Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

2018 оны 06 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24606 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1481, архидан согтуурсан 4285 дуудлага мэдээлэл байна. Согтуутай холбоотой дуудлага, мэдээллийн 3272 буюу 86.4 хувь нь зөрчлийн шинжтэй, 667 буюу 13.1 хувь нь хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн, 23 буюу 0.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээллүүд байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/520 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Хар усан тохойгоос Маршал, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу гэмт хэрэг, зөрчил, иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл ажиллуулж байна. “Камержуулалт-2” болзолт уралдааныг хоёр сарын хугацаатай зохион явуулж гэмт хэрэг, зөрчил ихээр бүртгэгддэг, үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд 2530 хяналтын камерыг байршуулаад байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 753 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 123 бүртгэгдэж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед нийт 31647 зөрчил илрүүлж байсан бол энэ оны мөн үед 39357 зөрчил илрүүлж 24.4 хувиар өссөн дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм, шөнөдөө  9-11 хэм дулаан, салхины хурд 7-9 м/с байх төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 116 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 106, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 10 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос нийт 73 иргэнийг авран хамгаалж, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 800 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал ирэх 07 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн. Тус ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 27 зочид буудал, аж ахуй нэгж байгууллагын барилга, байгууламжуудад 06 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулан, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 175 зөрчил илрүүлэн, шалгалтын явцад 27 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллалаа” гэж танилцуулав.

“Энэ оны эхний хагас жилийн байдлаар өргөгч механизмд гарсан 4 осол бүртгэгдсэн. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 9 товчоодод 24 цагаар 71 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар сумын код бичигдээгүй, бүтээгдэхүүн нэр төрөл тусгагдаагүй, хянан баталгаажуулалт хийгдээгүй, албан бус тодорхойлолттой зэрэг нийтлэг зөрчил илэрсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор адуу 6920 толгой, үхэр 504 толгой, хонь 1352 толгой, ямаа 622 толгой, тэмээ 2 толгой нийт 9400 толгой малыг Нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэлгүй буцаасан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.  

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэх тухай Нийслэлийн Засаг даргын албан даалгавар гарч байгаа. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахад дүүргүүд болон холбогдох байгууллагууд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” гээд “Нийслэл хотод газрыг зориулалтын бусаар ашиглаж авто худалдаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрын гэрчилгээ цуцлаж байгаатай холбогдуулж газар чөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулах, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийг хуваах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга зохион байгуулах, Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарь гаргаж ажиллуулах, Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах, Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлэгийн асалтанд хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн ногоон бүс дэх хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг тээвэрлэх, хоолны хүнсний аюулгүй байдал, гал түймрийн болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах””-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top