Л.Эрдэнэбулган:Эх орны үнэ цэнэ унаж байгаа нь харамсалтай

 Ардын хувьсгалын тухай түүхэн кино гэвэл “Хатанбаатар Магсаржав” гэж ам дүүрэн хэлнэ. Түүнчлэн сүүлийн үеийн томоохон түүхэн бүтээл гэвэл “Үхэж үл болно, Чингис” л гэнэ. Ингэж л Монголын дэлгэцийн бүтээлд түүхэн дүр бүтээж, ард түмнийхээ зүрх сэтгэлд мөнхөрсөн бол киноны ертөнцөд “Үхэж үл болно, Чингис хаан” киног найруулж, олон сайн муу зүйл сонссон гэхээр “Баатар Ван” гэж хэн ч таних байх. Тиймээс Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулгантай уулзлаа.

-Та түүхэн кинонд тоглож бас найруулагчаар ажилласан болохоор эх түүхээ мэдэхээс гадна тэр хэрээр эх оронч хүн шиг санагдсан юм. Эндээс яриагаа эхлэх үү?
-Надад Монгол оронд очиж үзээгүй аймаг бүү хэл сум бригад ч байхгүй. Баян-Өлгий аймагт хамгийн цөөн буюу таван удаа очсон. Хэнтий аймагт гэхэд л 11 удаа очсон. Нэг л хавтгай дээр байгаа, нэг л эх орон боловч аймаг бүр өөр өөрийн онцлоготой. Говьд гэхэд л алтан харганыг тийм өндөр бургас шиг ургадаг гэж бодоогүй. Баян-Өлгийд Алтай таван богд байна. Очиход сүрдмээр, миний өвөөгийн өвөө түүний өвөөг элээсэн дээ гэж сүрддэг. Дорнодын тэр их талд машинтай давхиж явахад мөн л эмгийн минь эмэг түүний эмгийг мэднэ дээ гэж боддог. Яг л хормойгоо дэвсээд цайгаа нүдээд сууж байгаа эмээ шиг санагддаг юм.

-Тухайн цагт урлагийн бригад гэж Монгол орныг хэрж явдаг байж. Ямархуу унаатай давхиж байв даа?

-Одоотой яаж зүйрлэх вэ. Нэг муу “Газ-53” гэдэг машинтай л тоос шороонд дарагдаад л давхиж явдаг байлаа. Харин сүүлдээ гайгүй нөхцөл байдал сайжирч “Паз” автобустай болж, өнөөх хөлөглөдөг байсан “Газ-53”-таа ачаагаа ачаад л дагуулаад явдаг байлаа. Зарим хүн их зовж явдаг байжээ гээд зовлон тоочиж байхыг сонссон юм байна. Миний хувьд бол бахархаж боддог. Пүрэвдорж гуай “Бид үхэр тэргээр явдаг байлаа” гэж бараг л санаанд багтамгүй зүйлийг ярьж байдаг юм. Пүрэвдорж, Загдсүрэн, Уртнасан гээд л дандаа ингэж явсан. Тийм хүнд ажил хийсэн хүний нас нь богино болмоор. Гэтэл бусдын адил заримаас нь ч илүү наслаад, энх тунх явааг нь харахад баярлаж, бахархдаг юм. Энэ нь магадгүй тэр л сайхан эх орныхоо байгалд явж байсны буян гэж боддог доо. Ингэж явахад эх орныгоо үнэхээр аугаа гэдгийг мэдэрч, улам хайрладаг. Бид тухайн цагт нам төрийн бодлогоор л явж байсан. Энэ л намайг эх оронд минь улам хайртай болгож, бахархах сэтгэлийг төрүүлсэн байх. Одоо бол эх орноо хайрлах нь бүү хэл ярих дурсах хүн ч алга болжээ. Бидэнд эх орон гэж байгаагүй бол юугаа ярьж хэрэлдэх юм. Эх орноо гэж хүн ховордож байгаад үнэхээр эмзэглэх юм.

-Тэр эмзэглэл чухам юу байна вэ?

-Бид ардчилсан нийгэмд ороод сайн ч юм их үзлээ, муу ч зүйл их үзлээ. Гагцхүү эх орны үнэ цэнэ унаж байгаа нь харамсалтай. Эмзэглэнэ гэвэл их олон зүйл байна. Хамгийн наад зах нь хөдөөнөөс нэг малчин хотод орж ирэхэд хаа байгаагаа мэдэх болов уу. Хаашаа л харна гадаад хаяг. Тэгээд үнэхээр гадаад хэлдээ сүрхий юу гэвэл үгүй юм билээ. Мэддэг хүний нүдээр шүү дээ.

