Сумын наадам

“Саарал даавуун дээлийг гурван наадамд өмсчээ би, Ганган морьтой эр хүнд дээлийн өнгө ч яамай даа” хэмээн манай А.Эрдэнэ-Очир найрагч нэгэнтээ дуун алдсан нь бий. Тиймдээ, дэлийг нь сумлан зассан ганган моринд л нүд унадаг байснаас эзэн нь чухам ямар дээл өмссөн тухай дурсамж бага насны дурдатгалд үл үлджээ. Үеийн охидын адтай инээд чихэнд цангинаж, унасан морь нь сэтгэлийн гичирт үүрсэх нь л дурсамжийн гүнд үлдсэнээс биш тэд чухам ямар дээлээр гоёж, ямар өнгийн тууз дэврүүлж явсныг санах юм алга. Аймгийн заан И.Улаанхүү хэнийг амлах бол гэж харж явснаас ямар дээлтэй байсныг эс санах аж. Эрдэмт уяач Г.Шоовдорын “Мөнгөн бөгст” түрүүлэх болов уу яах бол гэж догдолж байснаас эгэлгүй энэ уяачийг ямархан зүйлс эдэлж хэрэглэж байсныг ч үл санах. Одоогийн наадамчид шиг биш байсан хэрэг. Одоо ч биеэ ороосон торго дурдан, унасан машинаараа гангардаг цаг санж. 

Наяад оны сумын төвийн хүүхдүүд бид хэрдээ л гоёж гоодоод наадмын талбайд очно. Гэрээс гараад арав алхасан даруй л наадмын хуушуур авч иднэ, улаан ус гэж тухайн үед нэг ид шидийн ундаа байв даа. Түүнийг ч мөн гүзээлнэ дээ. Үүгээрээ бол ч бид мөнхийн шидийг олсон болов уу. Жаахан нас том болж, арав гараад ирэхээр морь унаж, давхилдах бол дээдийн жаргал. 
Бас болоогүй ээ, айраг түрүү авсан уяан дээр ёс юм шиг очно. Мань мэтийг тоож анзаарахгүй ч эр хүн хийморио сэргээгээд л авна. Тав зургаан сард амраад хөдөөг зорьсон ангийн анд нар хоёр сарын дараа хүрэн бор нөхдүүд л хангал тарган морьдтой дайрч унагах нь халаг давхилдана. Жижигхэн биетэй нэг нь дээд гурван нас дараалан унаж, аяншиж гундсан ч сэргэлэн харцтай морь барианы газарт уулзалдана. Энд өнөөх математик, газар зүй, монгол хэлний хичээлийн тухай нэг ч үсэг байхгүй. “Сайхан наадаж байна уу, морь хурдан, уяа эвлэг үү” хэмээн хэвлүүтэж, намар сургуульд огт орохгүй юм шиг л загнана. Чингэхдээ худалдаанаас улаан ус хэдийг авч бидэнд хишиг хүртээгээд өөрөө бөхжиж амжаагүй цагаан шүдээр газыг нь пис пис дуугарган задлаад залгилна. Магадгүй, зарим нэг нь “ВТ” янжуур ч гаргаад тамхилж мэднэ. 

Ийн загнахад сумын төвийн мань мэтийн хэсэг нөхдийн сүр баахан дарагдана. Дарагдахаас ч өөр аргагүй. Сумын төвийн хүүхдүүд ийн наадамд ирсэн ангийнхаа хүүхдүүдээс морь илүүчилж гуйна. Мэдээжийн хэрэг тэд бидэнд сор болсон хүлгээ өгөхгүй. Морины ажил хийж зүдэрсэн, гэрээсээ гараад наадмын замд уналга ачлага гээд зөндөө талхилсан нэг морь оногдвол дээдийн заяа. Ангийн нөхдийн унасан хангал морьдын дэргэд ёстой л “үстэй хад”, “илжиг ээ, илжиг”. Дээр нь байнга сумын төвд байх бид бэл нимгэн, аав ээжийн өгсөн тав арван төгрөгийг өглөө гараад л дуусгачихна. Харин хөдөөнөөс ирсэн ангийнхан маань дор хаяж ногоон хорьтын дэвсгэрт, тэгээд тавьтын бор дэвсгэрт гаргаж ирээд л даналзана. Зарим дураараа нэгэн нь шар халзан зуутын дэвсгэрт бариад л дайраад байна. Ингэхээр бидний сүр даргадахгүй яах юм. Уг нь хичээл орж байгаа үед бол бид тэдний сүрийг дардаг юм. Дотуур байрны хүүхдүүд гэртээ тарвалзаж байгаа бидний сүрэнд дарагдахаас ч өөр арга байхгүй л дээ. Хичээл сурлага, биеийн тамир гээд бүхий л зүйлээрээ дардаг юм. 

