Үүдээ барихдаа тулсан Үйлдвэрчний эвлэл

Монголчуудын эртний танил, тэдний эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллага бол Монгол Үйлдвэрчний эвлэл хэмээх их айл. Социалист нийгмийн үед л хөдөлмөрчдийн дуу хоолой болж явсан энэ байгууллага олон ургальч үзэл бүхий өнөөдрийн нийгэмд улам бүр л хэрэгтэй болж байна. Гэтэл энэ байгууллагын үнэ цэнэ өдрөөс өдөрт унаж, иргэд олон нийтийн шүүмжлэлтэй тулгарах болов. Тэр тусмаа Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар хэмээх нөхөр томилогдож очсон цагаас хойш сайн нэр зүүсэнгүй. Нөгөө талаар эдийн засгийн хямрал чамгүй хэдэн жил үргэлжилж, хөдөлмөрчдийн цалин хөлс, халамж тэтгэврийн чиглэлд ямар нэг нэмэгдэлт өөрчлөлт гараагүй учраас улам л шүүмжлэлд өртөх болов. Үүнийг шууд утгаар нь Үйлдвэрчний эвлэлд тохоод орхиж болохгүй ч олон жил хөдөлмөрчдийн дуу хоолой болж, иргэд Төр хоёрын дундах бат бэх гүүр байсаар ирснээ огтхон ч мартаж болохгүй.

Нийгмийн хаана ямар өргөс байна, хаана юу дутаж гачиж байгааг зохицуулах замаар цаг үетэй уялдсан бодлоготой явж ирсэн байгууллага маань сүүлийн таван жил лав таг суулаа. Сүүлийн таван жилд цалин тэтгэвэр нэмсэнгүй, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 25-50 хувиар өсч, ам.долларын ханш чангарч, төгрөгийн худалдан авах чадвар буурсан гээд олон сөрөг зүйлийг дурдаж болно. Энэ бүгдийг зохицуулах эрх нь Монголын үйлдвэрчний эвлэлд үгүй боловч энэ зүгт анхаарал хандуулах эрх нь бий. Тэр ч бүү хэл энэ бүхнийг зохицуулж, анхаарал хандуулж, иргэдийн дуу хоолой болж байх зорилготой байгууллага.

Гэтэл энэ бүх сөрөг үйл явдлууд дүүрэн өрнөж байхад МҮЭ ямар ч дуу гаргасангүй. Юун цалин төгрөг нэмэх, тэтгэвэр халамжийн зүгт дуу хоолой болох вэ. Ерөөсөө байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга боллоо. Хамгийн гол нь Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа гишүүдэд нь таалагдахаа больж, дотооддоо маргаан дэгдэж эхэлсэн нь сайн дохио биш бөгөөд энэ байгууллагад томоохон шинэчлэл хийхгүй бол болохгүй гэдгийг харуулсан хэрэг юм.

Тэр ч бүү хэл Үйлдвэрчний эвлэл, түүний удирдах баг нь улстөрийн олигархи бүлэглэлд амаа бариулчихсан юм биш биз. Өчүүхэн төдий зүйлд автсан юм биш биз хэмээн хардахаас илүүтэй санаа зовох хүн ч цөөнгүй боллоо.

Саяхан л энэ байгууллага амьтай, ажилтай байлаа. Энэ айлыг тэргүүлэгчийн зүгээс гурван талт хэлэлцээрийг мөн ч олон удаа өрнүүлсэн санагдана. Энэ хэрээр ч нийгэмд үр дүнгээ өгч байсан. Мөн Ерөнхий сайдтай хүртэл удаа дараа уулзаж, энэ мэт болохгүй асуудлыг зөвшилцдөг байв. Өөрөөр хэлбэл МҮЭ хэмээх байгууллага төр ард түмний дундах бат бэх гүүр болж чадаж байлаа. Одоо харин энэ гүүр нуран унасан гээд хэлчихэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Бидний эрүүл энхийн төлөө нойроо хасан ажиллаж байгаа эмч ажилчдын цалин өнөөх л байдгаараа. Монголын ирээдүйн сурч боловсрох үйлсэд оюун санаагаа чилээн цаг наргүй ажиллаж байгаа багш нарын цалин ч өнөөх л хэвээрээ. Хамгийн наад зах нь яагаад ийм зүйлд анхаарал хандуулж болдоггүй юм бэ.

Энэ бүгдийг ийнхүү дурдаад эхлэхээр өнөөдөр эдийн засаг хямралтай, улс орны байдал хүнд байна, ийм байхад цалин тэтгэвэр нэмэх ямар ч арга алга. Боломжгүй зүйл. Дэмий донгосч байна гэх байх. Тэгвэл 2009 онд дэлхий нийтийг нөмөрсөн санхүүгийн хямрал манай улсад ч сүүдрээ тусгасан. Тодруулбал, өнөөдрийн эдийн засгийн хямралт байдлыг манай улс даваад гарч ирсэн. Энэ цаг үед ч цалин тэтгэврээ нэмээд зохицуулаад ирсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Угаасаа бүх зүйлийг хямрал гээч рүү түлхээд байж болохгүй.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Зочин [ 182.160.35.167 ]      |     6-р сарын 26 -нд, 01:31 минутанд

ҮЭ - ийн ажил өөдрөг сайхан байх ёстой шүү дээ. Та нар хичээгээрэй.

Go to top of page