-Таны хувьд саармагжаад гэх гээд байнаа даа?

-Аль аль нь байна. Бид өөрсдөө эх орноо үгүйсгээд байгаа хэрэг. Тэр гадаад хаяг, шошго гэдэг чинь хүүхэд багачуудаа хорлож байгаа юм. Явж, явж орос ч биш, хятад ч биш, франц ч биш дундуур нь нэг хэлтэй болж мөхөх хандлага бий боллоо. Тэр нь ямар сонсогдох бол гэхээс айх юм. Хоёр нийгэм солилцсоноос хойш учир зүйгээ ололцохоо больжээ. Нэг л их тэмцэл бий болсон.

-Үндэстний мөхөл бол тухайн улсын хэл соёл, үндэсний урлагаас эхтэй гэж боддог юм. Ингэхэд манай урлагийн хөгжил альхан чигт явна вэ?

-Урлаг гэдэг бол аливаа зүйлийн магнайд явдаг зүйл. Өнгөрсөн 20-иод жилд манай нийгмийн бүхий л салбарууд уусан, идсэнээрээ дуудалцаж, хэрэлдээд өнөөдрийг хүргэсэн. Эдэн дундаасаа хамгийн их хоцрогдож ирсэн нь урлаг юм. Бусад нь ч бас наана цаанатай явж ирсэн байна. Болсон болоогүй урсгал чиглэл хөөх нь буруу биш ч чухам урсгал нь хаана байгаа үгүй нь мэдэгдэхгүй байна.

-Олон урсгал чиглэл хөөгөөд төөрчихсөн гэсэн үг үү?

-Даяаршил ярьж байгаа цагт урсгал хөөх нь буруу биш байх. Гэхдээ харагдахгүй, мэдэгдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Би урлагаа хөдөлгөж яваа хүмүүсээ хэлээд байгаа хэрэг биш. Үнэхээр манай дуурийн урлагт 10 жилийн нас байна уу, үгүй юу.

-Юу гэсэн үг вэ. Манайхан чинь сонгодог урлагаа Азидаа л нэг номерт тавьдаг биз дээ?

-Азидаа толгойлдог байсан үе бий. Манай улсад сонгодог урлаг хөгжөөд 40-өөд жил болж байна. Одоо ч манай зарим хүмүүс сонгодог урлагаа Азидаа л гэж бодсоор байгаа нь тэнэглэл. Ингэж худлаа ярьж болохгүй. Харин 70-аад оны үед бол мундаг байсан уу гэвэл байсан. Ингээд хэлчихээр уурлах хүмүүс бий л байх. Тэглээ гээд айж суух арга алга. Хэлэхгүй л бол болохгүй. Ингэж хэллээ гээд битгий гомдоосой. Азидаа гээд худлаа ярьж суухад тэр Япончууд, нөгөө Хятадууд чинь аль хэдийнэ дэлхийн том театруудад очоод дуулчихсан байх жишээтэй. Тэгэхэд манайх хаа байна. Байрандаа хоцорсон нь харагдаж байгаа хэрэг.

-Тэгэхээр 10 жилийн насыг уртасгах арга бий л байх. Чухам тэр нас богино болсныг юугаар гэрчлэх вэ?

-Сонгодог урлаг гэдгийг чинь дуучин нь дор хаяж таван жил дотооддоо сурна. Түүний дараа гадагшаа суралцах, дэлхийн соёл, сонгодогт нэвтрэх шаардлагатай. Мөн хөгжимчин гэхэд 10 жил, балет гэхэд долоон жил суралцах хэрэгтэй. Тэгээд сая дуурийн театрт ирээд гурван жил ажиллаж байж тэр нөхөр тэнд тэнцэх үгүй нь мэдэгдэнэ. Ардын урлаг бол бидэн дундаас болон 21 аймгаас л төрнө. Түүнийг байр сав, нөхцлөөр хангаад өгөхөд л өөрийгөө аваад явчихна. Харин сонгодог урлаг бол тийм биш заавал илүү зүйл шаардана. Үүнд төрийн оролцоо, мөнгө төгрөг хэрэгтэй болж байгаа юм. Энэ бүгд байхгүй болсон болохоор би насгүй болжээ гэж хэлсэн. Гэрч нь байж болох уу. Энд зөвхөн дуурь, драм яриад байгаа болохоос биш урлагийн бүх л төрөл орно. Би дуурийн театрт 40 жил ажилласан хүн.

