УИХ-ын гишүүд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжихээс татгалзлаа

УИХ-ын ээлжит чуулганаар олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан Татварын багц хуулийг өөрчлөх тухай хэлэлцсэн боловч харамсалтай нь дэмжсэнгүй. Энэхүү өөрчлөлт хэрвээ УИХ-аар батлагдсан тохиолдолд татварын орчин илэрхий сайжрах ёстой байсан гэж эдийн засагчид харамсаж байна. Хуулийн төсөл буцаагдсанаар энэхүү өөрчлөлт дор хаяж хоёр жилээр хойшилж, бизнес эрхлэгчдийн хүлээлт талаар болж байгаа хэрэг юм.

Одоо хэрэгжиж байгаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 2006 онд батлагдсанаас хойш 12 жилийн дотор манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдсөн. Иймд үүнтэй уялдуулан татварын харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байсан.

Бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлэх, татвараас зайлсхийх явдлаас дотоодын татварын бааз суурийг хамгаалах, татварын бааз суурийг цаашид өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харгалзан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байжээ.

Түүнчлэн, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хуулийг нэг мөр ойлгох зарчмын хүрээнд хуулийн хийдлийг арилган, татварын алба, татвар төлөгчдөд хэрэгжүүлэхэд энгийн хялбар, харилцан ил тод болгохоор хуулийн төслийг боловсруулсан нь цаашид тус хуулийн хэрэгжилтийн шатанд үүсч байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Хуулийн төсөл батлагдсан бол Монгол Улсын бизнесийн орчин олон улсын тавцанд өрсөлдөх байдал сайжирч, татвар төлөхтэй холбоотой гарах бизнес эрхлэгчдийн зардал буурч, татварын тэгш шударга байдал дээшлэн, татварын бааз суурь өргөжих болно. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж 1 хувийн татвартай болгохоор хуулийн төсөлд тусгасан.  Үүний хүрээнд 51 мянга гаруй дотоодын аж ахуйн нэгжүүд хамрагдахаар байгаа юм.

  1. Одоогийн татварын хуулиар бүх төрлийн аж ахуйн нэгж нэгэн ижил тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж татвар төлдөг тул жижиг, дунд хэмжээний аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх, тайлагнахтай холбогдсон зардлууд хүндрэл учруулдаг.

Иймд жижиг, дунд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагналын ажиллагааг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд 1 удаа тайлагнана.

Үүний хүрээнд 34 мянга гаруй үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд хамрагдах судалгаа байна.

 

  1. Одоогийн хуулиар татварын тайлангаа засах боломжгүй байдаг бөгөөд татвар төлөгч хууль мэдэхгүй эсхүл болгоомжгүйгээс үүссэн алдаагаа засах боломжгүй байгаа юм. Үүнээс болж татвар төлөгч алдаагаа засахын тулд заавал татварын хяналт шалгалтад хамрагдаж, татварын актаар алдаа залруулдаг. Энэ нь татвар төлөгчдөд ихээхэн хэмжээний торгууль, алданги хүлээх, цаг хугацаагаа алдах зэрэг чирэгдэл үүсгэдэг.

 

Иймд хуулийн төслөөр татвар төлөгчдөд алдаагаа засах боломжийг олгож байгаа юм.

 

  1. Одоогийн хуулиар татварын өр төлөх хугацааг 2 сараар сунгах боломжтой байдаг нь татвар төлөгчдөд бодитой дэмжлэг болж чаддаггүй.

 Иймд, хуулийн төслөөр татварын өр төлөх хугацааг 2 хүртэлх жилээр сунгах боломжийг татвар төлөгчдөд олгож байгаа юм. Түүнчлэн, сунгасан хугацааны татварын алдангид хөнгөлөлт үзүүлдэггүй байсныг өөрчилж 20 хувийн хөнгөлөлтийг үзүүлнэ.

 

  1. Татварын алдагдал шилжүүлэх хугацаа нь салбарын ялгаатай байсныг өөрчилж, салбар харгалзахгүй 5 жилийн хугацаанд шилжүүлэх боломжийг олгож, татварын тэгш, шударга байдлыг хангахаар хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн, алдагдал шилжүүлэх талаар гардаг маргаантай асуудлыг цэгцэлж, энгийн ойлгомжтой байдлаар дэлгэрүүлэн хуулийн төслийн холбогдох зүйлийг боловсрууллаа.

 

  1. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг нэг бүрчлэн тоочиж бичсэн байдаг. Энэ жагсаалтад татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны зарим зардал багтаагүйн улмаас аж ахуйн нэгжүүд зарим зардлаа хасагдуулж чаддаггүй.

 Иймд тодорхой шалгуур хангасан бүх төрлийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан.

