НҮБ-ын дэргэдэх АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли тус улс Хүний эрхийн зөвлөлөөс албан ёсоор гарч байгааг мэдэгджээ. Тэрээр АНУ ийм шийдвэр гаргасан хэдий ч хүний эрхийг дээдлэн сахих үйлсээс эргэж буцаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Никки Хейлигийн тайлбарласнаар, хэрэв НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл өөрийн бүтцэд шинэчлэл хийсэн тохиолдолд АНУ буцаж нэгдэхэд бэлэн гэжээ.
“Бид Хүний эрхийн зөвлөлд гишүүнчлэлээ зогсоож байгаа хэдий ч хүний эрхийн талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн НҮБ-ын оролцооны бүхий л бүтцийг бэхжүүлэхэд хичээн оролцох болно. Мөн Хүний эрхийн зөвлөлийг шинэчлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Хэрэв энэхүү байгууллага шинэчлэгдэхэд хүрвэл бид ахин түүнд гишүүнээр элсэхдээ баяртай байх болно” хэмээн тэр мэдэгдсэн аж.
Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Нэгдсэн Улсын үндэсний ашиг сонирхлыг зөрчиж байгааг тэмдэглэжээ. Тэрээр: “Хэрэв энэ байгууллага манай улсын үндэсний ашиг сонирхол болон манай холбоотнуудын ашиг сонирхлыг хөсөрдүүлж байгаа тохиолдолд бид түүний хамтрагч болохгүй” гэж онцлон дурдсан байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дэх АНУ-ын гишүүнчлэл 2019 оны 12-р сарын 31-нээр дуусгавар болох аж.
Дашрамд дурдахад, Хүний эрхийн зөвлөлд Африкийн 13, Ази-Номхондалайн 13, Латин Америкийн 8, Зүүн Европын 6, Баруун Европын 7 улс гээд нийтдээ 47 орон байдаг.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
АНУ д хүний эрх байдаггүй нь батлагдаж байна
dongoj hunii erhend deer yavj bna