Д.Оюунхорол: Гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн орчны шинэчлэлийг хийж чадсан /III/

2018 оны 07 сарын 06

 Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран энэ сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал өнөөдөр нэгдсэн дүгнэлт хуралдаанаар өндөрлөнө. Энэхүү хурлаар “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн эхний гурван жилийн үйл ажиллагаа, Азийн бүсийн төлөвлөгөөний хэрэгжилт, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн улс орнуудын хүлээсэн үүрэг, амлалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ахиц дэвшлийг үнэлж дүгнэн, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн 2018-2020 оны төлөвлөгөө”, “Улаанбаатарын тунхаглал”, “Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл” зэрэг баримт бичгүүдийг батлан гаргана.

Гамшгийн эрсдэлийг бууруулах хуралдаан нь техникийн, сэдэвэлчилсэн, салбар хуралдаануудаар Шангри-Ла, болон Туушин зочид буудлын хурлын танхимд энэ өдрүүдэд боллоо. 2018.07.05-ны өдрийн хурлын онцлог нь Монгол Улс Засгийн газар “Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” гэсэн хоёр ОНЦЛОХ хурлыг удирдан зохион байгуулсан явдал юм.

“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц, хот суурин газрын гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах нь” хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Шадар сайд Ө.Энхтүвшин “Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй, нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаа Монгол Улс нь төв Азийн бүс нутгийн газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд оршдог. 

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн тоо давтамж эрс ихсэж байгаа нь бид бүхний сэтгэлийг ихээр түгшээж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас хот суурин газруудын гамшигт тэсвэртэй байдлыг хангах, барилга, байгууламж, дэд бүтцийг илүү сайжруулан барьж байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж, бусад улс орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтаас суралцах үүднээс уг хуралдааныг энэхүү сэдвийн дор зохион байгуулж байна. Монгол Улс НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачлан дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орны хувьд гамшигт тэсвэртэй эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлтийг зорилгоо болгон ажиллаж байгаа” гэдгийг тэмдэглэв.

Хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Газар хөдлөлтийн эсрэг барилга байгууламжийн тэсвэрлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын ололт, амжилт”,  Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, дэд хурандаа М.Сэржмядаг “Улаанбаатар хотын дэд бүтцийн гамшгийн тэсвэрлэх чадвар” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.

Харин хоёр дахь онцлох хуралдаан болох “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” хурлыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даргалан явуулж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монгол Улс гамшгаас хамгаалах чиглэлээр хийсэн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд илтгэл тавилаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах “Сендайн үйл ажиллагааны баримт бичиг”-т үндэсний, орон нутгийн, олон улсын болон бүс нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлээс оруулах хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг цохон тэмдэглэж, аль салбарт хэрхэн яаж хэрэгжүүлэхийг тодорхойлж өгсөн байдаг. Улс орнуудын гамшгийн эрсдэлийг бууруулахад хувийн хэвшлээс оруулж буй хөрөнгө оруулалтын хувьд санхүү, даатгал, барилга, дэд бүтэц, мэдээллийн технологи болон харилцаа холбоо, ахуй үйлчилгээ, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, сургалт, сурталчилгааны салбарт ихэнх хувийг эзэлдэг байна. Тиймээс энэхүү хуралдаанаар оролцогч улс орнуудад гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын туршлага, ололттой танилцаж, харилцан туршлага судлах, ямар салбар, үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцэж, санал зөвлөмжийг гаргах юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос тавьсан илтгэлийнх нь талаар тодруулж, ярилцлаа.

- Та Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал дээр илтгэл тавилаа. Энэ талаараа тодруулахгүй юу?

- Өнөөдөр миний тавьсан гол илтгэл бол гамшгаас хамгаалах эрх зүйн шинэтгэлийг Монгол Улс яаж хийсэн бэ, энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ гэсэн асуудлаар байлаа.

Монгол Улсын Их Хурал “Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030” гэсэн баримт бичиг болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрийг баталсан байдаг. Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 он гэсэн дэлхий нийтийн бодлогын баримт бичигтэй уялдуулан Монгол Улсад 2015 оноос хойш бодлогын баримт бичгүүдийг УИХ, Засгийн газар болон холбогдох газрууд нь баталж гарган, мөрдөж байна.

Сүүлийн үед эдгээр болдлогын баримт бичгүүд болон хуулиудтайтайгаа уялдуулаад манай улсын Онцгой байдлын Ерөнхий газар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр нэлээн ахицтай, дорвитой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал боловсон хүчнээ бэлтгэх ажил, материаллаг баззаа бүрдүүлэх, гамшгийг тухайн тухайн үед нь бууруулах чиглэлийн арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудынхаа оролцоог хангаж, хамтран ажиллах чиглэлээр ахиж дэвшлүүд гарч байна. Тийм учраас цаашид энэ чиглэлээр олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа юм.

