Сербийн сөрөг хүчний радикаль нам улсынхаа Ерөнхийлөгч Александр Вучич болон Засгийн газартаа хандан Крымийг Оросын салгаж болшгүй нэгэн хэсэг гэж хүлээн зөвшөөрөхийг уриалжээ. Энэ талаар тус намын дарга Александр Шешель ярьсан байна.
Сербийн радикаль нам нь энэхүү уриалгаа долоо хоногийн өмнө парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайддаа танилцуулжээ. Намын даргын ярьж байгаагаар ОХУ нь Сербийн хувьд үргэлж гол түнш байсаар ирсэн байна. “Москва нь Белградыг Косово болон Метохиягийн асуудал дээр дэмжиж байгаа. Гэсэн ч Серби нь ОХУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Бид Белград хоёр нүүртэй улс төрөөс татгалзаж, Крымийг Оросын салшгүй нэг хэсэг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байна” гэж Сербийн радикаль намын дарга Александр Шешель ярьжээ. Тэрбээр Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Сербийн радикаль нам ирэх есдүгээр сард парламентад санал хураалт явуулна гэдгийг хэлсэн байна. “Энэ үед бид бүрэн тогтоол бэлтгэх болно” гэжээ.
Сербийн Ерөнхийлөгч А.Вучич саяхан тус улс яагаад Крымийг Оросынх гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар хэлжээ.
Крым нь 2014 оны гуравдугаар сард явагдсан бүх нийтийн санал хураалтаар Оросын бүс нутаг болсон юм. Тус хойгийн оршин суугчдын дийлэнх нь Оростой нэгдэхийн төлөө саналаа өгсөн билээ. Харин АНУ тэргүүтэй улс орнууд ОХУ-ыг Украины бүрэлдэхүүнд байсан Крымийн хойгийг хууль бусаар өөртөө нэгтгэсэн гэж буруутгадаг юм. Тэд Крымийн асуудлаас болж Орост хориг тавьж, “Их-8” гүрнээс хасах зэргээр арга хэмжээ авах болсон билээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )