Баяр наадмын хураангуй

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. “Эрийн гурван наадам” хэмээн нэрийдэж заншсан Улсын баяр наадмын төрөлд зүй ёсоор Шагай харвааны наадгай багтах болсон нь гурав биш дөрвөн ч төрөл болж байна. Үүнээс гадна сурын харваа нь буриад, урианхай, халх гэх мэтээр дотроо төрөлжиснөөр монгол наадам жилээс жилд өргөжин тэлж, үндэстэн төдийгүй дэлхий дахинаас жуулчдын тоо нэмэгдэж байгаа баримт бий. Мөнхүү энэ жилийн баяр наадмын үеэр хэрэг зөрчил гарсан үзүүлэлт бага, мориноос унасан хүүхдийн тоо цөөн бөгөөд унасан хүүхдүүд хөнгөн хэмжээнд бэртлээ гэсэн статистик баримтыг албаны хүмүүс өгч байгаа.

Аваргатай, гурван харцагтай, зургаан начинтай наадлаа

Үндэсний спортын төрөл дундаас түмний дунд түгээмэл дэлгэрсэн, олны шимтэн үздэг нэгэн төрөл зүйл бол үндсэний бөхийн барилдаан. Энэ жилийн баяр наадамд үзүүр түрүү, шөвгийн дөрөвт хүрч барилдана гэсэн олон бөхчүүд доогуур даваанд өвдөг шороодож, шинээр зургаан начин, гурван харцага төрж наадамчин олноо баясгалаа. Хүчит бөхийн барилдаан гурвын даваанаас эхлэн хурсан олныг суудлаас нь өндөлзүүлж, даваа өгсөх тусам барилдаан улам сонирхолтой болж байсныг дурдах нь зүйн хэрэг. Төрийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд цолны эрэмбээр Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатыг амлан авч давсан бол Улсын арслан Н.Батсуурь Улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж, Н.Батсуурь давснаар хүчит бөхийн барилдааны есийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь шалгарч, Н.Батсуурь даван Монгол Улс үндэсний бөхийн аваргуудын тоог нэгээр нэмсэн.

“Дахан дор эр”

Ардын хувьсгалын ойн жилүүдэд уламжлал болгон өсвөр үеийн барилдааныг зохион байгуулдаг заншилтай. Баяр наадмын өсвөрийн барилдаанд амжилттай барилдаж байсан нэр цуутай бөхчүүд олон бий. Тухайлбал, Улсын аварга Д.Сумъяабазар, Гарьд Б.Гантогтох гээд дурдвал олон.  Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн өсвөрийн барилдаанд 128 бөх барилдлаа. Өсвөрийн барилдаанд “Булганхан” дэвжээний бөх сумын харцага Ц.Мөнхбаяр түрүүлж, Ховд аймгийн Манхан сумын харьяат Г.Батзориг үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт “Хангай” клубын бөх С.Сүлд, Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний бөх Ө.Шийрэв нар үлджээ.

Азарганы түрүүг төв аймаг хүртэв

Азарганы уралдаанд олон цуутай хүлэг гарааны зурхай руу хөдөлсөн төдийгүй гарааны зурхай дээрээс алдар цуугаа дуудуулж байсан ч газар дундаас морины хорхойтнуудын тааврыг эвдсэн олон азарга араас нөмрөн ирсэн. Тиймээс энэ жилийн баяр наадмын азарганы уралдаанд Төв аймгийн Угтаал сумын алдарт уяач Н.Баттөрийн бидэртэй азарга түрүүлсэн. Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан, Айргийн гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, улсын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор, Айргийн дөрөвт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд, Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр тус, тус хурдалсан.

“Макс” Д.Ганбаатар айраг алдсангүй

Их насны морь гэдэг тэр бүрий уяачид заяадаггүй хэмээн ахмадууд ярьдаг. Харин энэ жилийн их насны морины уралдаанд шинээр ихэд нийлж байгаа олон морьд гарааны зурхай руу хөдөлснийг уяачид ярьж байсан. Ингээд их насны морьдын уралдаанд Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Батсайханы Саянсанаагийн хээр, Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, улсын алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн, Айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн тус, тус хурдалсан юм.

