Хятадын “WINSWAY” буюу Монголын баялгаар хэрхэн баяжиж болох вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 07 сарын 18

Монголыг эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийнхээ түүхий эдийн бааз болгох бодлогынх нь нэг хэсэг гэж хэлж болох Хятадын төрийн бодлого “Winsway” гэх компаниар дамжин хэрэгжиж байна. Энэ компани ойрын жилүүдэд зах зээлээ тэлж дэлхийн хэмжээний уул уурхайн акул компаниуд болон санхүүгийн аваргуудтай хамтрах үйл ажиллагаагаа эхэлжээ. “Polo Resources” компани “Peabody Energy” -тэй хамтарсан компанийнхаа 50 хувийг Хятадын “Winsway Coking Coal Holdings Ltd” компанид худалдсан. Энэхүү гурвалсан гэрээнд зааснаар Хятадын компани “Polo Resources”-д бэлнээр 15 сая, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд 20 сая, мөн нэмж 1.75 сая доллар төлөх аж.

Эцэст нь “Polo Resources” хамтарсан компанид эзэмшиж байсан лицензэд хамаарах ордоосоо олборлосон нүүрсэнд роялти хувь авах бөгөөд энэ нь жил тутам дээд тал нь 50 сая доллар юм. Гэрээнд зааснаар энэхүү роялтиг “Polo Resources” хамтарсан үйлдвэрийн хувиа худалдсанаас хойш 25 жилээс дээшгүй хугацааны турш жил тутам авах ажээ.

Мөн “Goldman Sachs Group”- ын Хятадын түншүүдтэйгээ хамтран байгуулсан “Hopu Investment Management” хөрөнгө оруулалтын компани “Winsway Coking Coal Holdings Ltd.” компанийн 23 хувийг 110 сая доллараар худалдан авсан бол Японы “Itochu” корпораци Монголын коксжих нүүрсийг авахын тулд 10 сая долларын өрийг нь худалдаж авах замаар “Winsway”-д хөрөнгө оруулсан юм. Ингэснээр гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд өсөж байгаа энэ үед Орос, Хятадтай өрсөлдөх чадвар нь сайжирна хэмээн тооцоолсныг нь Влүүмберг онцолсон.

Түүнчлэн Америкийн уул уурхайн тэргүүлэгч компани “Peabody”-той хамтран “Peabody-Winsway Resources” компани байгуулан манай өмнийн говьд нүүрсний лиценз эзэмших болсон зэрэг нь “Winsway Coking Coal Holdings Ltd” гэх шинэхэн компанийг дэлхийн акулуудын зиндаанд аваачаад байна. “Winsway” манай өмнөд хилийн Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомтын дагуу нүүрс тээвэрлэх, угаах дэд бүтэцтэй. Харин “Peabody” дэлхийн эрчим хүчний хоёр хувийг үйлдвэрлэгч зэрэг давуу тал нь энэ хоёрыг нэгтгэж “Монгол” хэмээх брэндээр санасан хэмжээнийхээ мөнгө босгох боломжийг бүрдүүлээд байгаа юм.

Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж эхэлсэн тэд одоогоор 3.66 тэрбум хонгконг доллар буюу 500 орчим сая ам.доллар босгожээ.

Deutsche Bank-ын шинжээч Фред Лам, Нора Мин нарын Блүүмбэргт мэдээлснээр “Winsway” Монголын өмнийн говиос 8.1 тэрбум юанийн нүүрс зөөн борлуулж, 773 сая юанийн буюу 115.6 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж тооцжээ. Дөрөвхөн жилийн түүхтэй энэ компани ганц жилийн дотор зөвхөн Монголоос энэ хэмжээний цэвэр ашиг олох тооцоог олон улсын шинжээчид хийсэн нь нэгийг бодогдуулж хоёрыг сануулахгүй байна гэж үү.

“Winsway” компани “Polo Resources”, “Peabody”, “Itochu” зэрэг дэлхийн акултай ийнхүү хоршин тоглосноор монголчууд бидний дэлхийд үнэ хүргэхээр элгэндээ нааж, энгэртээ тэврэх шахам харамлаж буй Тавантолгойн үнэ цэнийг бууруулахыг үгүйсгэх аргагүй. БНХАУ Монгол дахь уул уурхайн томоохон төслүүдэд оролцох сонирхолтойгоо албан ёсоор илэрхийлсээр байгаа. Үүнтэйгээ зэрэгцүүлээд энэ мэт офшор компаниудаараа дамжуулан давхар өрөг нүүж, цар хүрээгээ нэмэгдүүлснээр Монгол төрийн бодлогыг үнэгүйдүүлж мэдэхээр болоод байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Winsway” компани 2007 оны есдүгээр сарын 17-д Британийн Виржины арлуудад бүртгэлтэйгээр анх байгуулагджээ. Хонконг, Бээжин, Сингапур, Макао, Австралид салбартай, 500 сая юаниар үнэлэгдэх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй юм байна.

 

Б.Хурцболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 07 сарын 18

um medehgui toriin manuuhainuud ali hediin holbogdchihson yavj baigaa bizdee, yu hiisenee ch oilgodoggui hymyys um chin

0  |  0
Top