- Гамшгаас хамгаалах хууль, эрх зүйн шинэтгэлийн талаар тодруулбал?

- Гамшгаас хамгаалах тухай хуулийг олон улсын нэр томьёонд нь дөхүүлж, шинэчлэх ажлыг Монгол Улсын Их Хурал амжилттай хийж хэрэгжүүлсэн. Өмнө нь гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шат бүрийг бүрэн дүүрэн тодорхойлж чаддаггүй байсан. Үүнийгээ тодорхойлж чаддаг болсон. Гамшгаас хамгаалах үндэсний удирдлага, зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг бүрэн гаргаж чадахаар эрх зүйн орчны шинэчлэлийг хийж чадсан. Гамшгийн үед хүмүүнлэгийн тусламжийн холбогдох харилцааг зохицуулах, салбар хоорондын бодлого зохицуулалтын уялдаа холбоог нэлээн нарийвчилсан байдлаар хууль эрх зүйн орчиндоо суулгаж өгсөн. Энэ олон улсын жишигт гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэглэж байгаа хууль тогтоомжуудыг Монголдоо нутагшуулах, шингээх талаар хууль эрх зүйн орчин амжилттай бүрдсэн гэж ойлгож байна.

Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгосноороо бид үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтын оновчтой гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж чадсан.

- Манай Улс гамшгийн эрсдлийн удирдлага, зохион байгуулалтын хувьд ямар тогтолцоотой ажиллаж байгаа вэ?

- Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд гамшгийн асуудлаа хариуцан удирдаж, Шадар сайд болон Улсын онцгой комисс, ОБЕГ нь удирдлага, зохион байгуулалтаар нь хангаж ажиллана гэж хуульчилж өгсөн. Аймаг, нийслэлийн Засаг  дарга нар орон нутгийнхаа хэмжээнд асуудлаа хариуцан удирдаж ажиллана. Аймгийн онцгой комисс, онцгой байдлын газар мөн орон нутагтаа удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж ажиллана. Сум, дүүргийн хэмжээнд сум, дүүргийн Засаг дарга нь онцгой байдлынхаа комиссыг тэргүүлээд, сум, дүүргийн онцгой комисс, онцгой байдлын хэлтэс удирдлага, зохион байгуулалтаар хангахаар нарийвчилан зааж өгсөн нь маш сайн болсон гэж үзэж байгаа юм.

- Гамшгийн эрсдэлийг бууруулахад санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?

- Санхүүжилтийн хувьд маш дутмаг олон зүйл байсан. Гамшиг гарсан үед дандаа хандив гуйгаад асуудлаа шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас бэлтгэл ажлыг хангахын тулд төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын тухайн жилийн төсвийнхөө нэг хувийг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлынхаа 1.5 хувийг  хөрөнгийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд төлөвлөж, зарцуулж байхаар хуульчилсан. Өөрөө хэлбэл санхүүжилтийн тогтмол эх үүсвэртэй болсон гэсэн үг. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвийн нэг хувийг орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах сандаа тусгаж өгөөд гамшгаас хамгаалах арга хэмжээндээ зарцуулах зохицуулалтыг тодохойлон зааж өгсөн нь энэ хуулийн маш чухал онцлог. Нөгөө талаас олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулж байгаа туршлагыг Монголд нутагшуулсан хамгийн зөв хувилбар байсан гэж бодож  байна.

Гамшгийн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд холбогдох талуудын оролцоог хангаж өгөх. Тухайлбал иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудаа оролцуулж, дэмжих, тэдгээрийг нийгмийн хариуцлагаа зөв ухамсарлаж, оролцох боломжуудыг нэлээн сайн хангаж өгсөн.

Дараа нь гадаад тодоодын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалтуудыг маш тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл энэ чиглэлээр маш их хэмжээний тусламж, дэмжлэг, мөнгө төгрөг ирдэг. Жишээлбэл, зудын эрсдэлийг арилгах малжуулах төсөл хэрэгжүүлье гэхэд олон улсын байгууллагууд их хэмжээний мөнгө өгдөг. Үүнийг хамгийн оновчтой, хамгийн шударгаар, яг бодитой гамшиг нүүрлэсэн байгаа тухайн аймаг орон нутаг, сум, дүүрэг, иргэдэд нь хүргэх асуудлыг нарийн зохицуулалтайгаар оруулж, олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж байхыг энэ хуулинд тусгаж өгсөн. Ингэснээрээ гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд зарцуулах төсөв хязгаарлагдмал байсан орчныг нь засч, залруулсан сайн хууль болсон гэж үзэж байна.