А.Билгүүдэйн соёолон магнайллаа

Наадамчин олны тэмүүлэн очиж үздэг зүйл бол соёолон нас ны морьдын уралдаан. Энэ жилийн соёолон насны морьдын уралдаанд 281 хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу 197 соёолон хөдөлсөн. Соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул А.Билгүүдэйн хонгор халзан түрүүлж, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Ц.Мөнххуягийн цавьдар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач З.Мэндсайханы хонгор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Г.Хадхүүгийн хар үрээ тус тус айрагдаж  хурсан олны хийморийг бадраалаа. Харин албан мэдээллээс харвал соёолон насны морьдын уралдаанд үүлдэрлэг байдлаар 37 үрээ, шүдээр 25, тариач хүүхэд зургааг авч үлдсэн учраас 65 үрээг уралдаанаас хассан гэлээ. 

Х.Болорчулуун гишүүний үрээ түрүүлэв

Хязаалан насны морьдын уралдаанд 345 үрээ бүртгүүлснээс 230 орчим нь уралдааны замд гарсан. Энэ уралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн зээрд үрээ түрүүлж, аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд хурдалсан. Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан, айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар хязаалан торгон жолоо өргүүлэн наадамчин олныг баясгалаа.

80 гаруй шүдлэн үрээ хасагдлаа

Шүдлэн насны морьдын уралдаанд 300 гаруй үрээ бүртгүүлсэн ч 80 гаруй үрээ хасагдаснаас 200 гаруй шүдлэн уралдааны замд гарч, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор түрүүлж, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач С.Гантөмөр хул, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Д.Очирсүрэнгийн хул айргийн тавд хурдалсан юм.

“Даахин дор хүлэг”

Баяр наадмын нэгэн өхөөрдөм уралдаан бол дааганы давхил байдаг. Энэ жилийн дааган насны уралдаанд газар газрын шандаст 261 хурдан даага бүртгүүлж, 112 даага гарааны зурхайгаас гарсан. Дааганы уралдаанд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Манлай уяач Т.Ихбаярын уяж уралдуулсан уяач Ж.Бат-эрдэнийн хурдан бор даага гарааны зурхай дээрээс ганцаараа тасарч уралдсан. Ингээд аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн хурдан зээрд хурдалсан бол айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Т.Төрмөнхийн зээрд даага, айргын дөрөвт Ховд аймгийн Мянгат сумын Б.Энхбаярын хурдан хээр даага, айргын тавд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Д.Батбаярын хээр даага айрагдаж хурсан олноо баясгалаа. Гэхдээ дааганы уралдаанд Булган аймгийн уяач Ж.Бат-Эрдэнийн бор даага хол тасархай түрүүлсэн боловч эрлийз даага байсан учраас уралдаанаас хасчээ. Тиймээс айргийн хоёрт орсон даага Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд энэ жилийн дааганы уралдааны түрүү магнай болж байна. Мөнхүү бусад айрагдсан даагануудын ороо урагшилж энэ наадамд зургаад хурдалсан Увс аймгийн Зүүнбаян сумын Б.Норовсамбуугийн хүрэн халзан дааганы ороог урагшлуулан айргийн тавд багтаав.

400 орчим харваачид цэц сорив

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол, 40 сумнаас 35 онож 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 40 сумнаас 35 онож 3 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Н.Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олгов. Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Д.Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол олголоо 

Дорноговь аймгийн харваачид тав дахиа түрүүллээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэргүүн байрыг Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн Болд Төмөр Ерөө компанийн баг, тамирчид эзэллээ. Хоёрдугаар байрт Монгол Улсын үлэмж дархан мэргэн Л.Болд ахлагчтай Улаанбаатар төмөр замын баг, гуравдугаар байрт Монгол Улсын хошой мэргэн Д.Чүлтэм ахлагчтай Баянхонгор аймгийн баг тамирчид шалгарсан юм.

Н.Баатар

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Улс төрч бөх [ 202.179.24.216 ]      |     2018 оны 7-р сарын 15 -нд, 08:23 минутанд

Увсын хүн биш түрүүлж Архангайн тангад үзүүрлэж Хөвсгөлийн хотгойд үзүүрлэсэнд Хэнтийн жинхэнэ Халх Бадмаанямбуу аавтай Батэрдэнэ манлай аврага боож үхэж байгаа даа.Хэнтийн хагас нь буриад биш гэсэн шүү.

Go to top of page