Баяр наадмын үеэр 62 хүүхэд төөрснийг гэр бүлд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ

Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэд, наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан урлаг соёлын тоглолтын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалт зохион байгуулах болон иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэлээ.

Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8000 гаруй зөвлөмж сэрэмжлүүлгийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон иргэд олноор цуглардаг худалдаа, үйлчилгээний цэгүүдэд байршуулж, гадаадын иргэд, жуулчдад 1000 гаруй зөвлөмжийг тараав.

 Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг  цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий 3500 гаруй бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болсон байна. 

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажилласан юм. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажилласан байна.

Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь онцлог байлаа. Урьд урьдын жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан эмх замбараагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашинд зөвшөөрөл олгосон юм. Уг зохион байгуулалтыг хийснээр хурдан морины уралдаан шударга явагдах болон уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал байлаа. 

Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-12-ны өдрүүдэд  улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан камерын бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйт эргүүлүүдийг ажиллуулсан байна. Үүний үр дүнд гэмт хэргийн зөрчилгүй, тайван наадах нөхцөлийг бүрдүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн газар

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

иргэн [ 202.179.24.68 ]      |     7-р сарын 17 -нд, 06:45 минутанд

Сумьяабазар Сайдаа цаана чинь Баянөлгий аймагт Үер бууж өчнөөн айлууд орох оронгүй болчихсон байна ш дээ Одоо яахав Сайд аа Та Тусламжийн гараа Сунгах УУ

Go to top of page