Осол гарсан тоглоомыг актлах шийдвэрийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 14

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар хүүхдийн паркийн “Сансарын хөлөг” тоглоом хугарч унасны улмаас дөрвөн хүүхэд бэртсэн ноцтой осол өчигдөр гарсан. Харин дотор нь байсан хүүхдүүдийн тухайд, гурван хүүхэд нь зөөлөн эдийн гэмтэлтэй, нэг хүүхэд нь биеийн байдал нь зовиуртай ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж

Одоогоор уг ослын учир шалтгааныг тодруулахаар НМХГ-ын улсын байцаагчид ажиллаж байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар техникийн аюулгүй байдлыг хангаагүй, тоглоомын гар буюу суманд ан цав гарсны улмаас ачаалал дийлэлгүй осол гарсан, өдөр тутмын дотоодын хяналт шалгалт, цэвэрлэгээг хангалтгүй хийснээс шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийжээ.

Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн ажиллагааг түр хаасан бөгөөд паркийн бүх тоглоомонд аюулгүй байдлыг хангах үүднээс бүх тоглоомонд хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн осол гарсан тоглоомыг актлах шийдвэрийг гаргажээ. Сануулахад, одоогоос таван жилийн өмнө ҮСАХ-д ноцтой осол гарч дөрвөн хүүхдийг “сансарт” илгээх дөхсөн. Тодруулбал, “Сансрын хөлөг” нэртэй тоглоом асар хурдтай эргэлдэж байх үед нь эргэлдүүлэгч гинж нь тасарч тоглоом хэвийн ажиллагаагаа алдаж, олон хүнийг сандаргаж байсан ч хүмүүсийг нь аюулгүй гаргаж чадсан байдаг.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top