Баян-Өлгий, Дундговьд сонгууль явагдаж АН бүлэггүй болно

2018 оны 06 сарын 15

УИХ-ын чуулган завсарлахаас өмнө Дэгийн тухай хуулийг батлан соёрхох бололтой. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан энэхүү хуульд УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр 3/1-ээс илүүтэй хугацаагаар суугаагүй бол тухайн гишүүнийг эргүүлэн татах заалт оруулсан билээ. Үүнийг УИХ-ын гишүүд төдийгүй ард түмэн ч талархалтай хүлээн авч байгаа юм. Ард түмний итгэл хүлээн сонгогдож, тэдний хүсэл зорилгыг парламентад, Төрд дуулгаж байх ёстой Түшээд маань ажилдаа хайнга ханддаг тал бий. Үүний сонгодог жишээ бол Дундговь аймгаас сонгогдсон Б.Наранхүү. Сонгууль дөхөхөөр хөрөнгөөр зодож байгаад УИХ-ын гишүүн болчихдог энэ нөхөрт сонгогч олон ч сануулга өгөөд эхэлсэн.

Тодотговол, намрын чуулганы хуралдаан 39 удаа болоход Б.Наранхүү 34 удаагийнхад нь суугаагүй байна. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 нь ямар ч шалтгаангүй тасалжээ. Хэрвээ Дэгийн тухай хууль батлагдвал Б.Наранхүү чөлөөлөгдөж таарна.

Тэгвэл Баян-Өлгий аймгаас сонгогдсон Д.Мурат гишүүний хувьд ч УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзахаас өөр аргагүй байдал үүссэнийг бид мэднэ. Д.Гантулга, Д.Мурат нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоолд хориг тавьсан.

Харин Д.Мурат гишүүн “Би хувь хүний хувьд хоригийг дэмжиж байна. Их хурлын гишүүн байна уу, жирийн хүн байна уу хуулийн өмнө тэгш эрхтэй. Би шалгуулчихаад буцаад ороод ирнэ гэж бодож байгаа” хэмээсэн байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д заагдсан Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэсэн юм. Нөгөө талаас хуульчдын үзэж байгаагаар Д.Мурат гишүүн нь шалгуулчихаад буцаж УИХ-ын гишүүнээр үлдэх боломжгүй хэмээж байгаа. Ерөөсөө Төрийн өндөр дээд албан тушаалтны ёс зүй ч гэж бий, хэм хэмжээ ч гэж байгааг хууль зүй үүднээс тайлбарласан юм.

Үүнээс харвал УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль болох нь тодорхой бөгөөд УИХ-д есхөн суудалтай АН-ын бүлэг тарна гэсэн үг. Учир нь аливаа улс төрийн нам нь УИХ-д наймаас дээш суудалтай байж бүлэг байгуулах заалт бий. Дашрамд дурдахад, УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймаг нөхөн сонгууль болох нь тодорхой болж, нэр дэвшигчдийн буухиа аль эрт эхлээд буй. Тэгэхээр Сонгуулийн Ерөнхий хорооноос тодорхой тов зарлаж, ирэх намар гурван ч тойрогт нөхөн сонгууль явагдаж болзошгүй нөхцөл үүсчээ.

Н.Баатар

www.zindaa.mn

Top