-Хөгжүүлэхийн тулд зөвхөн гадаадад сургах шаардлагтай юу, эсвэл өөр менежмент хийх хэрэгтэй юу?

-Аль аль нь хэрэгтэй. Үүнд төрийн оролцоо их чухал. Өнөөдөр хормейстер, балетмейстер, концертмейстерыг хэн хаана бэлдээд байгаа юм бэ. Өнөөдөр манайд хэдэн дуучид бэлдэж байгаа нь үнэн. Тэдэн дундаас ганц нэг сайн дуучин л төрнө. Төрж гэхэд тэд хаана очиж уран бүтээлээ хийх хэрэг вэ. Тэдний хоол нь алга, орон зай нь алга байна. Хүн төрөлхтөний тэр гайхамшигт хөгжмийг, дууг, их өв соёлыг ард түмэндээ хүргэх төв нь дуурийн театр. Би л үүнийг хэлж байгаа болохоос биш, өөр хэн ч хэлж чадахгүй. Тэгэхээр бид өнөөх олон урсгал чиглэл хөөгөөд уламжлалаа алдах гэж буй энэ цагт бид өөрсдийгөө л аварч үлдэнэ. Түүнээс биш хэн ч аврахгүй.

-Бид хоёр дээр урсгал чиглэлийн талаар ярьсан. Дуурийн урлагт ч энэ олон урсгал чиглэл нөлөөлнө биз?

-Тэр тусмаа уламжлалд илүү нөлөөлнө. Сонгодог ч ялгаагүй сонгодог хэвээрээ л байх ёстой. Би дээр хэлсэн сонгодог ч юм уу, зүгээр нэг урсгал чиглэл ч юм уу аль нь мэдэгдэхгүй нэг юм тоглоод байна гэж. Өнөөдөр урлагийн бүх төрөл ийм болсон.

-Монгол юмаа л авч үлдэх, тэгээд түүгээрээ дамжуулан сонгодог болъё гэсэн санаа яваад байна уу?

-Тэгэж ойлгоход болохгүй юм байхгүй. Монгол хүний цусанд байгаа ганц зүйлийг хэлъе. Улаанбаатарын гудамжаар яваа олон машин байна. Эд бүгдээрээ морьтой яваа юм шиг давхидаг. Тэр замд хашлага байна уу, үгүй юу хамаагүй. Намайг такси бариад явж байхад тэнд нэг хөөрхий цагдаа нэг нөхөртэй зууралдаад л зогсож байхад за за харахгүй байх гээд л өөр тийшээ дүрэм зөрчөөд ухасхийж байх жишээний. Монгол Улсад жолооны дүрэм гэж нэг юм бий дээ. Энэ бол бидний цусанд тархинд байгаа Монгол зан юм.

-Техник, технологи хөгжсөн өнөө үед арай л болохгүй санагдах юм. Ийм зүйл харагддаг л даа. Яах ёстой юм бол?

-Би тэр болгон зүйлийг хамаагүй ярьж болохгүй. Мэдэхгүй. Гэхдээ Монгол Улс өөрийн гэсэн хуультай байх хэрэгтэй. Өөрийн онцлог, монгол хүний шинж чанарт тохирсон тийм л зүйл хэрэгтэй. Одоо тэр морьтой яваа юм шиг яваад байгаа хүмүүст тохирсон зүйлийг л хийх ёстой гэж боддог. Энэ мэт олон зүйлээс Монгол хүн гэдгийг нотолж болно.

-Нотолж болох өөр юу байна?

-Одоо бид хоёрын өмнө нэг бялуу байхад бид хоёр давгүй л идчихнэ. Тэгээд цадахгүй ахиад л идэх юм эрээд унана. Гэтэл нэг шулсан яс үйгээд, дотор нь будаа хаячихад нэг нэг аяга идээд л цадна шүү дээ. Ахиад хоол эрэхгүй. Энэ чинь л Монгол цусанд байгаа зүйл. Монгол Улс өөрийн гэсэн хуультай байх хэрэгтэй. Юугаа судлах гээд гадагшаа онгоцоор нисээд байгаа юм бэ. Бид ард түмэн төрдөө хэрэгтэй байхын тулд эргээд түүхээ сайн харах, судлах хэрэгтэй. Бидний түүх чинь алдаа оноог туулж ирсэн шүү дээ. Тиймээс дээдсийнхээ алдаанаас суралцаж алдахгүй байх, оноог нь судалж боловсруулах, энэ үетэйгээ уялдуулж бодох хэрэгтэй. Тэгэж байж л сая амжилт олно. Өнөөдөр соёл урлаг төдийгүй бүх л зүйлийг хараад байхад дандаа хуулбарлах болжээ. Үнэндээ манай төрийн түшээд чинь түүхээ мэддэгүй юм. Үүндээ ч алддаг.

