Роза Отунбаева: Товчлуур дардаг хүүхэлдэйнүүдийг парламентад суулгаад, өөрөө хаан болж болдог юм

Төрийн эргэлт хийнэ гэдэг амар биш ээ. Бүх ард түмний дэмжлэг ард нь байсан Владимир Ильич хүртэл 1905 онд хувьсгал хийх гээд бүтэлгүйтэж байсан түүхтэй. Төрийн эргэлт хийх оролдлого өнгөрсөн зуунд олон гарсан ч Аугусто Пиночет, Фидель Кастро нарын хэдхэн хүн л үүнийг хийж чадсан билээ. Гэхдээ тэдний нэг нь улс орныхоо хүчний байгууллагыг атгаж байсан бол нөгөө нь ард түмний дэмжлэгээр “ажлаа” амжилттай хийсэн. Гэтэл байнга л ямар нэгэн цэцэг юм уу өнгөний нэртэй хувьсгал гардаг болоод байгаа ЗХУ-ын стануудын нэг Киргизстанд бас нэгэн цэцгийн нэртэй хувьсгалч тодорч, тэр нь эрэгтэй биш эмэгтэй, цэргийн дарга юм уу партизаны удирдагч биш гүн ухаанч байсан нь дэлхийн улстөр судлаачдын анхаарлыг гойд татсан юм. Энэ улсад тавхан жилийн өмнө болсон Алтанзул цэцгийн хувьсгалаар Ерөнхийлөгч Аскар Акаевыг түлхэн унагаж дуулиантайгаар орыг нь эзэлсэн Курманабек Бакиев эмэгтэй хүний өмнө хүчин мөхөстсөн нь мань Сарнайг хүссэн ч хүсээгүй ч хэвлэлийн баатар болгож орхисон билээ. Хэний тухай яриад байгааг уншигч та аль хэдийнэ ойлгосон биз ээ. Эдүгээ гаргах шийдвэр бүр нь АНУ, ОХУ, Хятад гээд л хүчирхэг гэгдсэн бүх улсуудын анхаарлын төвд байх болсон тэр улстөрч бол мэдээж хэрэг Киргиз улсын Ерөнхийлөгч  асан Роза Отунбаева билээ.

Роза Исаковна Отунбаева 1950 оны наймдугаар сарын 23-нд Ош хотод Киргизийн Дээд шүүхийн Гишүүн Исаак Отунбаевын хоёрдугаар хүүхэд болон мэндэлжээ. Нэр хүндтэй эцгийнхээ буянаар Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Гүн ухааны факультетийг төгсч Германы Франкфурт Их сургуульд мэргэжил дээшлүүлжээ. Улмаар  “Марксист Ленинист онолын хуурмаг байдлыг шүүмжлэх нь” сэдвээр Германд эрдмийн зэрэг хамгаалсан байна. Үүнээс хойш тэрбээр бүгд найрамдах улсынхаа Гадаад хэргийн сайд, Малайз, Брунейд суух элчин сайд зэрэг чухал албанд ажиллаж байгаад 1992 онд Тусгаар тогтносон Киргиз улсын анхны Гадаад харилцааны сайдаар томилогдсон байна. Гэтэл ажил нь ид цэгцэрч ирсэн 1997 онд дарамт шахалтхэтэрхий их байна гэсэн шалтгаанаар гэнэт төрийн албанаас татгалзсан удаатай. Тэрбээр бага байхаасаа л “Хийж чадах ажлаа л хийнэ” гэсэн зарчмыг хатуу баримталж иржээ. Тийм ч учраас “Алтан зул цэцгийн хувьсгал”-ын дараа К.Бакиев түүд албан тушаал санал болгоход дасаж сурсан Гадаад харилцааныхаа яаманд ажиллахаар улстөрд эргэн ирж байжээ. Үүнээс өмнө тэрбээр НҮБ-аас Гүржид суух төлөөлөгчөөр ажиллаж, Гүрж Абхазын сөргөлдөөнийг зохицуулж явжээ. Дашрамд дурдахад “Алтанзул цэцгийн хувьсгал” ч гэсэн Роза Отунбаевагаас үүдэн гарсан гэхэд хилсдэхгүй билээ. 2004 онд эрх баригчдын эсэргүүцэх “Ата Журт” гэх хөдөлгөөнийг найруулагч Дооронбек Садырбаевын хамт үүсгэн байгуулан төр засгийн бодлогод шүүмжлэлтэй хандсанаар ард түмний дунд нэр хүнд нь дээшлээд байсан түүнийг Ерөнхийлөгч А.Акаевын даалгавараар “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо суусан байх ёстой” гэсэн хууль ”зохион” Парламентын сонгуульд оролцуулаагүй явдал хүмүүсийн дургүйцлийг ихээр төрүүлж, улмаар хувьсгалд хүргэсэн юм. Товч танилцуулгынхаа төгсгөлд түүний нэгэн ярилцлагыг толилуулья. 

 

-Хувьсгал яаж гарчихав аа. К.Бакиевийг хэн ч хөдөлгөж чадахгүй гэж бүгд бодож байсан юм сан?

-Бид хувьсгал хийнэ гэж төлөвлөөгүй. Хэлэлцээр хийхийг л хүссэн. Тэр татгалзсан. Гэтэл би хувь хүнийхээ хувьд биш Парламент дахь цөөнхийг төлөөлж ярих гэж байсан шүү дээ. Тэр өөрийгөө хаан гээд ойлгочихсон байсан юм шүү. Тэр халаасны нам байгуулчихаад товчлуур дардаг хүүхэлдэйнүүдийг Парламентад суулгасан байсан болохоор юу гэж хэлэлцэхийг хүсэх билээ дээ. Би гадаад хэргийн сайдын хувьд ард түмнээ эвлэрүүлэхийн тулд хэвлэлийн бага хурал зарласан ч яаж аашилсныг нь мэдэж байгаа биз дээ.

-Тасалдуулсан гэж сонссон?

-Тасалдуулаад зогсоогүй юм. Ард түмнийг уландаа гишгэсэн. Ард түмэн тэсч тэсч нэг л өдөр дэлбэрсэн хэрэг. Бид өмнө нь бүх ард түмний хурултайг зарлая оролцооч гэх зэргээр хичнээн оролдсон гэх вэ. Гэтэл бүр мөрдөж эхэлсэн. Би гэхэд л мөшгөлтөөс олон удаа зугтааж байлаа.

-Гэхдээ эцсийн эцэст хэлэлцээр болсон. Бакиев биеэ хэрхэн авч явж байх юм?

-Намайг хэн орлох юм бэ гэж л асуугаад байсан.

-К.Бакиевийг барьсан тохиолдолд хуулийн дагуу шүүх үү, эсвэл Линчийн шүүхээр оруулах уу?

-Би олон улсын байгууллагад хандан үйлдсэн гэмт хэргүүдийг нь шалгах хүсэлт хүргүүлчихээд байгаа.

-К.Бакиев нутаг дээрээ АНУ-ын цэргийн баазыг байрлуулахаар болчихсон байсан. Та хэрхэн шийдэх вэ?

-Бид баазаар “занимаалддаггүй” шүү дээ. АНУ цэргээ Афагнистанаас гаргасан. Тэгэхээр тэдэнд Гүрж эсвэл Киргиз гэсэн хоёрхон сонголт үлдэж байгааг ойлгож байна. Гэхдээ та жишээлбэл эх орноо харийн гүрний цэргийн бааз болгох байсан уу. Тийм болохоор хэлэлцээрийг маш нухацтай хийх шаардлагатай байна гэж л хэлье дээ.   

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page