Улс төрийн авьяас чадвараараа У.Черчиллийг хол орхисон Клемент Аттли

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 25

Британийн Ерөнхий сайд асан Клемент Аттли өнөө үеийн улс төрчидтэй огт адилгүй байв. Аттли өнөөгийн дээд албан тушаалтнуудад чухал болсон улс төрийн имиж, олон нийтийн харилцаа буюу Пиар зэрэгт ач холбогдол өгдөг байсангүй. Аттлигаас сурвалжлагчид Хөдөлмөрийн намын сонгуулийн компанит ажлын тухай сэтгэгдлээ хэлэх эсэхийг асуухад өөртөө итгэлтэйгээр “үгүй” гээд хариулчихдаг байв. Гэтэл мэдээж, үгээ хэлэх боломжийг алгасаж, зүгээр өнгөрөөдөг улс төрч гэж байх боломжгүй атал Аттлигийн хамтрагчид хүртэл түүнийг харилцахад төвөгтэй гэдэг байжээ. Түүний дуртай цөөн хэдэн сэдвийн нэг нь крикет тоглох байсан гэдэг. Хэдий тийм ч Клемент Аттлигийн намуухан, хашир хянамгай төрх нь түүхэн дэх хүчирхэг улс төрийн чадвартай нь эн тэнцдэг байв. Энэтхэгийн тусгаар тогтнолын 1947 оны тунхагт гарын үсэг зурж, Хөдөлмөрийн намыг Консерватив намын хүчтэй өрсөлдөгч болгосон нэгэн улс төрч нь Клемент Аттли байжээ. Энэ нь Аттлийг Стэнли Балдвин, Уинстен Черчилл, Маргарет Тэтчер нартай мөр зэрэгцэх орчин үеийн шилдэг улс төрчдийн нэг болгосон байдаг. 
Клемент Аттли найман хүүхэдтэй гэр бүлийн долоо дахь нь болон мэндэлжээ. Залуу Аттлигийн консерватив шинжтэй улс төрийн баримтлал Лондонгийн зүүн хэсэг дэх ажилчдын нөхцөл байдлыг харсанаар өөрчлөгдөж, 1922 онд парламентын гишүүн болсон байдаг. Аттли Британийг Германы эсрэг дайн зарлахад дэмжсэн хэдий ч Консерватив Невилл Чамберлейн ерөнхий сайдтай эвслийн засгийн газар байгуулахаас татгалзжээ. Хөдөлмөрийн намын дэмжлэггүй ажлаа үргэлжлүүлэх хэцүү болсон тул Чамберлейн Уинстон Черчиллээр солигдсон байна.
Ингээд Аттли Дэлхийн II Дайны үеэр эвсэлийн засгийн газарт Уестминстерийн паластаа Черчиллийн орлогчоор ажиллаж байхад түүн шиг хоёр намын түгшүүртэй харилцааг тогтоон барих гэж оролдсон хүн ховор байв. Черчилл цэрэг дайнд  илүү төвлөрч байхад Атлли дотоод бодлогодоо анхааран ажилласан аж. 1942 онд ерөнхий сайдын орлогч болсоноосоо хойш Аттли туйлын хүчирхэг бас нөлөөтэй нэгэн байв. Энэ үед түүний чадвар дээд түвшинд хүрэн, карьер нь оргилдоо хүрсэн гэдэг. Атлли намын удирдагчийн үүргээ ч сайн гүйцэтгэдэг учраас 1935 оноос хойш 20 жилийн турш Хөдөлмөрийн Намаа удирджээ.

 

Түүний нам 1945 оны сонгуульд ялахад тэр Их Британы ерөнхий сайд болсон юм. 
Аттли Британы түүхэн дэх хамгийн амбицлаг гэгддэг хуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Үндэсний Эрүүл Мэндийн үйлчилгээг бүтээж, нийгмийн хангамжтай төрийг бүтээхээр, үндэсний үйлдвэрийн томоохон секторуудыг нийтийн эзэмшилд шилжүүлж, нэлээд хэдэн шинэчлэл реформ явагдсан юм. Жишээлбэл, Англид 1946 оны тогтоомжоос эхлэн хүүхэдтэй гэр бүлүүдэд мөнгө олгодог болсон байна. Аттлигийн засгийн газар эдийн засгийг төлөвлөхийн тулд зарим барааны үнэ, хангамжийг хянахаар оролдож байлаа. Мэдээж, Хөдөлмөрийн нам илүү тэгш эрхтэй нийгмийг эдийн засаг дахь төрийн оролцоогоор бүтээхэд бүрэн дүүрэн хамтран ажиллаж байв. 
Өнөөдөр Клемент Аттлигийн засгийн газрын нийгмийн хангамжийн бодлого нөлөөтэй хэвээр. Дайны улмаас Британы эдийн засаг дампуурлын ирмэгтээ тулах шахсан хүнд нөхцөл байдалтай байв. Гэхдээ Аттлигийн засгийн газар амалсан ёсоороо дайны улмааас хохирлыг барагдуулахаар нэг сая байшинг барьсан байдаг. 
Дайнд Черчилл дэлхий нийтэд илүү идэвхтэй байсан тул Аттлиг Английн шинэ үе ч тэр, дэлхийн шинэ үе ч тэр сайн мэдэхгүй байх магадлалтай юм. Клемент Аттли 1955 онд тэтгэвэртээ гарч, 12 жилийн дараа нас баржээ. Түүхчид ч тэр, түүний үеийхэн ч тэр Аттлиг ойлгож чадахгүй байж мэднэ. Аттли ч өөрийнхөө тухай, гаргасан төлөвлөгөөнийхөө талаар үг унагадаггүй байсандаа нууцлаг нэгэн болж үлджээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top