Бяцхан хүү яагаад төрсөн өдрийн бэлэгнээсээ татгалзав...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 18

Бекки Мур Аляск дахь нэгэн асрамжийн газарт ажилладаг. Тэрээр хүү Логэноо ганцаараа өсгөж буй сингл ээж бөгөөд хүүгээ өгөөмөр сэтгэлтэй сайн хүн болгож төлөвшүүлэхийг хэрээрээ хичээдэг аж. Түүний зүтгэл ч талаар өнгөрсөнгүй.

Долоон настай Логэн хүү төрсөн өдрөө тэсэн ядан хүлээжээ.


“Би орон гэргүй хүн гудамжинд явж байхыг харсан. Ингээд төрсөн өдрөөрөө бэлэг авахын оронд орон гэргүй хүмүүст зориулж мөнгө цуглуулъя гэж ээждээ хэлсэн” хэмээн Логэн хүү KTVA-д ярилцлага өгөхдөө өгүүлсэн байна.

Хүүгийнх нь энэхүү шийдвэр Бекки бүсгүйд ихэд таалагдсан гэнэ. Тиймээс орон гэргүй хүмүүст хэрэгцээт зүйлсийг нь авч өгөхөд шаардагдах 700 доллар цуглуулахын тулд GoFundMe сайт дээр Логэний нэр дээр хандивын хуудас нээсэн аж.

Хүмүүс ч Логэний санаачлагад талархалтайгаар хандаж, хүсч байснаас нь хоёр дахин их буюу 1505 доллар мөдхөн цугларчээ.


Ингээд “Итгэлийн төв” халамжийн газар дахь орон гэргүй хүмүүст зориулан дулаан оймс, жимсний чанамал худалдаж авахаар ээж, хүү хоёр хүнсний их дэлгүүрийг зорьсон байна. Орон гэргүй хүмүүст дулаан оймс зайлшгүй хэрэгтэй зүйлсийн нэг болох талаар тус халамжийн төвийн дэд захирал Николь Декер хэлсэн учраас ийнхүү худалдаж авахаар шийдсэн аж.

Бекки хүүтэйгээ хамт худалдан авалт хийж байх үедээ дэлгүүрийн менежерийн нүдэнд өртсөн бөгөөд Логэний санаачлагын талаар сонссон менежер эрийн сэтгэл хөдлөн, хүүд дэлгүүрийн ажилтны тэмдгээ дурсгаж, мөн 50 доллар бэлэглэсэн гэнэ.

Логэн хүү цуглуулсан мөнгөөрөө 86 шил жимсний чанамал, 459 хос оймс худалдан авч, орон гэргүй хүмүүст тарааж өгөн буян үйлджээ.


“Хүмүүс бие биенээ хайрлаж, шаардлагатай тохиолдолд нэг нэгнийхээ төлөө санаа тавих ёстой гэдэгт би хүүгээ бүр багаас нь сургахыг хичээсэн. Харин тэр одоо үүнийг хийж чадаж байна! Би хүүгээрээ бахархаж байна” хэмээн аз жаргалтай ээж бахдан өгүүлсэн байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(122.201.31.149) 2018 оны 06 сарын 19

Эхийн эрхэт ёс ноёрхосон айл амгалан тайван байдаг . Эцгийн эрхэт ёс ноёрхохоор л хүчирхийлэл хүүхдийн эрх зөрчигдөх зэрэг асуудлууд гарч байгаа юм даа .

0  |  0
(213.235.85.65) 2019 оны 02 сарын 16

гэхдээ аав гэдэг хүнийг огт үнэлэхгүйгээр хүүг (эр хүн шдээ) өсгөж байна!!!

0  |  0
Зочин(122.201.23.91) 2018 оны 06 сарын 18

Бидний хойч ирээдүй ийм хөөрхөн, харин бид тэднийг эвдэхгүй байх л хамгийн чухал байдаг

0  |  0
Top