Шадар сайд Ө.Энхтүвшин Япон, Хятадын сайд нарыг хүлээн авч уулзлаа

2018 оны 07 сарын 05

 

Улаанбаатар тэлэх хэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах хэрэгцээ нэмэгдэнэ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн сайд нарын бага хурлын хоёр дахь өдрийн хуралдааны хүрээнд Японы төлөөлөгчдийн тэргүүн, тус улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акама, БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх дэд сайд Жөн Гүөгуан нартай тус бүр хоёр талын уулзалт хийв. 

Шадар сайд Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акамаг хүлээн авч уулзахдаа Монгол, Японы харилцааг эдийн засгийн салбарт шинэ түвшинд гаргаж хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа илэрхийлээд, “Энэ чиглэлд манай хоёр улсын хооронд 2016 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бид ач холбогдол өгч байна” хэмээн мэдэгдэв. Монгол, Японы худалдааны гүйцэтгэл 2017 оны эцсийн байдлаар 377.9 саяам.долларт хүрсэн боловч үүнээс манай экспорт 14.8 сая ам.доллар байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин чамлалттай үзүүлэлт хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Шадар сайд түүнчлэн Ө.Энхтүвшин “Онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын харилцааны чухал салбарын нэг билээ. Бид цаашид гамшгийн эрсдэлийгбууруулах чиглэлээр Японы талтай нягт хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв.

Япон улсын Гамшгийн асуудал эрхэлсэн дэд сайд Жиро Акама ярианыхаа эхэнд Азийн сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэлээ. Тэрбээр “Манай хоёр улс стратегийн түнш, гуравдагч хөршүүдийн хувьд харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт тавин ажиллах нь зүйтэй. Түүнчлэн Улаанбаатар хот жилээс жилд тэлэн томорч байгаагийн хэрээр гамшгийн эрсдэлийг бууруулах хэрэгцээ шаардлага ч өсөн нэмэгдэж байгаа учраас энэ салбарыг чадавхжуулах, хөрөнгө оруулахад бид анхаарч, хамтран ажиллах болно” гэлээ.  

Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэхэд хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэх саналтай байна

Дээрх уулзалтын дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх яамны дэд сайд Жөн Гуөгуаныг хүлээн авч, санал бодлоо солилцов. 

Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын үйл ажиллагааны хүрээнд бүс нутгийн, нэн ялангуяа хөрш улсуудын хамтын ажиллагаа улам бүр чухлаар тавигдаж байгаа энэ цаг үед Монгол Улс, БНХАУ-ын Онцгой байдлын албадын харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатай талаар тэд ярилцсан юм.

Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайдын хувьд Монгол, Хятадын онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн анхаарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1999 онд байгуулсан “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн байгуулах саналыг манай талаас хүргүүлснийг ойрын хугацаанд тохиролцох, шинэчлэн байгуулах чиглэлд хамтран ажиллах саналтай байгаагаа дуулгав. Түүнчлэн “Хил орчмын бүс нутагт болон улсын хил дамнан гарсан ой, хээрийн түймрийг шуурхай унтраах зорилгоор хоёр улсын холбогдох байгууллагуудыг оролцуулсан хамтарсан дадлага сургуулийг зохион байгуулах, гал түймэртэй тэмцэх орон нутгийн чадавхийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг саналыг тавьж байна” гэлээ.

 БНХАУ-ын Онцгой байдлын хэрэг эрхлэх яамны дэд сайд Жөн Гуөгуан Шадар сайдын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсний сацуу Азийн сайд нарын хурлаас гарах бүхий л баримт бичигт нэгдэхэд бэлэн гэдгээ хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(24.15.87.15) 2018 оны 07 сарын 05

ene ovgon bas neg darga bolj setgel ny taivshrav daa zauluul

0  |  0
Top