Ш.Сүрэнжав:Нэвтрүүлгээ тасдахгүйн тулд цагдаа тонгорчихсон

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжавтай уран бүтээл, амьдралынх нь дурсамжийг сэргээж ярилцлаа.

-Өдий нас, алдрын оргилоос харахад энэ утга зохиол, нийгмийн амьдрал ямар байдалтай харагдах юм бэ дээ?

-Юуны түрүүнд урьд үеэ үгүйсгээд юу ч бүтээхгүй. Тэдний уран бүтээл амьдралын замналыг туулж, тэднээс сонсож байж сая өдий зэрэгт хүрдэг. Урьд үеэ үгүйсгэх юм бол ямар ч үе байхгүй гэсэн үг. Түүнчлэн ирээдүй хойчоо ч үгүйсгэж бас болохгүй. Би үүний тухай 
“Халуу дүүгэж галд түлээ шаржигнан ноцохуй
Харваас модны үхэл, галын амьсгал
Хан хорвоод түүнийг бид
Дараах үеийн тулд ноцоож
Хаврын ногооны тулд намрын навч гандана” гэж шүлэглэсэн юм. Манай үеийн Ш.Дулмаа, Р.Чойном, П.Пүрэвсүрэн бидний өмнөх үе Д.Намдаг, С.Эрдэнэ, Б.Явуухулан нараас л суралцаж байлаа. Энэ цагийн өндөрлөгөөс харахад бидний амьдарч байсан цаг үеэс өөр болсон ч Монгол уран бүтээлчдийн сэтгэхүй асар их өөрчлөгдсөнгүй. Өөрчлөгдөх ч үгүй. Миний хувьд тэр изм мизмыг нэг их ойшоодоггүй. Үүнийг чинь авьяасгүй хүн түүнийгээ далдлах гэсэн нэгэн арга гэсэн шүү дээ. Хойч үед маань олон сайхан хүүхдүүд бичиж туурвиж байна. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш.

 -Өнөөдрийн уран зохиол наадхи “изм”-ээс чинь болж хоёр хуваагдаад байна л даа?

-Миний болон бидний үеийнхэнээр зогсохгүй ихэнх хүмүүсийн айж байгаа зүйл нь даяаршлын эринд Монгол ахуйгаа үгүй хийчих вий гэсэн айдас тээдэг. Үүнд толгойгоо залгиулж магадгүй цаг үед бид амьдарч байна. Хамгийн гол асуудал үүндээ л байгаа юм. Түүнээс бус манай уран зохиол дэлхийд гологдоно гэж түүхэнд байхгүй. Бид гагцхүү уран зохиолоо дэлхийн хэмжээнд гаргаж тавьж чадахгүй байгаа юм. 

-Та ид залуудаа Монголын радиогийн томилолт аваад онгоцноос хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн тухай яриа бий. Энэ талаараа ярихгүй юу?

-Тэр чинь 1963 он. Миний анхны томилолт юм. Онгоцны билет авчихсан, анх удаа онгоцонд суух гэж байгааг хэлэх үү, тэр шувуу нисдэг тэнгэрт шувуудтай цуг нисвэл мөн ч сайхан онгод орно доо гэж залуугийн дэврүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 татах санаатай, Нисэхийн хавиар архины эрэлд мордсон юм. Тэр үед одоог бодоход дэлгүүр ховор архийг тэр болгон газарт зарахгүй. Тэгээд эрсний эцэст МОНЦАМЭ-гийн үнэмлэх үзүүлээд сүржигнэж байж 100 татаад иртэл миний суух ёстой онгоц нисчихсэн байсан. Тэр онгоц маань харин Отгонтэнгэрийг мөргөж олон хүн сүйдсэн дээ хөөрхий. Тэр үеэр намайг мэдэх бүх л хүмүүс гашуудаад, манай хөгшин уйлж унжаад сүйд болж байлаа.

-Таныг тэнгэр харав уу. Зөн совин чинь тэр онгоцонд суулгасангүй юу. Эсвэл архинд хөтлөгдөөд аз болов уу?

