Харамсалтай: Хөөрхийлөлтэйгээр амиа алдсан хүүхдүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 21

Зүрх зүссэн мэдээ ар, араасаа хөвөрсөөр... Зүггүйтэж, дэггүйтэж, дураараа тоглож наадах насандаа харамсалтайгаар амиа алдсан алдрайхан хүүхдүүдийн тухай сэтгэл шимшрэм мэдээлэл дуулдах. 

Хүүгийн амь насыг хариуцах эзэн олдсонгүй

Баримт 1.

Сургуулийнхаа хөл бөмбөгийн талбайд тоглохоор гэрээсээ гарсан ч, эргэж хэзээ ч ирэхгүйгээр энэ орчлонгоос буцсан хүүгийн тухай гашуудам мэдээлэл энэ өдрүүдэд түгэж байна. Тодруулбал, 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож явсан 11 настай хүү төмөрт даруулан амиа алдана чинээ хэн санах билээ.

Ногоон зүлэгтэй талбайн нэг талынх хөндлөвч төмрийг хүмүүс хулгайлаад аваад явчихсан тул осол гарчээ. Гэвч, сургуулийнх захиргаанаас баганан төмрийг нь газартай нь цементлээд бөхөлчихсөн бол хүү эрүүл энх, ирэх намар зургадугаар ангид орох байлаа.  Харамсалтай нь, хүүгийн амь нас томчуудын хайнга байдал, сургуулийн захиргааны хариуцлаггүй хандлага, хулгайч нарын хар мөрөөс болж ийн эрсдэв. Хайран сайхан хүүгээ харамсалтайгаар алдсан ар гэрийнхэн нь хэнд гомдохоо мэдэхгүй, хүүгийн амь насыг хариуцах эзэнгүй үлдэж хоцорлоо.

Баримт 2.

Хүүхдийн амь нас чухал шүү, ашиг хонжоо хайгчид аа!

Өнгөрөгч долоо хоногт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Агаарын хөлөг”-т суусан 11-14 насны дөрвөн хүүхэд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Агаарт эргэлдэж байсан тоглоом хугарч унасан ч азаар хүүхдийн амь нас эрсдээгүй. Гэвч тоглож яваад биедээ гэмтэл бэртэл авна гэдэг хэчнээн харамсалтай. Энэ удаад ингээд өнгөрч болох ч дараагийн удаа дахиад ийм золгүй тохиолдол гарвал яана. Хамгийн харамсалтай нь холбогдох албаныхан хүүхдийн амь нас гэхээс илүүтэй  ”Агаарын хөлөг” тоглоомыг акталснаар энэ асуудал ингэсхийгээд өнгөрч байх шиг. Ийм байж таарах уу. Хэнэггүй гэхэд хэтэрхий хэнэггүй биш гэж үү.

Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус паркад шалгалт хийхэд дээрх тоглоомонд зэврэлт үүссэн гэх дүгнэлт гаргасан байдаг.  Гэтэл үйл ажиллагаа эрхлэгчид нь арга хэмжээ аваагүй. Нэг нь шалгасан болж, нөгөө нь шалгуулсан болсон энэ дүр эсгэлтийн эцсийн хохирогч нь хүүхэд болсоор байх уу.

Баримт.3

13 хүүхдийн амийг хэнээс нэхэх вэ?

Таван настай хүү сэрүүцэх зорилготойгоор торхтой усанд орж, амиа алдсан золгүй осол өнгөрсөн хавар Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин гэр бүл, хүүхэдтэйгээ нутгийн “Тунамал” нуурандаа   морио усалж яваад, малынхаа араас ус руу орж, живсэн харамсалтай хэрэг гарч байсныг тодхон санаж байна. Энэ мэт усны золгүй осолд 2017 онд гарсаар 91 хүн өртөж, нас баржээ. Энэ дунд 3-16 насны 13 хүүхэд бий. Талийгаач хүүхдүүд бүгд аав ээжийн хайхрамжгүй байдал, хараа хяналтгүй байдлаас болж усанд осолдож, эндсэнийг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлов.

