Есөн бөх начин цолны болзол хангалаа

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өрсөлдөөн дүүрэн болж, начны давааны салхийг хагалж, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат Аймгийн арслан Б.Даваа-Очир Улсын заан Б.Батмөнхөөр начин цолны болзол хангаж хурсан олноо баясгалаа.

Мөнхүү даваанд Баянхонгор аймгийн Заг сумын харъяат Цэргийн арслан Д.Цэрэнтогтох Улсын арслан Э.Бүрэнтөгсөөр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат Аймгийн арслан Б.Батжаргал Дархан аварга Г.Өсөхбаяраар, Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Аймгийн арслан Д.Амаржаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар, Өмнөговь аймгийн харъяат Аймгийн арслан Ш.Дарханбат Улсын аварга Г.Эрхэмбаяраар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар  Улсын заан М.Өсөхбаяраар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат Аймгийн арслан Н.Золбоо Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр, Завхан аймгийн Отгон сумын харъяат Аймгийн арслан Т.Бэгзсүрэн Улсын заан Н.Түвшинбаяраар, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат Аймгийн арслан Ц.Бямба-Очир Улсын арслан Э.Оюунболдоор тус тус давж Улсын начин цолны өндөр босго давлаа.

Энэ даваанд Н.Золбоо, Б.Бат-Өлзий нар тунан барилдсан бол шинэхэн начингуудаас гадна Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Ц.Содномдорж, Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нарын түрүү үзүүрт яригдаж байгаа бөхчүүд ч учраа бөхөө давсан юм.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page