-Залуу бага байсан даа, юуны архинд хөтлөгдөх байхав дээ. Төв аймаг хот хоёрын хооронд л машин тэрэг хөлөглөхөөс биш онгоц гэдгийн бараа хараагүй залуу хүүхэд 100 татаад тэнгэрээр дүүлэхэд их сайхан гэсэн л зүйл бодогдохгүй юу. Тэгээд тэр өдөр ахин нэг нислэг таараад Завхан ниссэн дээ. Үүнийг би яруу найрагчийн зөн совин гэж боддог. Тэр л зөн намайг тэр онгоцонд суулгаагүй. Зөн совин, тэнгэр хийгээд яруу найрагч ямагт холбоотой юм шүү дээ. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм. Зул нь хүн юм. Харин яруу найрагч үүнийг зөн билгийн гэрлээр илүү нэвтэлж байдгаараа онцлог юм даа. Оросын их яруу найрагч Пастернак  “Яруу найрагчдаа та нар үхлийн тухай бүү дуулаач ээ, яагаад гэвэл та нар чинь дэндүү зөнч хүмүүс шүү” гэж хэлсэн нь бий. Дээрх явдлаас үүдээд би “Тэнгэрийн хүү” найраглалаа Москвад бичсэн юм. Бид ийм л нарийн зүйлээ яримаар байна. Сонин хэвлэлийнхээ хов живээс ангид байж ийм гэгээрэл рүү хөтөлбөл ирээдүй гэрэлтэй л байна.

-Та Монгол телевизийн анхдагчдын нэг. Нэг удаа нэвтрүүлэг хийх гэж яваад цагдаа тонгорсон гэдэг. Чухам яагаад цагдаа тонгорох болов оо?

-Тэр үед чинь одоогийнх шиг нэвтрүүлгээ бэлдээд цацна гэсэн ойлголт байхгүй байлаа. Тийм техник хэрэгсэл хөгжөөгүй байсан. Бүх зүйл шууд учраас би л байхгүй бол болохгүй байсан. Тэгээд л яарч яваад цагдаа тонгороод нэвтрүүлгээ явуулж байлаа.

-Зүгээр байхад чинь цагдаа хоргоохгүй дээ?

-Тэр үед миний нэг тууж “Цог” сэтгүүлд хэвлэгдээд 400 төгрөг авахгүй юу. Тэгээд л бөөн баяр харайж явтал “Монтекристо гүн”-г орчуулдаг Даш гэж шартсан амьтан таарлаа даа. Түүний шарыг тайлах санаатай  “Туул” ресторанд ганц юм уугаад гарах гэтэл цагдаа хоргоодог байна шүү. Нэвтрүүлгийн цаг болох гээд цагдаа явуулдаггүй барьчихаад, тэгэхээр нь гараа суга татаж аваад лавхан шиг тонгорчихсон юм. Цагдаа ч ширээний цаана ойчлоо. Тэгээд л ажил руугаа харайж очоод нэвтрүүлгээ хөтөлсөн дөө. Их том биетэй цагдаа байсан юм. Залуу ч байж, яарсан, омголон гээд юм юм л давхцахгүй юу. Үнэндээ нэвтрүүлгээ тасдахгүйн тулд л цагдаа тонгорсон хэрэг. 

-Цагдаа тонгорсон хүн зүгээр өнгөрөхгүй биз дээ?

-Яаж зүгээр өнгөрөх вэ. Хоёр хоногийн дараа цагдаад дуудагдаад төрийн хүн тонгорсон хэрэгтэй эрүү үүсэхдээ тулсан. Тэгээд харин гайгүй 200 төгрөгөөр торгуулж салсан даа. Гайгүй ч юу байхав. Тухайн үед 25 төгрөгөөс дээш торгууль байсангүй. Тэр үеийн 200 төгрөг ч мөнгө шүү. Одоо бол цагдаагийн малгайг Баасан авгай ч аваад дэвсч л байна. Замаа алдлаа даа. Цагдаа ч нэг үеэ бодвол соёлтой болж. Тэр жил Жамц арслан улсын наадамд түрүүлж, маргаж байсан юм. Тэгээд түүнд түрүү бөхийн бай гэж 500 төгрөг өгсөн юм. Харин би улсад түрүүлсэн бөх 500 төгрөг авдаг. Цагдаа тонгорсон найрагч 200 төгрөгөөр торгуулдаг гэсэн юм ярьж л байлаа. Бас мань Дамдин аварга Москвад нэг цагдаа тонгорсон гэдэг. Мань хүн зам хөндлөн гарах гэж явтал цагдаа хоргоогоод болдоггүй гэнэ. Тэгэхээр нь тонгороод замын голд шидчихсэн. Нөгөө цагдаа өөрөөс нь өндөр тонгойж хараад дурак гээд явуулж байсан гэдэг. Цагдаа тонгорсон ийм л хоёр түүх бий дээ.

