“Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г олон улсад танилцууллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 15

 

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж буй "Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт" дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. 

 

        Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас "Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого" сэдэвт бүс нутгийн форумыг зохион байгуулж байна. Форумыг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат хэлсэн үгэндээ: "Уулзалтын эхний гурван өдөр маш шахуу хөтөлбөртэй явагдаж, та бүхэн тууштай, ажил хэрэгч ажиллан, томоохон шийдвэр гарган, шийдэлд хүрч байгаад талархал илэрхийлье. Мал аж ахуйн тогтвортой хөгжлийн асуудлыг ярилцаж, дэлхийн хэмжээний шийдвэр гаргана гэдэг амаргүй гэдгийг бид бүхэн харж, мэдэрч байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн. Форумд Лаос улсын ХАА-н дэд сайд Др.Бүнкуанг Камбүнхөан оролцож, уулзалтын төлөөлөгчдөд амжилт хүслээ. 

 

Энэ өдөр Монголын нүүдлийн мал аж ахуйн онцлог, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, учирч буй саад бэрхшээл, боломжийн талаар тайлбарлан таниулж, ХХААХҮЯ-наас боловсруулсан “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨЛӨЛ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

Малчдын амьжиргаа, орлого цаг агаараас ихээхэн хамаардаг. Цаг агаар хатуу ширүүн байж ган, зуд тохиолдсон үед мал хорогдон, малчдын амьжиргааг дордуулж байна Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй явагдаж, үүний нөлөөлөлд Монгол орны уур амьсгал богино хугацаанд өөрчлөгдөж байна. Манай оронд хийсэн цаг уурын ажиглалтын 1940-2016 оны мэдээг ашиглан хийсэн судалгаагаар жилийн агаарын температур 2.24 хэмээр дулаарчээ. Энэ нь дэлхийн дундаж температур 1880 оноос хойш 0.90С дулаарсантай харьцуулбал эрчимтэй өөрчлөлт гэж Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж мэдээллээ. Тэрбээр, “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн салбар нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөмтгий, эмзэг салбар. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн малд нөлөөлөөд зогсохгүй хөрс, бэлчээр, усны хангамж, байгалийн аюултай гамшигт үзэгдэлд үзүүлэх нөлөөллөөр дамжин ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна” гэв.

        Тиймээс юуны өмнө мал аж ахуйн салбарын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, өртөх эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийсний дараа тохиромжтой, өндөр үр ашигтай дасан зохицох арга хэмжээг тодорхойлж, хэрэгжүүлэх төлөвлөлтийг боловсруулах хэрэгтэй гэдгийг тодотголоо. Мал аж ахуйн салбарын дасан зохицох арга хэмжээ гэдэгт мал аж ахуйн салбарын удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, малын тоо толгойг бэлчээрийн даац, тэжээлийн нөөцтэй уялдуулан зохицуулах, урамшуулал, нөхөн олговрын тогтолцоог бүрдүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн  бүтээмж, чанар, үр ашгийг дээшлүүлэх, малын үүлдэр угсаа,  ашиг шимийг нэмэгдүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтөд бэлчээрийн мал аж ахуйн өртөх байдлыг бууруулах, дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, дархлаа бий болгох зэрэг багтаж байгаа юм.

ӨӨРИЙН ОРНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЭЛЖ БАЙНА

Монголчуудын тухайд олон зуун мянган жилийн турш мал аж ахуйгаа эрхлэх арга ухаан, байгаль дэлхий, мал сүргээ даган нүүдэллэж ирсэн. Умард Азийн өндөрлөг эх газар нь хур тунадас багатай, өвөл нь хүйтэн, зун нь халуун, гадаргын усан хангамжаар дутмаг бүс нутагт хамаардаг. Манай улсын бэлчээрийн хөрс нь нимгэн, эмзэг, ургамал нь тачир, сийрэг болохоор урт хугацааны туршид  тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн мал аж ахуй гэж Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн бэлтгэсэн видео танилцуулгад дурдаж байлаа. Нэн ялангуяа бүс нутгийн эрс тэс уур амьсгал, тал хээр нутгийн эмзэг экосистемд тэсвэр хатуужилтай, дахин давтагдашгүй онцгой чадвар бүхий таван хошуу малтай гэдгийг онцолсон юм.

