Чөлөөтийнхөн аймгийн наадмуудад хэрхэн барилдаж цолоо ахиулсныг хүргэе

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөлөө. Энэ жилийн аймгуудын наадамд чөлөөт бөхийн тамирчдаас хэн хэн цолоо ахиулж баталсан талаарх мэдээг МЧБХ-оос авч хүргэж байна.

Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн харцага Батсүхийн Зоригтбаатар Налайхт долоо давж үзүүрлэн заан цол хүртсэн бол үүнээс гурван хоногийн дараа Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж арслан цолын эзэн болсон юм.

Завхан аймгийн түрүү бөхөөр Ургамал сумын харьяат, “Гуанжоу-2010” Азийн наадмын болон Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ аймгийн заан Пүрвээгийн Өсөхбаатар тодорч арслан, Яруу сумын харьяат, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ, аймгийн харцага Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэж заан цол хүртэв.

Image may contain: 2 people, people smiling, closeup

Говь-Алтай аймгийн баяр наадамд Төгрөг сумын харьяат, өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож тавдугаар байрт орсон, спортын мастер, сумын заан Даваадоржийн Эрдэнэтулга, Сэлэнгэ аймгийн баяр наадамд Цагааннуур сумын харьяат, энэ жилийн залуучуудын УАШТ-ий мөнгөн медальт, сумын заан Баярсайханы Орхонбаяр тус бүр гурван цол алгасан найм даван түрүүлж арслан болцгоов.

Дорнод аймгийн баяр наадамд Баян-Уул сумын харьяат, энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин, ОУХМ, аймгийн начин Ганболдын Төрболд долоо давж үзүүрлэн аймгийн заан цол хүртсэн бол түүний төрсөн дүү, спортын мастер аймгийн арслан Г.Төрмөнх зургаа давж их шөвөгт үлдэн чимэг нэмжээ.
Налайх дүүргийн наадамд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Монголиа Опен”, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУТ-ий медальт, ОУХМ сумын заан Баасанцогтын Өлзийсайхан зургаа давж шинээр харцага цол хүртсэн. Түүнчлэн Дархан-Уул аймгийн баяр наадамд өсвөр үе, залуучуудын улсын аварга, спортын мастер аймгийн нэмэх начин Энхбаатарын Төгөлдөр тав давж, хоёр дахиа начин цолоо баталлаа.

Image may contain: 2 people, people smiling, outdoor and closeup

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page