-Миний өмнө таны Л.Цогзолмаа гуайд дурсгасан гарын үсэгтэй 2007 он гэсэн ном байна. Өдий хүртэл эзэндээ очмоор санагдах юм?

-Үүнийг хэвлэлтээс гарсан даруй л Цооцоод өгсөн л дөө. Харин сүүлдээ өөрт нэг ч хувь байхгүй болоод хэрэглэх гэж гуйж авсан юм. Буцааж өгнөө. 

-Цогзолмаа гуай цагтаа манай сайхан бүсгүйчүүдийн нэг байсан. Та ч энэ тухай их ярьдаг. Энэ талаар дурсамж хэлэхгүй юу?

-Түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгийг ард түмэн мэднэ. Бид их сургуульд цуг сурч байлаа. Тэр ажиллаж байгаад, би 10 дугаар ангиа төгсөөд орсон юм. Их сургуулийг ид оргил байх үед нь суралцаж байсан даа. Үдэшлэгт дуулаад хөтлөөд оюутан цагийн сайхан дурсамж байлгүй яахав. Залуугийн дэврүүн сэтгэл гээд бий. Бид чинь Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба,Л.Лувсанвандан гэсэн аваргуудаар хичээл заалгасан азтай улс. 

-Та залуудаа цагдаа тонгорсон, бөхийн тухай “Гарьд магнай” кино бичсэн, “Хэрлэнгийн барьяа” бөхийн тухай роман бичсэн гээд ажиглаж байхад залуудаа барилдаж явсан юм шиг санагддаг?

-Бөхөд их дуртай байсан. Барилдаад сүйд болоогүй ээ. Налайхын 10 жилд байхад Майн баяраар бөхийн барилдаан болсон юм. Тэр барилдаанд насаар арай ахмад нэг гавшгай залуу тааралдаад түүнийг нь хаячихсан даа. Тэгээд Эвлэлийн үүрийн дарга З.Сандагаа гэдэг хүн “Гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгчээр спартакиадад барилдах хүүхэд хаялаа гээд намайг загнаж байлаа. Тэгэхэд намайг олноо “Урт гарт” гэж алдаршсан М.Лхагва арслан засч байсан юм. Бөхөд дуртай явсаных ард түмнийхээ мэдэх бөхийн тухай кино, нэг роман бичлээ дээ. 

-Ингэхэд уран бүтээлч хүний анхны шүлэг, анхны ном гээд сайхан дурсамж бий дээ. Энэ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-1960 онд миний анхны шүлгийг Ц.Гайтав “Үнэн” сонинд тавьж өгсөн. Түүнээс хойш 1962 онд анхны номын уралдаан болж, одоогийн төрийн шагналт Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч П.Пүрэвсүрэн, Ж.Шагдарсүрэн бид гурвын бүтээл шалгарч хэвлэгдсэн юм. Тэгээд нэг л итгэж чадахгүй хэвлэлийн хашаанд шөнөөр очиж загнуулж байж сая сонины дардсан дээрээс нэрээ олж хараад үнэмшсэн. Энэ үеэр нэгэн үеийн нөхөр Р.Чойном дуудаад бид тэднийд очсон юм. Тэр орон дороос авдар архи гаргаад ирэхээр нь бид ихэд гайхаж билээ. Чойномынх одоогийн энэ дөрөвдүгээр дэлгүүрийн хавьд байсан юм. 

-Хоёулаа залуу цагийн дурсамж нэлээдгүй ярилаа. Тэгэхээр хоёр зохиолчдын байгууллага нийлэх асуудал ямар шатандаа байна вэ?