-Таны ярьж байгаагаас харахад ирээдүй ч бүрхэг санагдаж байна шүү?

-Ирээдүй гэдэг чинь маргааш биш. Бидний өнгөрсөн үе. Энэ нь юу вэ гэвэл бид ирээдүйгээ гэгээтэй сайхан байлгая гэвэл түүхээ сайн судлах хэрэгтэй гэсэн юм. Атарын гуравдугаар аян гээд яриад байгаа юм. Шинэ юм шиг хүмүүс сайхан хүлээж аваад байна. Гэтэл тэр чинь бидний урьд өмнө хийж л байсан ажил. Би Булган аймгийн хүн. Тэр тариа гэдгийг чинь тарьж өссөн хүн. Одоо ерөнхийлөгч Н.Энхбаяр “Эвтэй байхдаа хүчтэй “ гээд байгаа юм. Энэ нь их сайхан санагдаж байгаа боловч 800 жилийн тэртээ их хаан маань хэлж байсан юм. Тэгэхээр хуучин зүйл гэж юу ч байхгүй. Гагцхүү тэр ирээдүй гээчийг өвөг дээдсийн түүхээ, өмнөх үеэ судалж байж сая ирээдүйгээ гэрэлтүүлнэ.

-“Сайтар мартагдсан зүйлийг шинэ юм гэнэ” гэсэн нэг үг бий. Та бол үүнийг л хэлчихлээ. Тийм үү?

-Мэдээж. Одоогоос 800 зууны тэртээ Монголын төр төрчихсөн л байсан. Тэр бүү хэл түүхээ сөхөөд хөөгөөд байвал 2200 жилийн тэртээ төрчихсөн л байсан. Эцсийн эцэст бид бие биеэсээ суралцах хэрэгтэй. Тэгэж гэмээнэ амжилтад хүрнэ.

-Яах ч ёстой юм. Төрөөс л сайн бодлого барих хэрэгтэй байхдаа?

-Бодлого барихын хувьд ч яахав. Сайн л ойлголцох хэрэгтэй. Гэтэл манайхан чинь улс төржиж нам эвсэл ярих нь их болжээ. Өнөөдөр төрийг мэддэггүй, чаддаггүй хүн бий болжээ. Айл хотлоороо, аймаг сумаараа, гэр бүлээрээ нам эвсэл ярих болсон. Адуучин хүн нам ярихын хэрэг юу байна вэ. Түүнд сайн хүлэг, хурдан морь, сүүтэй гүү, шимтэй бэлчээр л хэрэгтэй биз дээ. Тариачин хүнд ч сайн техник, сайн ажлын зэвсэг, газрын гарц хэрэгтэй байх. Гэхдээ иргэн хүнийхээ хувьд бодож, ажиглаж яваад л сонгууль өгөх өдрөө саналаа өгчихнө. Түүнээс биш заавал хэдүүл нийлж улс төр яриад, туйлшраад байх албагүй гэж боддог. Тэр тариачин хүн надад энэ нь гарвал хэрэгтэй. Миний хийж байгаа ажлыг дэмжинэ гэсэн үүднээс тэр хүндээ саналаа өгнө биз. Хүрээ, хөдөөгүй улс төржих нь лав сайны ёр биш.

-Таны хэлж байгаа үнэн хэдий ч манай энэ төрийнхөн өөрсдөө хэтэрхий их улс төржиж, ард түмнээ уруу татах юм. Энэ талаар?

-Дээрээсээ дооргүй л ийм байдалтай болчихлоо. Нөгөө талаар бид юм л бол гурван өндөрлөгөө зүхдэг. Хэн ч гэсэн гэрээ цэвэрлэхдээ ерөнхий сайдаасаа асуудаггүй л биз дээ. Тэгэхээр амьдарч байгаа дэлхийгээ хайрлая л даа. Тэр тариа тариад будааг нь бид бүгд л иддэг, мянганы зам гээд сайхан зүйл тавьчихлаа. Түүгээр чинь Ардчилсан нам явна, хувьсгалт нам явахгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Бүгд л сайхныг нь гайхаад давхиж явна. Тэгэхээр ард түмэн маань жаахан ч гэсэн юм ойлгомоор байна шүү. Тэр уул уурхай гэж би үнэхээр мэдэхгүй юм. Тогтвортой байдлын гэрээ гээд яриад эхлэхэд л хаанаас ч юм хэсэг нөхөд ингэдэггүй юм, тэгдэг гээд л төрийн ажлыг өмнөөс нь хийгээд давхих юм. Энд би хэн нэгний талд орох гэсэн хэрэг биш. Яагаад гэвэл би мэдэхгүй. Зүгээр л ухаантай байж, улс төржихөө болъё л гэсэн юм. Би А.Цанжид сайдын үед яаманд ажиллаж байлаа. Тэр үед шаардлага хангахгүй сургуулийг хаая гээд яваад очтол “Энэ нөхөр чинь манай намын эсрэг зүйл хийлээ” гээд улс төрждөг байхгүй юу. Бид чинь 20 жил нам болж тоглолоо.