Ийнхүү дээд гурван нас үзэж, гундсан ч гэсэн морьтой эр хүн наадмын талбай дээр морио давиран явж байтал унаа залгуулсан найзын маань аав таарч, замын гудас эдэлсэн муу морь аллаа, яасан задарсан хүүхдүүд вэ. Хурдан тавь хэмээн зандарна. Ангийн найз бид хоёр юу ч эс дуугарах агаад найз маань миний унаж явсан муур хонгор морийг хуу хамж аваад л уяан зүг тоос татуулчих нь тэр. Өдрийн тал илүү морьтой явсан эр хүн ингээд л наадмын талбай дээр тоосонд дарагдаад “гахай нүцгэн, нохой явган хоцорно” доо. Найзынхаа аавд ороолгуулаагүй дээ баярлаж, бяцхан тайвшраад явганчуудын армид элсэнэ. Гэхдээ “эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана” гэдэг дээ, маргаашийн наадмыг хэрхэн морьтой өнгөрөөх, хэнээс унаа гуйх тухай бас бодож амжина. Уг нь надад унадаг дугуй байдаг ч хангал морьд унасан ангийн нөхдөө харахаар тэр зүгээр л төмрийн хог мэт санагдах учир наадмын хоёр өдөр дугуй маань гэрийн сүүдэрт л өнжинө. Түүнээс бусад цагт бол дээрээс нь бууна гэж үгүй л дээ. Ёстой л бие засахдаа хүртэл зайдалдаг унаа маань зуны цагт ийнхүү хоёрхон өдөр нуруу амрааж, надад гологдоно. 

Оройн наран баруунаа таширлаж байх үест л гэрийн бараа харна даа. Бас болоогүй ээ, ээж дүү нартайгаа наадмын сонин хачин яриа дэлгэнэ. Өлссөн ч гэж юу гэхэв. Гавьяа байгуулсан хүн шиг баахан л идэж ууна. Аав ээж дүү нар тэгтлээ миний ярианд шимтэхгүй. Ер нь л ойшоохгүй. Харин эмээ маань их л шимтэн “уухай, тэгээд” гэх зэргээр уулга алдан сонсоно. Бодоход аминыхаа ганц ачийн урмыг боддог байсан биз ээ. Түүнээс биш би ямар л олигтой сонин хачин ярих билээ дээ. Ярианы төгсгөлд хэний морь түрүүлэв гэхээр таг болох ч үе бий. Ийм л наадамчин. 

Аав ээж хоёр маань сумын концерт, баярын хурал, үдшийн цэнгүүнд явахаар надад баахан захиас өгөөд арилаад өгнө. Одоогоор бол баярын шоу юм даа. Дүү нараа л эмээтэй хавсарч харах үүрэг өгч байгаа хэрэг шүү дээ. Ийн байтал гадаа шүүгэл тасхийнэ. Ангийн маань анд Н.Хатанзориг тэргүүтнүүд гэрээсээ яаж мултарсан юм, ирчихсэн дуудаж байх. Арав гаруйхан настай банди нар үдшийн цэнгүүнд явна гээд зогсож байх юм. Би ч арга барагдана даа. Эмээг найрахаас өөр бодол толгойд үл орж ирнэ. Ингээд эмээ маань угийн л хошуу дэвсдэг зангаараа зөвшөөрөл өгнө. Өгөхдөө ээж аавыгаа ирэхээс өмнө эрт ирэх үүрэгтэйгээр. Ингээд л үдшийн цэнгүүний газар очиж, цонхоор жаал харна даа. Сүүдэр бараадасхийгээд л явна. Эвгүйтвэл өөрийн аав ээж ч гэхгүй хэн нэгэн нь зад загнаад л хөөгөөд явуулчих болохоор. Арван хэдтэй хөвгүүд нутгийн сайхан эгч нарыг бас сэм сэмхэн харж зогсоно, болоогүй ээ. Ганц нэг дуу алсаас сонсож, эгч ах нарын хэрхэн бүжихийг харж зогссоор байгаад цаг тулчихна. Гэрийн зүг хар хурдаараа гүйнэ дээ. Ингээд ээж аав хоёрыг ирэхэд орондоо орчихсон нэг их гэмгүй амьтан маргаашийн наадамд хөл залгах унааны тухай л бодож хэвтэнэ. 