-Нийлнэ гэхэд хэцүү байна. Хүмүүс буруу ойлгоод янз бүрээр ярих юм. Сая гэхэд л П.Бадарч бид хоёр Монгол телевизээр ярилцлаганд орсон юм. Гэтэл миний яриаг монтажлаад Бадарчийн яриаг бүрэн эхээр нь гаргалаа. Энэ бүгдээс ард түмэн ойлгох ёстой атал хэргээр ингэж хасч байгаа нь буруу юм. Энэ бол цаанаасаа л хоёр Зохиолчдын байгууллагын талаарх миний дуу хоолойг ард түмэнд сонсгохгүй гэсэн арга шүү дээ. Энэ мэт дэндүү нэг талыг барьсан үзэл бодол яваад байх юм бол нийлнэ гэдэг хэцүү. Зохиолч, уран бүтээлчид нэгэн зорилготой байх хэрэгтэй. 

-Тэгээд цаашид нийлэх тухай шийдгүй гэсэн үг үү?

-Чөлөөт Зохиолчдын холбоог Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ш.Гаадамба, Ж.Бямбаа, О.Дашбалбар нар байгуулсан юм шүү. Гэтэл эд Зохиолчдын эвлэлийн үнэмлэхээ авна ч гэлүү. Нөгөө Молотав намаас хөөгдөөд Хуршев үнэмлэхийг нь хурааж авна гэхээр нь чамаас аваагүй ээ би Ленинээс авсан гэдэг. Үүн шиг надад С.Удвал гуайгаас авсан 100 тоот батлах бий. 

-Та өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад тийм зүйл хийж чадсангүй дээ гэж харамсах зүйл байдаг биз дээ?

-Би үүнийг ойлгохгүй байгаа юм. Нас дээр гарлаа гээд хүн туурвихаа болчихдог юм биш. Харин ухааны бяр сууж, бичих арга барил сайжирч, гэгээрч илүү ихийг хийх ёстой. Тиймдээ ч би өнөөдөр номоо бичиж хэвлүүлсээр байна. Одоо ч бичиж байна. 

-Таны олон алдартай сайхан бүтээл бий. Үүнээс “90 баатарын дууль”-ийг бичсэн тухай юу гэхсэн бол?

-Үүнийг би 1963 онд 25-тайдаа бичсэн юм. С.Удвал, Ц.Уламбаяр, Д.Цэдэнжав нартай хамт Халх гол орлоо. Дайн байлдаан болсон газрыг анх удаа үзэж байгаа нь тэр. Маш хурдан 30-хан минутад л бичсэн дээ. Дараа нь С.Удвал гуай чиний “90 баатар”-ыг сонсоод, уншаад нулимс гарсан шүү гэж билээ. Тухайн үед урамшуулж байна даа л гэж бодож байсан ч надад тэр 100 тоот батлахыг хурдан өгсөн дөө. Бидний үед тэр айлын босгоор давна гэдэг амаргүй зүйл байсан юм аа.

С.Ууганбаяр

www.zindaa,mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Иргэн [ 49.0.212.3 ]      |     2018 оны 7-р сарын 13 -нд, 16:23 минутанд

Агуу сайхан яриатай хүн байнаа Сүрэнжав гуай. Танд сайн сайхныг хүсье!

Баянмөнх [ 103.229.123.236 ]      |     2018 оны 7-р сарын 13 -нд, 14:22 минутанд

Энэ шар сэмжилсэн өвгөн одоо болиосой билээ. Цэндээ гээд сайхансхань ижилтэй байж тавтиргүй үеэ мултарсан эмгэнг Цооцоо энэ тэр гээд үнэн тавтиргүй шаар.

Баянмөнх [ 103.229.123.236 ]      |     2018 оны 7-р сарын 13 -нд, 14:22 минутанд

Энэ шар сэмжилсэн өвгөн одоо болиосой билээ. Цэндээ гээд сайхансхань ижилтэй байж тавтиргүй үеэ мултарсан эмгэнг Цооцоо энэ тэр гээд үнэн тавтиргүй шаар.

Go to top of page