Хүнсний аюулгүй байдал ба цөмийн физикийн хэрэглээ

2018 оны 06 сарын 19

“Хүнсний аюулгүй байдал” гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлдэг.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар хангалт билээ. Манай орны хувьд хүнсний бүтээгдэхүүний 60-70 хувийн импортоор авч хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаатай, чанартай, хүнс хэрэглэх нь чухал юм.

Монгол улсад хүнсний  бүтээгдэхүүнд тавих хяналтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын сүлжээ лаборатори болох Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн төв лаборатори, 21 аймгийн мэргэжлийн хяналтын лаборатори, Хилийн боомтуудын лаборатори болон Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг лабораториудаар дамжуулан хийж гүйцэтгэж байна.

Дэвшилтэд технологи маш хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхий даяар цөмийн физикийн  технологийг ашиглан хийсэн өндөр мэдрэмжит тоног төхөөрөмжүүдийг хүнсний аюулгүй байдлын хяналтын шинжилгээ судалгаанд өргөнөөр ашиглаж байна. Мөн хөгжингүй улс орнуудад цөмийн физикийн  технологийг хүнсний зарим бүтээгдэхүүнийг цацрагаар шарж ариутгах, нян бактерийг устгах, хадгалах хугацааг уртасгах зэрэгт ашигладаг.  

Монгол орны хувьд хүнсний аюулгүй байдлын хяналтыг хийхдээ хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах хорт бодис микотоксин, пестицид, хүнд металлын үлдэгдэл, химийн бодисын үлдэгдэл, эмийн бодисын үлдэгдэл болон цацрагийн бохирдлуудыг тодорхойлоход энэхүү технологийг ашиглан хийсэн тэмдэгт атомаар таних энгийн хурдавчилсан шинжилгээний аргаас авхуулаад 10-9 буюу 1 клограммд агуулагдах микрограмм нэгжийн /ppb/ түвшинд тодорхойлох өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүд болох AAS, HPLC, GC-MS, GC-MS/MS, LC-MS, ICP зэрэг өндөр мэдрэмжит багаж тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна.  Эдгээр багаж, тоног төхөөрөмжийн ажиллах үндсэн зарчим нь аливаа бодис, элементийг атом, молекулын түвшинд задлан таних аргад тулгуурласан байдаг.

Атомын цахилгаан станцын дэлбэрэлт, цөмийн туршилт болсон бүс нутгаас цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн импортоор орж ирэхгүй байхыг үгүйсгэхгүй. Иймээс хүнсний аюулгүй байдлын хяналтын нэг томоохон хэсэг нь импортын болон эх орны хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах цацрагийн бохирдолтын хяналт юм. Тус хяналтыг орчин үеийн дэвшилтэд шинжилгээний багаж (фоны дээжийг орчноос тусгаарлах маш сайн хамгаалалттай цэвэр германи детектортой гамма спектрометрийн системүүд) ашиглан үндэсний MNS стандарт аргаар байгалийн болон зохиомол цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг хийж байна. Мөн альфа, бета цацраг идэвхт изотопыг тодорхойлдог спетрометрийг системийг ОУАЭА-ын төслөөр авсан бөгөөд тус системд тохирох арга аргачлалыг боловсруулж туршилт баталгаажуулалт хийн хэмжилт шинжилгээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Цацрагийн хяналтын лабораторид сүүлийн 5 жилд хийсэн хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол, цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээг тоон үзүүлэлтээр графикаар харууллаа. Тус судалгаанаас үзэхэд эх орны хүнсийн бүтээгдэхүүнд цацрагийн бохирдол илрээгүй байна. Харин импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнээс өмнө нь атомын станцын дэлбэрэлт болж байсан  бүс нутгаас ирдэг лаазалсан загас, хуурай сүү, гүрж ногоон цай зэрэг зарим нэр төрийн бүтээгдэхүүнээс бага хэмжээгээр зохиомол цацраг идэвхт изотоп Цэзий-137 илэрдэг боловч “цацрагийн аюулгүйн норм-2015” стандартаас хэтэрдэггүй болно.

Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газар


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.94.18) 2018 оны 06 сарын 20

TSOMIIN HAYGADAL ASUUDAL BOLNO

0  |  0
цацраг(139.5.219.98) 2018 оны 06 сарын 19

японоос оруулж ирсэн машинуудыг хэмж,,,

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 19

ukrain, japonii baraa ayultai

0  |  0
Top