Н.Батбаяр:Таван хүний амь хороосон гэх Н.Лхагвасүрэнгийн хэргийг өмгөөлж байлаа

Зохиолч, сэтгүүлч, өмгөөлөгч Нямжавын Батбаяртай хөөрөлдлөө. Зохиолч, сэтгүүлч хүн хууль зүйн өмгөөлөл үзүүлнэ гэдэг аливаа зүйлийг өөр өнцгөөс харахаас эхлээд логик сэтгэлгээний хувьд ч бусдаас тэс өөр байдаг аж.

-Та социализмын үед Прокурор байсан хүн, зах зээлд шилжсэн 1990 оноос хойш өмгөөллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэхээр Таны хувьд олон дуулиантай хэрэг дээр ажилласан байх. Энэ талаар яриагаа эхлүүвэл сонирхолтой байх?

-Байлгүй яахав. Нэрт дуучин Х.Төмөрийн толгойг тасдаад зууханд хийсэн хэрэг нэг хэсэг шуугиан болж байв даа, үүнийг өмгөөлж байлаа. Энэ хэргийн эзэн тогтоогдоогүй, Ц.Батсүх гэдэг залууд хэргийг нь тохоод хаасан. Уг нь Дээд шүүх дээд хэмжээ өгөөд энэ ялыг хүчингүй болгоод байтал залуу маань Ганцхудагт нас барсан. Тэгээд хэрэг эзэнгүй болохоор нь тохоод хаачихсан юм. Хэргийн газраас олдсон гутлын мөр, хятад архины шилэн дээрээс олдсон хурууны хээ, н.Бадамхорол гэх Х.Төмөрийн найз хүүхэн хүний үс зулгаагаад өгчихсөн байдаг. Энэ бүх нотлох баримт нь Ц.Батсүхийнх биш, н.Бадамхоролынх ч биш гэхээр тэнд өөр хүмүүс байсан байгаа биз. Хэрэгт тохуулсан нөхөр маань сэтгэцийн эмгэгтэй гэмээр хүн байсан болохоор л хэргийг тохоод хаясан.

-Олныг хирдхийлгэсэн хэрэгт хэлмэгдсэн хүнийг өмгөөлж байв уу?

-Авдрантаас гурван эмэгтэй, хоёр хянагч нийт таван хүний амь хөнөөгөөд оргосон Нанзадын Лхагвасүрэнгийн өмгөөлөгчөөр ажилласан. Тэр үед “тавын таван хүн алчихсан хүнийг юуг нь өмгөөлдөг байна вэ” гэх зэргээр шуугиж л байсан. Өмгөөлөх юм байлгүй яахав. Жишээлэхэд, Н.Лхагвасүрэнгийн гарт таарахгүй гав хийгээд тэр нь махандаа шигдээд орчихсон байсан. Би шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүнийг эрүү шүүлт тулгаж яргаллаа хэмээн Прокурорт гомдол гаргаж байж гавыг нь болиулж эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн. Гэхдээ би Н. Лхагвасүрэнг таван хүний аминд хүрээгүй гэдгийг тогтоож өгсөн. Түүнийг юугаар ялласан бэ гэхээр гутлын түрийнээс нь цустай жад гарч ирсэн. Тэр жадан дээр байсан цус талийгаач Батаагийнхтай таарсан учраас ялласан. Гадаа хаалган дээр суудаг Гүнчин, Цогоо гэж хоёр хянагч байсан. Тэр хоёр хэлэхдээ Төртогтох хоёр гартаа нэг нэг жад барьчихсан, Чулуунбаатар нэг жад барьчихсан орж ирсэн. Н.Лхагвасүрэн зүүн гартаа сувилагч Мөнхзулыг сугадчихсан, баруун гартаа макаров буу барьчихсан гарч ирсэн гэдэг. Н.Лхагвасүрэн болохоор намайг шалганы байр руу гарахад Чулуунбаатар энэ жадыг авч бай гэхээр нь гутлынхаа түрий рүү хийсэн гэдэг. Шалган дээр очтол Н.Лхагвасүрэнгийн гарт жад байгаагүй. Тэгээд Улсын яллагчид энэ гурван жад, нэг хутга хэн хэний гарт байсан бэ гэхээр тэр тэрний гарт байсан гээд яг нэрлэж байгаа юм. Тэгэхээр тэнд макаров буугаар буудаж хүний амь хөнөөгөөгүй. Н.Лхагвасүрэнд жад байгаагүйг ч баримтаар нотолдог. Гэтэл ялласан. Яахав, Н.Лхагвасүрэнгийн машин, хүн барьцаалсан хэргийг бол би зөвшөөрсөн, ганцхан хүн алсан гэдгийг нь зөвшөөрөөгүй. Тэгэхэд л буудан хороох ял өгсөн дөө.

