Нил Алден Армстронгийн тухай өгүүлэх “First man” киноны нээлт энэ онд болно

“Universal picture” компани ээлжит нэгэн шинэ гайхалтай дэлгэцийн уран бүтээлээ энэ оны 10 дугаар сарын 12-нд дэлхий нийтэд танилцуулахад бэлэн боллоо.

Нил Алден Армстронг АНУ-ын Охайо мужид төрсөн сансрын нисгэгч, туршин нисгэгч, их сургуулийн профессор бөгөөд хүн төрөлхтний түүхэнд саран дээр хөл тавьсан анхны хүн юм.

Анх тэрээр 1966 онд Охины орд-8 (Gemini) хэмээх сансрын хөлгөөр сансарт нисчээ. Энэ нислэгийн үеэр тэр анх удаагаа сансрын хоёр хөлгийг сансарт залгаж холбох үйл ажиллагааг нисгэгч Дэвид Скоттой хамтран хийсэн байна.

Армстронг хоёр дахь удаагаа буюу сүүлийнхээ нислэгээр "Аполло-11" хөлгөөр нисэж, 1969 оны долоодугаар сарын 20-нд саран дээр хөл тавьжээ. Энэ аяллын үеэр Армстронг нисгэгч Базз Олдрины хамт саран дээр газардаж, хоёр цаг хагасыг сарны гадаргуу дээр өнгөрөөсөн байна. Харин энэ үед тэдний багийн Майкл Коллинс Удирдлагын Модуль дотор үлдэж, тойрог замд тэднийг хүлээж байв. Энэ амжилттай аяллынхаа төлөө Армстронг Конгрессын Сансрын Гавьяаны Медаль хүртсэн юм. Сансрын нисгэгч болохоосоо өмнө Армстронг АНУ-ын Тэнгисийн хүчинд алба хааж, Солонгосын дайнд оролцож байжээ.

Энэ тухай бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тус киноны зураг авалт өнгөрсөн оны арвадугаар сарын сүүлчээр  АНУ-ын Атланта болон Жоржиягаас эхэлжээ. Киноны найруулагчаар Дэмьен Шазелл ажилласан бол гол дүрд Холливуудын нэрт жүжигчин Райан Гослинг тогложээ.


Ч.Бүжин



Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page