 Татварын хяналт, шалгалтыг эрсдэлд суурилж хийнэ. Ингэснээр, татварын хяналт шалгалтын тоо буурч, ном журмаараа татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдэд ирэх дарамт буурна.

Одоогийн хуулиар аж ахуйн нэгж татан буугдахад заавал татварын хяналт шалгалтад хамрагдаж урт удаан цаг хугацааг зарцуулдаг. Энэ нь татвар төлөгчдөд татан буугдахад ихээхэн хүндрэл үүсч Х тайлан өгдөг аж ахуйн нэгжүүдийн тоо төдий хэмжээгээр нэмэгдэж татварын алба болон татвар төлөгчдөд шаардлагагүй зардал чирэгдэл учруулж байна.

Иймд, хуулийн төслөөр ном журмаараа явж байгаа татвар төлөгчдийн хувьд татан буугдах үйл ажиллагааг татварын хяналт шалгалтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг олгоно.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин өргөжиж гадаад улсаас хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа энэ үеэд бид авах ёстой татвараа бүрэн авч өөрийн баялгын ашиг шимийг хүртэх нь зөв зүйтэй. Гэтэл, томоохон үндэстэн дамнасан корпорациуд Монгол улсын татварын хуулийн нүх сүвийг ашиглан татвар төлөхгүй байх, хамгийн багаар татвар төлөх боломжийг байнга эрэлхийлж байгаа учир бид орчин цагт нийцүүлж татварын хуулиа өөрчлөх зайлсгүй шаардлага тулгараад байгаа юм. Иймд, бид үндэстэн дамнасан корпорациудаас татвараа бүрэн авахын тулд:

  1. Тэдгээрийн орлогыг, зарлагыг бүрэн мэддэг байхын тулд тэдгээрийн үйл ажиллагааг Монгол Улсад тайлагнадаг болгох шаардлагатай.
  2. Энэхүү тайлангийн үнэн зөвийг тогтоох зорилгоор хөндлөнгийн мэдээлэл авах шаардлагатай.
  3. Энэхүү мэдээллийг авахын тулд Глобал Форум, BEPS-д гишүүнээр нэгдэж дэлхийн 150 гаруй улстай татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох эрх зүйн орчныг бий болгож байгаа юм.
  4. Мөн түүнчлэн, одоогийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, татвараас зайлсхийх хуулийн хийдлийг арилгасан. УИХ-ын гишүүд эдгээр өөрчлөлтийг хийхийг харамсалтай нь дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, тэд жижиг дунд бизнес эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжихээс татгалзлаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

Зочин63 [ 59.153.113.42 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 13:45 минутанд

TATVARIIG ERH TEGSH BOLGOJ BOLOHGUI HUN EHEES TOROHDOO ERH TEGSH TOROOD TOM BOLOOD ERH TEGSH BAIH ESGUI BOLOHIIG SHAARDDAG

иргэн [ 202.179.24.84 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 07:56 минутанд

таминь ээ, энэ УИХ, МАН, АН Ард иргэдийнхээ төлөө хэзээ ч Сайн зүйл хийхгүй, хийх ч үгүй, хүсэх ч үгүй, тэдэнд тийм Сонирхол ч байхгүй, Эд нарын ганц барьж байгаа Бодлого нь Ард иргэд, Аж ахуй нэгжүүдыг Татварын дарамтанд оруулж зориудаар , зохиомлоор Ядуу байлгах л бодлоготой байгаа шүү дээ,

Зочин [ 182.160.1.191 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:34 минутанд

ам ажлын зөрөө

Баянжаргал [ 198.12.106.116 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:26 минутанд

Энэ мэдээний сайтуудад ер нь итгэл алдарсөөн

Баянжаргал [ 198.12.106.4 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:17 минутанд

Худ2

Ариунсувд [ 104.168.115.96 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:07 минутанд

Судалгаатай баримттай юм ярьж байлдаа

Дулаанжаргал [ 104.168.95.159 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 03:02 минутанд

Монгол ялнааа

Miigaa [ 192.227.150.126 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 02:54 минутанд

Амьдрал баялаг билээ!

Mn [ 202.9.40.156 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 02:19 минутанд

Rio tintogin lobbini xyyli

irgen [ 64.119.26.85 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 01:47 минутанд

tatvar urshuul yu bolson be

Зочин [ 103.9.90.50 ]      |     2018 оны 6-р сарын 18 -нд, 01:46 минутанд

Тэнэгүүдээ, ард иргэдэд хэрэгтэй хуулиа батлаач! Бөгс бөөр, томилгоо ярихаар бөөн идэвхи, яг амьдралд хэрэгтэй асуудал ярихаар ДҮФФФ! Юм уншаач, судлаач, улс орнхоо асуудлыг шийдээч! Хувийн эрх ашиг, шуналаа татаач!

Go to top of page