Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Б.Батзориг сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаан 57.9 хувийн ирцтэйгээр 10 цаг 17 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Эхлээд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний  үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур,  орчны хяналт шинжилгээний  тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018 тавдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төслөөр орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчимыг баримтлан дараах заалтуудад өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай  хуулийн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн  6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсгийг “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.”  гэж өөрчлөх аж.

    Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Эрдэнэбат, А.Сүхбат нар салбарын сайд Н.Цэрэнбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин, Байнгын хорооны даргаас тайлбар, мэдээлэл авав. Цаг уурын байгууллагын онцлогийн заримаас дурдвал 137 суманд 5 хүнтэй цаг уурын өртөө, 183 суманд нэг хүнтэй цаг уурын харуул ажилладаг бөгөөд эдгээрийн үйл ажиллагааны стандарт, тоног төхөөрөмж нь Дэлхийн цаг уурын байгууллагын гишүүн бусад орны түвшинд ажилладаг. Бусад орны энэ төрлийн байгууллагын тогтолцоо нь босоо байдаг ба манай улс 94 жилийн түүхтэй тус байгууллагын тогтолцоо 1990-ээд оны сүүлээс 2001 он хүртэл хэвтээ тогтолцоотой байсан гэдгийг С.Энхтүвшин дарга тайлбарласан. Энэ байгууллагын бэлтгэж буй мэдээ, мэдээлэл зөвхөн Монгол орны цаг агаарын талаар биш, бүс нутгийн хэмжээний мэдээ, мэдээлэлтэй уялддаг, мөн тус байгууллагын мэдээ мэдээлэл дээр тулгуурлан улс орны хэмжээнд мал аж ахуй, хөдөө аж ахуй, онцгой байдлын үйл ажиллагаа явагддаг гэдгийг Н.Цэрэнбат сайд тайлбарлаад иймд удирдлагын болон хариуцлагын тогтолцоо одоо мөрдөгдөж буйгаараа зохистой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн энэ үеэр ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын мэргэжлийн боловсон хүчний асуудал, техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, төсвийн хуваарилалт, цаашдын хандлага, төлөвлөгөөний талаар тодруулж, хариулт авсан. 

    Дараа нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов

    Хуралдаанаар үргэлжүүлэн Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсов. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахаар 7 чиглэлийн 146 арга хэмжээ, Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжүүлэх бэлтгэл хангахаар 12 чиглэлийн 95 арга хэмжээг тус тус хэрэгжүүлж байна. Хуулийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор Мал эмнэлгийн үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар гэж өөрчлөхөөр, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэх, батлах тухай” УИХ-ын 2016 оны  12 дугаарын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын үзэл баримтлал, төслийг боловсруулж, холбогдох бэлтгэл ажлыг гүйцэтгээд байгаа талаараа Б.Батзориг сайд танилцууллаа. Мөн бүтэц, зохион байгуулалттай холбоотой Засгийн газрын тогтоолын 9 төслийг боловсруулаад байгаагаа дуулгав. Мөн дээрх хуулиудын хэрэгжилтийн хүрээнд зарим хуулийн давхардал, зөрчил гарч байгааг өөрчлөх, эрх зүйн орчны холбогдох өөрчлөлтийг хийхээр төслүүдийг боловсруулж байгаа гэлээ. 


    Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ж.Энхбаяр, Г.Мөнхцэцэг нар эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлийн бодлого, арга хэмжээ, Мал эмнэлгийн хүрээлэн, энэ төрлийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтцийн байгууллагууд малын өвчинтэй тэмцэх шинэ төрлийн био бэлдмэл, сорьцыг бэлтгэж буй эсэх, импортын вакцин, био бэлдмэлийг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийн талаар тодрууллаа. Засгийн газраас тариалангийн бүс нутгаа зарласан нь олон талын ач холбогдолтой. Ингэснээр нэн тэргүүнд газар тариалангийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх, үүнийг түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйн хөгжил, малын тэжээлийн үйлдвэрлэл, нөөцтэй холбоотой арга хэмжээнүүдийг тодорхойлон хэрэгжүүлэх боломж бүрдээд байгааг салбарын сайд хэлсэн. Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэхэд “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газраас 60 гаруй нэр төрлийн оношлуур, вакцин үйлдвэрлэн, дотоодын хэрэгцээний 90 хувийг хангаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Алтангэрэл хариуллаа. Импортоор хоёр нэр төрлийн вакцин авч байгаа юм байна. Мал эмнэлгийн хүрээлэн сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнд 6 нэрийн вакцины технологи бий болгосон ч үйл ажиллагааны байгууллагуудын харъяалал өөр байдгаас үүдэн үйлдвэрлэлд нэвтрүүлж чадаагүй гэдгийг хэллээ. Дээрх хуулиудын хэрэгжүүлэх бэлтгэл хангах хүрээнд салбарын байгууллагуудыг нэгтгэх ажлуудыг гүйцэтгэж байгааг хэлж байсан. Мал эмнэлгийн үйлчилгээ тогтсон хэлбэрээрээ үргэлжилж байгаа бөгөөд 2018 оны байдлаар мал эмнэлгийн арга хэмжээ нийтдээ 21 тэрбум төгрөгийн вакцин, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, лабораторийн тандалт үйлчилгээний ажлууд төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэгдэж байгааг дуулгав. Говийн аймгууд дахь худаг усны хангамжийг нэмэгдүүлэх талаар тодруулсан Г.Мөнхцэцэг гишүүний асуултад хариулт өглөө. Яамны зүгээс улсын хэмжээнд худаг усны хэрэгцээ, шаардлагын талаар нэгдсэн судалгаа гаргахад 5000 орчим худаг шинээр бий болгох шаардлагатай. Гэхдээ төсвийн нөхцөл байдлаас шалтгаалан шат дараалалтайгаар хэрэгжүүлэх, 2018 оны төсөв дэх 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт инженерийн хийц бүхий 133 худаг хийхээр тендэр нь зарлагдан, холбогдох ажлууд гүйцэтгээд явж буйг Б.Батзориг сайд дуулгасан. Мөн худаг усны хангамжийг сайжруулахтай холбоотойгоор технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нарны эх үүсвэр бүхий худгийг байгуулах технолгийг хэрэгжүүлэн, хэрэглээг өргөтгөх шаардлага бий, салбарын яамнаас энэ төрлийн санал, төсвөө Сангийн яаманд хүргүүлсээр ирснийг тайлбарлаж байв. 2019 оноос энэ чиглэлээр техникийн даалгавар гаргаж, төсөв хөрөнгийн асуудлыг нарийвчлан тусгасан саналыг харъяалах Байнгын хороонд танилцуулан ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа. 

    Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн үг хэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа улс орны хувьд уламжлалт мал аж ахуйгаа хэрхэн зохицуулах, нөхцөл байдалд тохируулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар гарц, шийдлийг олох шаардлага бий. Иймд эрдэмтэн, судлаачид, бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргачид хамтран цаг уур, орчны өөрчлөлтийн нөлөө, нийгэм, эдийн засаг, аж ахуй, хөдөлмөр эрхлэлт, хүнсний хангамжид нь үзүүлэх нөлөөллөөс энэ улс орон, хүн амыг хэрхэн хамгаалах, сэргийлэх, урьдчилж авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар бодлогын түвшинд зөвшилцөх шаардлага бий гэдгийг хэлж байв. Дэлхийн хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжил нэн хурдацтайгаар хөгжиж байхад Монгол Улсын хувьд хоцрогдсон байгаадаа дүн шинжилгээ хийх шаардлага тулгараад байгааг анхааруулсан. Мөн тэрбээр газар нутгийн хэмжээгээр Дархан, Сэлэнгийн газар тариалангийн бүс нутагтай дүйцэх Бүгд Найрамдах Беларус Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, экспортын дүн мэдээтэй харьцуулан тайлбарлалаа. Сэлэнгэ аймаг бол хүнсний стратегийн онцгой ач холбогдол бүхий бүс нутаг учир бодлогын түвшинд уг асуудлыг хэлэлцэн, хөрөнгө оруулалтыг татахуйц бодлого, шийдвэрийг салбарын яам болон Засгийн газар авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Д.Эрдэнэбат гишүүн хэлээд “2019 оны Монголын хүнсний бодлоготой холбоотой стратегийн гол бодлогыг тодорхойлох хөрөнгө оруулалтын асуудлаар чуулганыг энэ наймдугаар сард Сэлэнгэ аймагт зохион байгуулахад салбарын яам санаачилж, зохион байгуулах талаар судалж үзнэ үү” гэдэг хүсэлтийг хэллээ. Салбарын яам уг санал, санаачилгыг дэмжих боломжтой гэдэг дээр Б.Батзориг сайд илэрхийллээ. 

Цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэл хийлээ

    Дараа нь мал аж ахуй болон тариалангийн бүс нутгийн ган, хуурайшилтын нөхцөл байдал, малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлогын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонссон. Мал аж ахуйн салбар 2018 оны 06 дугаар сарын  15-ны байдлаар 20.0 орчим сая төл хүлээн авч, 1.8 сая том малын зүй бусын хорогдолтой байгааг Б.Батзориг сайд мэдээллийн эхэнд танилцууллаа. Бэлчээрийн төлөв 6 дугаар сарын 10-ны байдлаар, нийт газар нутгийн 30 хувь нь хэвийн, 30 хувь нь дунд, 40 хувь нь муу үнэлгээтэй байгаа аж. Тухайлбал, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Говь сүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгуудын зарим суманд хур бороо муутай, байдал хүнд байгаа гэв. 


