ДАШТ: Францын шигшээ багт ялалт авчирсан ЗАЛУУ ОДОД

21 дэх удаагийн ДАШТ-ий шигшээ тоглолт Франц-Хорватын шигшээ багийн хооронд болж, францчууд 4:2-оор ялснаар 20 жилийн дараа дэлхийн хошой аварга боллоо.

Тоглолтын эхний үед Хорватын шигшээ баг илүү тоглосон ч Марио Манжукич өөрийн хаалганд гоол оруулсан нь балканчуудын бүтэлгүйтлийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Дараа нь Иван Перишич тоог тэнцүүлсэн ч шүүгч Питана эргэлзээтэй байдлаар торгуулийн цохилт зааж, Гризманн тоог илүү гаргасан юм. Улмаар хоёрдугаар үед Хорватын хамгаалагчид хаалгачийнхаа өмнө овооролдож байгаад Пол  Погбад гоолдох боломж гаргасан бол Субашичийн байрлалын алдааг ашиглан Мбаппе тооны харьцааг 4:1 болгон холдуулсан юм. 

Энэ удаагийн ДАШТ-ий од Францын шигшээ багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч, 19 настай тамирчин Килиан Мбаппе байлаа. Гэхдээ түүнийг гэнэт тодорсон од гэх нь зохимжгүй юм. Учир нь түүнийг 2017 онд Арсенал клуб 100 сая еврогоор худалдаж авах санал тавьж байжээ. Ямар үнэ цэнэтэй, ирээдүйтэй тоглогч болох нь үүнээс харагдана. Түүгээр ч зогсохгүй өчигдөр оройны тоглолтод гоол оруулсан Пол Погбаг Манчестер Юнайтед клуб 2016 оны зун Ювентусээс 105 сая еврогоор худалдаж авч байсан түүхтэй. Тэгэхээр Францын шигшээ багийг 20 жилийн дараа аварга болоход гол нөлөө үзүүлсэн Килиан Мбаппэ, Пол Погба нар ирэх дэлхийн аварга хүртэл яригдах том одуудын нэг байх нь дамжиггүй.

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page