Монгол, Франц эмч нарын чуулга уулзалт боллоо

2018 оны 06 сарын 16

Монгол, Франц улсын эмч нарын хоёр дахь удаагийн чуулга уулзалт 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдав.
Уг чуулга уулзалтад Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсак болон эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Франц улсын Төрийн бус байгууллагууд (ТББ)-ын төлөөлөл, тэдгээрийн хамтрагч эмнэлгүүдийн удирдлага, төлөөллүүд оролцлоо.

Чуулга уулзалтын нээлтийн арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээ нь эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, зохицуулалт үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжилд эдгээр төслүүдийн оруулах хувь нэмэр, үр шимийг дээшлүүлэх талаар харилцан мэдлэг туршлага, санал санаачлага солилцох цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг онцлон тэмдэглээд уг арга хэмжээг зохион байгуулж буй Монгол Улсад суугаа Франц улсын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийллээ.

Мөн тэрээр Франц Улсын Санте Сюд,  Авлом Санте, Аксион Монголи, Апау, Жерес болон бусад ТББ-ууд нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, байгууллага хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эм, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах, хамтарсан судалгаа хийх, оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт арга барил нэвтрүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг мөн тэмдэглэн хэлж, талархал илэрхийлэв.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top