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙН ТУЛД 5 ЗОРИЛТ БҮХИЙ 30 ГАРУЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол орон нь 110.5 сая га бэлчээрийн талбайтай бөгөөд энэ нь нийт газар нутгийн 74 орчим хувийг эзэлдэг. Мөн мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бий болгодог ч нийт ажиллах хүчний 28 хувь буюу 303.6 мянган хүнийг ажлын байраар хангадаг.  Манай улс жилдээ 343.7 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 14 орчим сая ширхэг арьс, шир, 9.4 мянган тонн ямааны ноолуур бэлтгэх нөөцтэй.

        2017 оны байдлаар Монгол Улсын нийт малын тоо  66.2 сая толгойд хүрсэн нь өмнө байгаагүй амжилт боловч бэлчээрийн доройтол нэмэгдэн, нэг малаас авах ашиг шим буурч байна. Үүнийг дагаад бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, мал аж ахуйн салбарын эдийн засгийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, малын эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах, хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсан. Тиймээс “Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөө"-г боловсруулан, өнөөдөр даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн төлөөлөгчдөд танилцууллаа.

        Танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т.Жамбалцэрэн хийсэн. Тэрбээр, “Бэлчээрийн тогтвортой менежмент бүхий эдийн засгийн үр ашигтай, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжируулсан бүх талын хамтын ажиллагаа, оролцоог хангасан Монгол Улсын мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор уг төлөвлөгөөг боловсруулсан” гэлээ. Энэхүү зорилгыг хангахын тулд 5 зорилт бүхий 34 арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Үүнд,

 “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох 1-р зорилтын хүрээнд:

  • Бэлчээрийн төлбөрөөр бүрдүүлсэн “Тогтвортой мал аж ахуйн сан”-г орон нутагт бий болгох
  • Инноваци, технологийг хөгжүүлэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх
  • Мэдээллийн систем хөгжүүлэх, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих системийг хөгжүүлэх

Мал аж ахуйн салбарын үр ашгийг дээшлүүлэх 2-р зорилтын хүрээнд:

  • Зорилтот зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох
  • Түүхий эд боловсруулах хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, анхан шатны боловсруулалтыг орон нутагт хийх

Малын эрүүл мэнд, малын үржил, селекцийн ажлыг эрчимжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах 3-р зорилтын хүрээнд:

  • Малын өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшил болгох
  • Бүс нутагт тохирсон малыг төрөлжүүлэн өсгөх, үржүүлэг селекцийн ажлыг зорилтот эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах
  • Монгол малын генетик нөөцийг худалдааны эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх
  • хөдөөгийн хөгжил, ядуурал, нийгмийн үйлчилгээний

Хөдөөгийн нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах 4-р зорилтын хүрээнд:

  • Орон нутгийн мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах
  • Залуу боловсон хүчнийг орон нутагт ажиллах явдлыг урамшуулах
  • Малчид, залуу малчдад зориулсан сургалтыг үзүүлэх сургалт, туршлага судлах зэрэг дадлагажих сургалтын хэлбэрээр зохион байгуулах

Хамтын ажиллагаа, оролцоог дээшлүүлэх 5-р зорилтын хүрээнд:

  • МАА-н салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах
  • МАА-н экстэйншиний үйлчилгээг оролцогч талуудад тулгуурлан хүргэх зэрэг болно.

БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙГ ТОГТВОРТОЙ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Үргэлжлүүлэн, "Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлогууд" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Төлөөлөгчдийн асуултад, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн академийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нар хариулсан Тэд бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэхийн тулд авч хэрэгжүүлж буй тодорхой арга хэмжээ, цаашид баримтлах бодлого, малчдад үзүүлэх бодлогын дэмжлэг, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой мал аж ахуйн хөгжлийн гарцын талаар панелистуудаас тодруулж, тодорхой асуудал дэвшүүллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top