Өглөө нар битүү л энд тэнд морь тарлах, адуу янцгаах, хаая хүүе гээд есөн зүгийн дуу чимээ хэдийнээ эхэлж байхад босно. Эмээдээ хэдэн тугал хурдхан шиг татаж өгчихөөд л ангийнхаа анд Э.Батболдын аав С.Эрдэнэбаатар гуайн уяаг зорилоо. Бидний “Лагерийн овоо” гэж нэрлэх намхан бор тоглодын зүүн энгэрт байх уяан дээр очвол мань эр уяан дээр эгээ л алдарт уяач шиг завилаад суучихсан байх. Өглөөний наранд “Хазаар дэрлэн зүүрмэглэх зургаан насны морьд”-ыг /Х.Батхүүгийн шүлгээс/ шинжин суугаа бололтой. Хэрэг зоригоо хэлбэл, тэрээр аавдаа хандан “Ажаа Ууганаад унах морь хэрэгтэй гэнэ. Энэ хамар цагаан зээрд морийг унуулах уу” хэмээвэл С.Эрдэнэбаатар гуай “Төвийн хүүхдэд бусгадаг морь дэмий. Тэр мөлүү чихтэй хул морийг бариад өг. Номхон сайхан амьтан. Ууганааг унагачихвал Хандсүрэн гуай гаслаад буучихна” хэмээн тушаал буулгаснаар би наадмаар хөл дүүжлэх унаатай болно доо. /Хандсүрэн нь миний эмээ ээж/. 
Төд удалгүй л сум нэгдлийн даргын муу хүрэн бор “УАЗ-469” машин туг намируулсаар давхиж өнгөрөхдөө  “Морьдоо мордуулаарай. Хоцорвол хасна шүү” хэмээн цагаан хоолойгоор мэдэгдсэн даруй уяач яандаа эзэнгүйрнэ. Би ч хөл хөнгөн морь унаад л амыг нь ангалзуулан наадмын талбайд тавьж бууна даа.  Өнөөх явганчууддаа гайхуулж байгаа царай нь. Цаадуул нь ч хувь заяатайгаа эвлэрчихсан улаан ус, банка энэ тэрхэн эргүүлж зогсох. Унах унаандаа санаа зовоод наадмын хоёр дахь өдрийн төсвийг аав ээжээсээ аваагүй учир тэдний идэж байгаа зүйлд жаахан хорхойсч байгаад гэрийн зүг хар хурдаараа давхина. Хөл хөнгөн морьтой эр хүнд юухэн байхав. Гэрийн үүдэнд морьтойгоо эргэцэж ээж ааваас наадмын төсөв болох тав арван төгрөгөө аваад, эмээгээс нууцаар бас өдий хэмжээний төсөв аваад л гарч өгнө дөө. 
Өөртөө төвсийн тодотгол хийж, хоёр дахин их мөнгө өвөртөлчихсөн, хөл хөнгөн, сайхан мортой эр хүнд чинь наадам үзэх шиг сайхан юм хаана байна. Наяад оны дунд үеийн наадам нэг ийм л болж байв. Оройхон морь цоллож, наадам тарна. Хангал морьдын зоон дээр хэлтгийхэн сууж, нуглаас нь ч арилаагүй шинэхэн дээл өмсөж, зуут, тавьтын дэвсгэрт барин дайрч байсан анд нар маань наадмын хөлд аяншиж гундсан морьдоо аваад сумын баруун зүүн хойд урьд гээд дөрвөн зүг найман зовхист бараа тасарч одно. Саяхан л цэцгэн хуар шиг өнгө алаглаж, инээд баяр хөлгүй мэт байсан наадмын дэвжээ эзгүйрч, хуйларсан цагаан тоосонд чихрийн цаас хийсэх нь яах аргагүй бага насны дурсамжид үлдсэн хөнгөн гуниг юм даа. 

Би ийнхүү 1986-1988 оны наадмаар ангийнхаа андуудаас морь гуйн наадаж байсан бол хойтон жил нь адуучин Адъяагийн сүргээс өөрийнхөө тав арван адууг авчирч, хүнээс морь гуйх нь бүү хэл өөрөө даага уяан наадаж билээ. Үүнээс хойш сумынхаа наадамд жил өнжилгүй морь сойсон доо. Хамгийн сүүлд сумынхаа наадмыг 1998 онд үзсэн байна. Үзэхдээ тус наадамд мөлүү будан азаргаа айргийн дөрөвт уралдуулан, хээр даага аман хүзүүдүүлж одтой сайхан наадаж байжээ. Үүнийг бичиглэж ахуй цаг дор Дорноговь аймгийн Алтанширээ сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр болох гэж буй. Энэ цаг дор миний ижил сумынхаа наадмыг үзэхээр яарч буй олон хүн байгаад эргэлзэх хэрэггүй. Арван зургаан жил би сумынхаа наадамд очоогүй байна, юутай их догдолном бэ. Аяа алдрайхан бага нас, дурсамжийн гүнд баринтагтайгаа үлдсэн сумын наадмаа гэж. 

 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Сүхбалсан [ 64.119.17.25 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 03:28 минутанд

Сумын наадам гэдгийн сайхныг суманд өссөн хүн л мэднэ. Сайхаан сайхан, сайхан бичиж

Сандаг [ 64.119.17.25 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 03:18 минутанд

Гоё юмаа

Go to top of page