-Сүүлийн үеийн кино ч гэж үзэх юм алга. Энэ талаар юу хэлэх бол?

-Монголын кино урлагт маш олон залуучууд орж ирж байна. Аливаа зүйл ямар нэгэн байдлаар ч юм уу, ихээхэн хөдөлгөөнтэй байх нь дээр. Тэнд нэг юм болоод байна даа. Унтаж байгаа бол биш байгаа биз. Тэгэхээр ямар нэгэн хэмжээгээр өсч болох юм. Одоохондоо бол чиний хэлдэгтэй санал нийлнэ.

-Уран бүтээлч хүнтэй уулзаж байж, үндсэн сэдвээс баахан хазайв уу. Тэгэхээр “Үхэж үл болно, Чингис хаан” киног хийсний дараа янз бүрийн л зүйлийг ярьсан. Цаашид томоохон хэмжээний бүтээл хийх бодол байна уу?

-Их ч зүйл ярьсан. Хамгийн гол нь хэн юу ч ярьсан би хийнэ гэж бодож байсан зүйлийнхээ ард талд гарсандаа сэтгэл дүүрэн явна. Кино гарснаас хойш ард түмэн ч гайгүй хандлагатай байна. Хөдөө орон нутагт гаргаж байгаа. Тиймээс энэ киноныхоо хоёр, гуравдугаар ангийг хийх бодол бий. Намайг мөнгө эрээд явж байтал цаг хугацаа явчих л байх. Гэхдээ төр түмэн маань дэмжих байх гэж итгэдэг. Одоо “Үхэж үл болно, Чингис”-ийг АНУ-д гаргана. Энэ нь их ажилтай юм билээ. Тэнд байгаа Монголчуудад очиж үзүүлчихээд АНУ-д кино гаргалаа гэхгүй. Тиймээс орчууллаа. Монтажин дээр нь ажиллаж байна.

 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

зочин [ 112.72.14.96 ]      |     6-р сарын 23 -нд, 17:25 минутанд

эх орон гэж юү вэ? чиний орон гэр гэр бүл чинь хэдэн мянган гэр бүл нийлж газар нутагтай болох хэрэгтэй үүнийг хэдэн мянган жил тэмцэж амь насаараа газар нутагтай болно энэ газар шороог эх орон гэж нэрлэнэ үүнийгээ бас хэдэн мянган жил хамгаалж амь насаач өхөөс буцахгүй тэмцэхийг эх оронч гэж алдаршуулан магтаж үлгэр дууриал болгоно үүнийг үр хүүхэдээ эх оронч болгож хүмүүжүүлнэ гэж хэлдэг юм хойч үе минь энэ хүмүүжлийг зөв авсан бол эх оронтой санаа зоволгүй амьдарна хүний нутаг хичнээн хөгжилтэй ч чиний эх орон гэр чинь биш чи өөрөө дөрөв тавдугаар зэргийн хүн байх болно

Zochin [ 66.181.180.74 ]      |     6-р сарын 23 -нд, 12:55 минутанд

Uneheer unaj bgaa unen

Гүнбилэг [ 172.245.73.248 ]      |     6-р сарын 22 -нд, 04:27 минутанд

zaa daa

Төрийн минь сүлд [ 202.179.27.199 ]      |     6-р сарын 22 -нд, 02:20 минутанд

Хийсвэр Төрийг шүтнэ гэдэг тэнэг хэрэг.Очоиж очиж Орос эхнэртэй Ерөнхийлөгч нь киноны алуурчин дууриаж гүйдэг бацаан байхад шүү.

иргэн [ 202.179.25.112 ] 6-р сарын 22 -нд, 03:08 минутанд

Хүн шүүмжлэх дуртай Зөв бичиж чадахгүйг бодоход Хүний муу үзэж суудгаас өөр хийж чадах зүйлгүй Боловсрол нимгэн Дурак байна дөө Чи

Go to top of page