Баян-Өлгий аймагт 275 айл үерт автжээ

Үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 275 өрх үерийн усанд автлаа.

Аймгийн Онцгой комиссоос өгсөн мэдээгээр тус сумын 2, 3, 4, 11, 12, 13 багийн айл өрхүүд байшин, хашаа нь нурсан, худаг нурж шороонд дарагдсан зэрэг хохирол амсаад байна. Аймгийн  Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Цахилгаан, шугам сүлжээний газар зэрэг долоон байгууллагын 124  хүн, 24 нэгж техниктэйгээр гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байгаа юм. Одоогоор 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, 95 иргэнийг Өлгий сумын зургадугаар бүрэн дунд сургуулийн дотуур байранд байрлууллаа. Хүний амь нас эрдсэн тохиолдол байхгүй бөгөөд материаллаг хохирлын хэмжээ цаашид өсөх магадлалтайг мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, учирсан хохирлын хэмжээг тогтоох, хүмүүсийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх, хуримтлагдсан усыг зайлуулах, хохирол амсаж гэр оронгүй болсон иргэдэд туслах, хоол хүнсээр хангах, эрүүл мэндэд нь анхаарах үүрэг бүхий хоёр ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, А.Камелият нараар ахлуулан байгуулаад байна.

Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэдээлснээр бороо энэ сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэн орох бөгөөд ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

 

Э.Сүрэн

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зочин [ 202.179.24.68 ]      |     7-р сарын 17 -нд, 07:16 минутанд

айх зүйлгүй дээ Асаа Аварга айсуй

Go to top of page