Гэдэсний халдвар, хоолны хордлогот халдвараас урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

Урин дулааны улиралирж, аялал зугаалга, хөдөө, хот руу явах хүн амын хөдөлгөөн ихэсч мөн улсын баяр наадам болох гэж байгаатай  холбогдуулан олныг хамарсан арга хэмжээнүүдийн үед, хоол хүнсээр дамжих халдвар, хоолны хордлогын дэгдэлт, шинэ халдварт өвчний сэжигтэй тохиолдол гарч болзошгүй тул хоол хүнсээр дамжих өвчин болон бусад шинэ халдварын сэжигтэй тохиолдол гарсан үед халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах мэдээллийн тогтолцооны дагуу ХӨСҮТ-д яаралтай мэдээлж анхны арга хэмжээг авч ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад зөвлөж байна.

 Мөн ард иргэдэд зориулж дараах зөвлөмжийг мэдээллийн хэрэгслээр өгөх.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх  зөв дадал эзэмших

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

Хэрэв хоол хүнстэй холбоотой дараах шинж тэмдэгилэрвэл (суулгах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг) эмчид яаралтай хандах.

Халдварт өвчин судлалын үндэсний төв


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page