Н.Мөнхбаясаглан: Унаач хүүхдүүдээ хамгаалья, Өв соёлоо ч авч үлдье…

2018 оны 07 сарын 06

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ, МИГ даатгал, Номин даатгалтай хамтран унаач хүүхдүүдэд зориулсан даатгалын шинэ үйлчилгээ гаргахаар болсон тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ нь тухайн хүүхэд зөвхөн морь уралдсанаас гэмтэж, бэртсэн эрсдэл бус, тухайн жилд тохиолдох бүх осол, гэмтэл гээд 15 төрлийн эрсдэлийн цогц даатгал болохыг МИГ даатгал компанийн ерөнхий менежер Г.Мөнхтулга хэлсэн юм. Ийнхүү унаач  хүүхдүүдийн уралдаанд ороод үүсэх эрсдэлээс хамгаалсан даатгалын сантай хамтран ажиллах гэрээ байгуулан, даатгалын бүтэн жилийн хураамж болох 100,000 төгрөгийг төлснөөр, 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор авах боломжтой.

Түүнчлэн унаач хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэглэл ашиглаагүйгээс гэмтэж бэртэх тохиолдол ихээр гардаг болохыг тодотгон өнгөрөгч оны байдлаар, болж өнгөрсөн 394 уралдаанд давхцаагүй тоогоор 10,435 унаач хүүхэд оролцож, нийт уралдаан дотроос 629 хүүхэд мориноосоо унаж, 159 хүүхэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авч, 3 хүүхэд насан туршын хөгжлийн бэрхшээлтэй болсон тухай тодрууллаа.

Иймд унаач хүүхдийн стандартын хувцас хэрэгслийг түрээслэхээр болсон ба 110-180 мянган төгрөгөөр худалдаалагддаг хувцсыг иж бүрнээр нь 20 мянга, өвдгөвч, тохойвч, хантаазыг 10 мянган төгрөгөөр түрээслэх боломжтой болж байна. Ийнхүү энэ мэт ажлыг эрчимтэй хийсний үр дүнд “Унаач хүүхдүүдээ эрсдлээс хамгаалан үндэсний өв соёл морин уралдаанаа авч үлдэж чадна” хэмээн Монголын морин спорт, залуу уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясаглан онцоллоо.

Б.Эрдэнэзаяа


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зүчэ(66.181.161.67) 2018 оны 07 сарын 06

Хэдэн халтар хүүхдүүд бизнэсийн хэрэгсэл болжээ.түрээслэх ашиг олжээ.Хэр найдвартай хэрэгсэл вэ .Мориноос ойлоо ойчлоо хэр найдвартай юм бэ дээ Наанаа хүүхэд цаанаа мөнгө бодоогүйг яаж мэдэх э

0  |  0
Top