Тэрбээр “Голын эрэг дээр тоглож буй бага насны хүүхдүүд эцэг, эхийн хараа хяналтгүйгээр өөрсдөө явж байгаад усанд осолдох тохиолдол элбэг боллоо. Мөн халуунд хүйтэн усанд орж сэрүүцэх зорилготойгоор торхтой ус, тогтоол ус, карьерын ус зэрэгт хүүхэд, хөгшидгүй орж байна. Ингээд хайхрамжгүй байдлаасаа болж, живж эндэх тохиолдол их. Карьерын ус бол их хүйтэн. Энэ усанд орсон хүний шөрмөс шууд татдаг.” хэмээн ярилаа. Усны золгүй ослоос гадна цаг уураас шалтгаалж, говь, хангай гэлтгүй хоромхон хугацаанд мөндөр, бороо орсон газарт үер болж, хүчтэй салхилан айлын гэр хийсч, мал, машин нь урссан ослын дуудлага онцгойнхонд  их ирдэг аж. Урин дулааны улирал ирсэн энэ цаг үед эцэг эхчүүд урьд жилийн дээрх гамшиг ослыг санаж, хүүхэддээ тавих анхаарал болгоомжоо дээшлүүлэхийг хүсье.

Томчуудын хариуцлаггүй үйлдлийн золиосонд ХҮҮХЭД...

Баримт 4.

  Хүний санаанд ч багтамгүй харамсалтай нэгэн хэрэг өнгөрсөн баасан гарагт гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан  11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алджээ. Найзтайгаа тоглохоор гарсан хүүгээ тогтоол усанд амиа алдана чинээ хэн санах билээ.  Осол гарсан газрын ойролцоо Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж, голын голдрилыг өөрчлөх зорилгоор шороогоор далан босгосон нь гүн цүнхэл үүсэх нөхцлийг бүрдүүлжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар  хэрэвзээ тэр газарт аюул ослоос сэргийлэх хашлага хаалт, тэмдэглэгээ тавьсан бол балчир хүүгийн амь нас үрэгдэхгүй байв. 

Энэ мэтчилэн тоглох орчин нь хүүхдүүдийн "Үхлийн ангал" болж байгаа олон жишээг дурдаж болох ч энэ хүрээд өндөрлөе. Дээр дурдсан бүх жишээ томчуудын хайнга, хариуцлаггүй байдлаас болж гэмгүй жаахан хүүхдүүд тоглох эрхгүй болж, цаашлаад амь насаа алдах хүртэл аймшигт хэргүүд гарсаар байгаагийн дохио юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khenchbish(203.91.115.56) 2018 оны 06 сарын 22

MAnai khuukhdiin baiguullaga zuvkhen khuukhed morinoos oichikhiig ankhaardag busad tokhioldold nuden balai chikhen dulii dee

0  |  0
Иргэн(202.179.31.52) 2018 оны 06 сарын 21

Ховд аймагт ээж аав нь эзэнгүй орхиод явсан нэг айлын 1-8 насны 5 хүүхэд гэртээ шатаж амиа насаа алдсан маш харамсалтай явдал өнгөрсөн 5-р сард гарсан. Цэцэрлэг ясли хүрэлцээтэй байсан бол, эцэг эх илүү хариуцлагатай байсан бол гээд бодох шийдэх зүйл олон байна даа.

0  |  0
darvin(202.55.180.58) 2018 оны 06 сарын 21

Mongoliin hun amiig uctgah bodlogobainga ybagdajbn jishee ni uridaac orj irj bui huncnii buteegdehuud mon emiin torliin buteegdehuunuud geed toochood baivalolon zuil baina Mongoliin tord baigaa nohduud aed tumniig ashiglaj tord garchihaad ulc ornii erh ashigiig ulandaa gishgej bn tiimeec farlament tarj eronhiilogchiin zagaglaltai boloh heregtei ingej ter hereggui olon ylzarcan humuuceec calah heregtei

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 06 сарын 21

mongol ulsad ymar neg baidlaar dendyy olon hyyhed yregdej baina, haramsaltai baina

0  |  0
Top