Монгол Улс, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 25

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоотой хамтын ажиллагаа эхлүүлсний таван жилийн ойн хүрээнд тус улсын сэтгүүлчид манай улсад айлчилж байгаа билээ.  

Айлчлалын бүрэлдэхүүнд  БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон, дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг,  БНСУ-ын Тэгү хот болон Кёнбүг аймгийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны “Money Today” сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны “CBS” салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны “News1” салбар зөвлөлийн дарга Ким Хён, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны “MBN” салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны “Seoul Economic Daily” салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү, БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ажлын албаны менежер Сун Сан Ми зэрэг сэтгүүлчид болон албаны хүмүүс багтжээ. БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны удирдлагууд өөр бусад улстай харьцуулахад Монгол  Улсын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамгийн өргөн хүрээнд хамтран ажиллаж буйгаа онцолсон байдаг.

Хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл өнөөдөр Монгол Улсын Төрийн ордонтой танилцлаа. Энэ үеэр УИХ-ын чуулганы танхим, танхимын дэг ёс хийгээд эндээс сэтгүүлчид мэдээллээ хэрхэн бэлтгэж, олон нийтэд хүргэдэг талаар хүрэлцэн ирсэн зочдод албаны хүн тайлбарлан сонирхууллаа. Мөн хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл Төрийн ёслол хүндэтгэлийн Есөн хөлт их цагаан тугийн  өргөөгөөр зочилж, дурсгалын зураг татуулсан юм. Үүний дараа Төрийн ордонд байдаг ховор нандин бүтээлүүдийн нэг зураач Н.Лхагвасүрэнгийн бүтээсэн "Хан төрийн долоон эрдэнэ"-ийг тайлбарлан танилцуулсан нь БНСУ-ын Сэтгүүлчдийн багийнхны талархлыг хүлээж байсан юм. Ийнхүү хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын төлөөлөл Төрийн ордны түүх дурсгалын үнэт өв соёлтой танилцсаныхаа дараагаар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ээ хэрхэн өргөжүүлэх, хоёр улсын сэтгүүлчдийн байгууллагын цаашдын хамтын ажиллагааны чиглэлд ямар, ямар асуудлыг багтаах талаар Төрийн ордны дөрвөн давхарт байрлах хэлэлцүүлгийн танхимд ажил хэрэгч ярилцлага өрнүүлсэн юм.

Уулзалтын гол зорилго нь хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага хамтын ажиллагаагаа эхлүүлсний таван жилийн ойн хүрээнд санамж бичгийг шинэчлэн байгуулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд оршиж байгаа юм. Энэ хүрээнд олон ажил ярихаар төлөвлөсний дотор эхний ээлжинд хоёр орны сэтгүүлч солилцоог зохион байгуулах ажил багтаж байгаа нь “Мэргэшсэн сэтгүүлч” бэлтгэх МСНЭ-ийн зорилтот ажил биелэлээ олоход томоохон ахиц гарах нь тодорхой юм.

Х.Мандахбаяр: Мэргэшсэн сэтгүүлч бэлдэх тал дээр хоёр улсын Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос бие, биенээ дэмжиж ажиллана

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өмнөх удирдлагын эхлүүлсэн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа БНСУ-ын төлөөлөгчдөд дуулгасан. Ялангуяа, хамтын ажиллагааны чиглэлд хоёр орны сэтгүүлч солилцооны ажлыг эхлүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, контент солилцох, Засгийн газар, элчин сайдын яамны төвшинд бодлогоор  мэргэшсэн сэтгүүлч бэлдэх тал дээр хоёр улсын Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос бие, биенээ дэмжиж ажиллах зэргийг онцолж байлаа. Мөн зөвхөн сэтгүүл зүй бус, өөр олон салбарт хэрхэн оролцож ажиллах талаар хоёр улсын сэтгүүлчдийн байгууллага ярилцсан юм. Тухайлбал,
Монголд амьдарч байгаа солонгос иргэд, Солонгост амьдарч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр иргэдийг мэдээллээр хангахад ямар үүрэг гүйцэтгэж болох талаар хэлэлцлээ. БНСУ-аас 3,500 орчим иргэн Монголд байдаг бол 35 мянга гаруй монгол иргэн тус улсад сурч, ажиллаж байна.  МСНЭ-ийн зүгээс санамж бичгийг шинэчлэн байгуулахдаа илүү нухацтай боловсруулж, ирэх аравдугаар сард БНСУ-д айлчлах үеэрээ үзэглэхээ төлөвлөөд байгаа аж.

Чон Гюү Сон: “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ээ аль болох хурдан хугацаанд батална

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоонд 186 байгууллагын 10,000 гаруй сэтгүүлч харьяалагддаг байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага бүр Сэтгүүлчдийн холбооны салбар зөвлөлөөс гадна Үйлдвэрчний эвлэлтэй байдаг. Гэхдээ энэ хоёр салбар байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаа давхцдаггүй болохыг тус  ерөнхийлөгч Чон Гюү Сон онцолсон. Тухайлбал, тухайн хэвлэл мэдээллийн байгууллагаас нэг хүн Сэтгүүлчдийн салбар зөвлөлийг даргалах бөгөөд сэтгүүлчдийн ажиллах орчныг сайжруулах, тэднийг хөгжүүлж, чадавхжуулахад анхаарч ажилладаг . Харин үйлдвэрчний эвлэл нь хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн асуудлыг хариуцдаг байгаа. Жилд нэг удаа нэгдсэн чуулганаа зохион байгуулдаг. Гэхдээ Монгол Улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй байгуулах "Хамтын ажиллагааны санамж бичиг" -ийг заавал нэгдсэн чуулганыг хүлээлгүйгээр Удирдах зөвлөлийн хурал, салбар зөвлөлийн хурлаараа ярилцаж шийдэхэд чиглэн ажиллахаа амласан юм. Тийм учраас хоёр талаас "Харилцан тохиролцох санамж"-аа аль болох бага хугацаанд баримт бичгийг нь боловсруулж, ажил хэрэг болгох шатандаа анхаарах нь зүйтэй гэсэн юм. Ийнхүү хоёр улсын Сэтгүүлчдийн байгууллагын төлөөллүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бодитой ажлууд хийх талаар ажил хэрэгч уулзалтуудыг  үргэлжлүүлэн хийсээр байна. Уулзалтын хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нартай хийсэн уулзалтын талаарх мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top