ хэлсэн үгсийг давтаж хэлдэг байжээ.

Бяцхан Кристианы хөгжлийг хурдасгахын тулд түүнд асрагч хөлсөлсөн байна. Энэ нь тосгоны энгийн нэгэн эмэгтэй байсан бөгөөд хүүг гар дээрээ тэврэн өрөөн дундуур явж, хананд өлгөөтэй байгаа зурагнууд дээр дүрслэгдсэн эд зүйлсийг нэрлэн саатуулдаг байжээ.

Бяцхан хүү ч тухай бүр нь дагаж хэлээд тогтоочихдог байж. Удалгүй хөдөөний асрагчийн багаахан мэдлэг дуусан, авьяаслаг хүүд жинхэнэ мэргэжлийн асрагч хөлсөлсөн байна. Ингэснээр хүүгийн хөгжил ч хурдасчээ.

Ой хүрэх үедээ Кристиан библийн судраас ишлэл татан, хоёр настайдаа Ариун Библийг тэр чигээр нь цээжилж, хаа сайгүй түүхийг урсгаж байлаа.

Суут ухаантан гурван настайдаа математик, газарзүй, биологи судлан, гадаадын дөрвөн хэлээр чөлөөтэй харьцаж байв.

Гэвч энэхүү суут хүү хажиг зожиг, цэвэр номын хүн байсангүй. Тэрээр хүмүүстэй харьцах маш дуртай, юу сонирхлыг нь татаж байгаа талаар тэдэнтэй чөлөөтэй хууч хөөрдөг байж.

Алдрын дуулиан

Кристианы гайхалтай чадвар зөвхөн ойр орчмыхны нууц байдлаар удаан оршиж чадсангүй. Түүнийг гурван настай байхад нь Любекийн гимназид лекц уншуулахаар урьсан байна. Хүү ч тэнд очин лекц уншиж, сонсогчдыг алмайруулж чаджээ.


Тэрээр эхлээд Германы болон Ромын хаадын хувь заяаны тухай “аялал” зохион, дараа нь Израилын эртний удирдагчдын намтарт шилжин, тэгснээ ярианы сэдвээ хүний биеийн анатоми физиологийн онцлог руу эргүүлсэн гэнэ.

Энэ явдлаас хойш ер бусын хүүгийн тухай яриа төрөлх Любекийн хилийг даван оджээ. Ингээд 1724 онд хүүг Данийн хаан Копенгагенд урьж, ордны уйдсан хүмүүст жинхэнэ сенсаацийг үзүүлж чадсан аж.

Бяцхан хүү тэндхийн дээдсийн хүрээлэнгийнхэнд түүхийн сэдвээр хэд хэдэн лекц уншин, тэдний сонирхсон үй түмэн асуултад ямар ч түгдрэлгүй тов тодорхой хариулж байсан гэнэ.

Хорвоогоос буцсан нь

1724 оны сүүлчээр хүүгийн бие эрс мууджээ. Тэрээр хоол унднаас гарч, уур уцаартай болон, толгой нь их өвддөг болсон байна. Эмч нар оношийг тогтоож чадалгүй хий дэмий гараа алдлан гайхширч, хүү тэдний нүдэн дээр унтарсаар байлаа.

Орчин үеийн эмч нарын таамаглаж буйгаар, тухайн үед хүүг гэр бүлийнхэн нь дан кашаар хооллодог байсан нь түүний төрөлхийн цавуулагт тэсвэргүй байдалд сөргөөр нөлөөлсөн бололтой. Мөн хэт балчир бие организм нь тэрхүү их оюуны ачааллыг дааж чадаагүй байх.

Эцэг эх нь өөрсдийн алдар нэрийн төлөө хүүгээ хэвтэрт орчихоод байхад нь хүртэл түүнтэй уулзах хүмүүсийг оруулсаар байсан гэнэ. Ингээд 1725 оны зуны эхээр хүү бодлогоширсон байдалтай: “Амьдрал бол Утаа юм” хэмээн хэлээд, 5 нас ч хүрээгүй байхдаа таалал төгссөн аж.

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.179.136) 2018 оны 06 сарын 28

ХӨӨРХИЙ ДӨӨ...

0  |  0
(66.181.179.136) 2018 оны 06 сарын 28

ХӨӨРХИЙ ДӨӨ...

0  |  0
(64.119.20.46) 2019 оны 02 сарын 16

Мундаг юм аа

0  |  0
zochin(59.153.112.64) 2018 оны 06 сарын 14

INDIGOCHUUD GAJ CH YUM SHIG OVORMOTS CH YUM SHIG

0  |  0
(182.160.37.42) 2018 оны 06 сарын 13

харин тэгээд л 40 хүрчихгүй юу

0  |  0
(202.179.26.78) 2018 оны 06 сарын 13

tegexed bi 40 xurchieed uxaan suudguiee yanaa

0  |  0
Top