- “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” хуралдаан дээр гадны төлөөлөгчид ямар асуудлыг хөндөж байна вэ? 

Өнөөдөр энэ хурал дээр сууж байхад ОУ-ын байгууллагаас ирсэн төлөөлөгчдийн дийлэнх нь ярьж байгаа нэг зүйл нь гамшгийн үзэгдлийн тоо нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий даяар хүчтэй явагдаж байгаа энэ үед нэгдүгээрт хүмүүст сурталчилгааг сайн хийх. Иргэний болон төр нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын нийгмийн хариуцлагыг маш сайжруулахыг ярьж байна. Хувь хүний алдаанаас болоод гал гарна гэдэг маш их хэмжээний эдийн засгийн хохирлыг учруулдаг. Үүнийг бууруулах чиглэлээр хууль тогтоомждоо хариуцлагын тогтолцоог маш сайн суулгаж өгч, шийдвэрлэгдэг байх ёстой гэдгийг ярьж байна.

Нөгөө талаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцан ашигтай байх сонголтыг бий болгож өгөх хэрэгтэй. Хэдийгээр хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлаад тусалж, дэмжиж байгаа ч гэсэн цаана нь харилцан ашигтай байхаар бизнесийн байгууллагуудаа татварын бодлогоор дэмжих, үйл ажиллагааг нь дэмжсэн төсөл хөтөлбөрүүд, санхүү зээлийн мөнгөний даатгалын бодлогуудаар дэмжих гэх мэт ажил, арга хэмжээг шийдвэрлэж байвал зүгээрээ гэсэн санаануудыг хүмүүс нэлээн ярилаа.

Ер нь олон янзын бизнесийн загваруудыг улс орнууд өөрийнхөө онцлогт тохируулж ярьж байна л даа. Жишээлбэл, далайтай орнууд үер усны аюулаас хамгаалах чиглэлийн асуудал дээр илүү анхаарсан үйл ажиллагаанууд явуулж байна. Монгол Улс ч ялгаагүй уур амьсгалын өөрчлөлтөөс болж жилд болж байгаа гамшгийн эрсдэлийн тоо нэлээн нэмэгдэж байгаа. Зарим үед хэт их халах, бороо орохгүй байх,  өвөл нь хэт хүйтэрч зарим үед цас ихээр орох гэх мэт уур амьсгалын энэ олон өөрчлөлтийн нөлөөлөл нь Монгол Улсын эдийн засаг, хүн ардын амьдрал ахуйд хүндээр нөлөөлнө. Тийм учраас энэ болгонд тооцоо судалгаатай, бодлолготой ажиллахыг анхаарах, нөгөө талаас эрдэмтэн судлаачдынхаа багийг энэ асуудал дээр онцгой анхаарлыг нь хандуулж ажлуулаад, гаргаж өгч байгаа судалгааны дүн, мэдээ мэдээлэлийг нь гүйцэтгэх байгууллагууд нь авч ашигладаг, шийдвэр гаргаж, бодлого боловсруулагчид нь эрдэмтэн судлаачдаа сонсож, асуудалд бодитойгоор хандах цаг нь болсон байна.

- Баярлалаа.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


 


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.10) 2018 оны 07 сарын 13

ene avgai arhi uuna hural deer untana hov hutgana YUm yuml hiih yumdaa muuhai avgai 2020-n ond budaa bolno Zavhand ochih nuurguil bolson yum bile Narantuya gishuunees suraltsaach chavgants mini

0  |  0
Zochin(31.35.91.181) 2018 оны 07 сарын 06

Aailaachee novchiin avgai

0  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2018 оны 07 сарын 06

Бүдүүн тарган үнээ хуц за. 10 хан хоногт 4 хүүхэд алчихаад үхсэний чинь ажил хийсэн гээд хуцаад байгаан.

0  |  0
batbayar(122.201.23.226) 2018 оны 07 сарын 06

hural ihdeed huuhed uheed l bna shuu

0  |  0
Зочин(103.14.36.6) 2018 оны 07 сарын 06

Энэ тэнэг авгай өөрийгөө Шадар сайд болгосон явж байналээ. Хамгийн тэнэг юм ярьсан энэ авгай байсан. Бас Булгантуяа

0  |  0
зөвөө(202.70.47.158) 2018 оны 07 сарын 06

Энэ ИЧДЭГГҮЙ ХУРЛЫН гишүүд мэдэхгүй, чадахгүй байж юм болгонд оролцож явдгаа болиочээ

0  |  0
Top