    Энэ онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад 1.7 тэрбум төгрөгөөр 17 аймагт 133 инженерийн хийцтэй худаг гаргахаар тендер зарлан гэрээ байгуулсан, аймаг, орон нутагт ажил  явагдаж байна. Мөн бэлчээрийн хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх ажлыг энэ онд 650.0 мянган га-д хийж гүйцэтгэхээр ажиллаж байгаа гэв. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг 5 дугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд төлөвлөгөөт ажлууд үргэлжил байгаа аж. 

    Газар тариалангийн хувьд 6 дугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээгээр 342.1 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 6.4 мянган га-д хүнсний ногоо, 26.5 мянган га-д малын тэжээлийн ургамал, 54.6 мянган га-д тосны ургамал, нийтдээ 441.5 мянган га-д тариалалт хийгээд байгаа юм байна.

    Засгийн газрын зүгээс тариалангийн бүс нутгийг зарлан, олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь салбарынханы хувьд ихээхэн дэмжлэг болж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд онцлоод “Ирэх жилд газар тариалангийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиох юм. Ойг угтан бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлттэй холбоотойгоор усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх шаардлага бий. Манай улс 1.5 сая га тариалангийн талбайтай. Үүний 5000 га нь усалгаатай. Яамнаас үүнийг нэмэгдүүлж 80000 га болгох зорилт тавин ажиллаж байна” гэв. Мөн хөрс хамгаалах, ойн зурвас тавих, газар тариалангийн бүс нутгаа хашаалж, хамгаалах ажлын талаарх зохион байгуулалтыг яаман дээр бэлтгэж байна. Салбарын техник шинэчлэлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, үр сортын шинэчлэлд яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлэх ажлуудыг хийж байгаагаа хэллээ. Үүний зэрэгцээ цаг агаарт зориудаар нөлөөлж мөндөрийн үүлийг сарниулах, нийслэл орчимд үүлэнд зориудаар нөлөөлж хөрсний чийгийн тэтгэх, хуурайшилтын нөлөөг бууруурлах, ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх, гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээллээ. 


    Мэдээлэлтэй холбогдуулан Ж.Энхбаяр гишүүн малын тэжээл импортлох ажлыг гүйцэтгэлийг тодруулж, өвөлжилтийн бэлтгэл ханган малын тэжээл тариалах асуудлыг эрчимжүүлэх, цаг уурын нөхцөл байдлын өөрчлөлтэй уламжлалт мал аж ахуйг хэрхэн уялдуулах талаар, усан хангамжийг ашиглах талаар асууж, тодорхой саналууд хэлсэн. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх бодлогыг гарган хэрэгжүүлж чадвал улс орны эдийн засаг, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх тулгуур болох бололцоо бий гэдгийг хэллээ. Үүний тулд шийдвэртэй ажлуудыг хийх, жил бүр нэг чиглэлд бодлого, төсвөө бүрэн төвлөрүүлж үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Салбарын хүний нөөцийн асуудлыг мөн онцгойлон анхаарч, олон улсын жишгийг нэвтрүүлэх, шаардлагатай бол гаднын экспертийн багтай хамтран ажиллах шийдлийг ч хэрэгжүүлж болно гэдгийг хэлж байлаа. Мэдээллүүдтэй холбогдуулан гишүүдээс гаргасан санал, санаачилгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хамт олон анхаарч, авч хэрэгжүүлэх тал дээр ажиллах нь зүйтэй гэдэг чиглэлийг  хуралдаан даргалагчаас өгснөөр  Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

зочин [ 150.129.141.235 ]      |     2018 оны 6-р сарын 19 -нд, 10:00 минутанд

Ялангуяа говийн гүний усаар алт угааж худгууд ширгэсэн байна. Энэ жил гантай тариа ногоо муу ургажээ. Наадмын дараа бороо орвол хадлан яаж авах билээ. Нөгөө хариуцлагаа одоо тооц. Яриад байдаг хэдэн сайхан лекторүүд төрийн толгойд гарчихаж. Наймаачин,шоучин,лектор ийм л төртэй боллоо. Би мөнгөтэй дарга болно. төрд хэрэгтэй заарин гээд байдаг,нөгөө талаараа яаж хувааж хөрөнгөө аривжуулахав гэж бодно.

хилс [ 203.91.115.246 ]      |     2018 оны 6-р сарын 19 -нд, 08:20 минутанд

хичнээн олон удаа хуралдаад хоосон хийсэн бүтээсэн зүйлгүй цаг цаас үрсэн ажилууд

Go to top of page