-Манай нэртэй эмч хордож нас барсан хэрэг дээр та бас л өмгөөлөл үзүүлж байсан юм билээ. Энэ чухам ямар учиртай хэрэг байв?

-Энэ өөрөө их дуулиантай хэрэг л дээ. “Ану” гээд зоогийн газарт гарсан хэрэг шүү дээ. Хордож нас барсан хүн нь Хөдөлмөрийн баатар А.Отгондалай эмч юм. Өндгийг зориулалтын бусаар, халуун боловсруулалт хийлгүйгээр хэрэглэсэн гэж ярьдаг. Үнэн хэрэгтээ өөрөөсөө хор ялгаруулдаг “salmonella iulertids” бактер байдаг, ерөөсөө хортой бичил амьтан байхгүй юу. Хүний ходоодны хананд, нугалаа бүрт байршаад хор ялгаруулдаг тийм бактераас болж А.Отгондалай эмч нас барсан. Целсийн маш өндөр халуун хүйтэнд олон хоног амьдрах чадвартай хортой бактер юм. Намайг энэ хэрэг дээр ажиллаж байхад энэ бактерийн талаар Монгол Улсад нэг ч эрдэм шинжилгээний өгүүлэл ч байсангүй, энэ талын эрдэмтэн бүү хэл мэддэг ч хүн байсангүй. Тиймээс би ОХУ-ын доктор профессор Якаев гэдэг эрдэмтний олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн номыг орчуулаад тэр үндэслэлээр “Ану” рестораны тогоочийг өмгөөлж байлаа. Сүүлдээ зүтгүүлээд гурван жилийн ялан дээр буулгаад хоёр жилийн тэнсэнтэй салгаж байлаа. Ямар ч байсан шоронд суулгаагүй. Үнэн хэрэгтээ тэр тогоочийн буруу ч биш. “Ану” ресторанд өндөг нийлүүлдэг нөхдүүд ачааллаа дийлэхээ болихоор нь хятадаас өндөг оруулж ирээд тамга дараад өгчихсөн байсан.

 -Хэдийгээр өөрийн ажил мэргэжил, үүрэг хэдий ч үнэхээр нэг дургүй хүрмээр,  өмгөөлмөөргүй хэрэг дээр ажиллаж байв уу?

-Нэг хүүхдийн амь нас хөнөөсөн хэрэг байсан, үүнд маш дургүй байсан. Дарга нар хүчээр зүтгүүлээд, би их дургүй байсан учраас хөдөө явчихсан. Дараа нь өөр өмгөөлөгч оролцсон. Яахав, хүний эрх талаас нь өмгөөлөхөөс өөр аргагүй л зүйл байсан байх.

-Өмгөөлөгч хүнд хууль эрх зүйн мэдлэг, хувь өмгөөлөгчийн ур чадвар гээд олон зүйл шаардагдах байх. Харин таны хувьд уран бүтээлч зохиолч хүн. Тиймээс та бусад өмгөөлөгч нараас арай л өөрөөр харж, өмгөөлөл үзүүлдэг байх. Гаргаж байгаа өнцөг, шийдлүүд, логика сэтгэлгээ энэ тэр тэс өөр байх магадлалтай юм?

-Энэ нь миний ажил хэрэг дээр анзаарагддаг юм. Тэс өөр ертөнцөөс харж байна, гадны өнцгөөс ч харж байна, толгойд бол хуулийн мэдлэг, өөрт ажилласан туршлага байгаа ч зохиолч сэтгүүлч хүний нүдээр, логика сэтгэлгээгээр ханддаг юм билээ. Тэгэхээр бусдаас арай л өөр хардаг бололтой. Миний хувьд Хүн амины хэлтэс дээр найман жил болсон, их стресстэй ажил шүү дээ. Хэрэгтэнд дээд хэмжээ өгчихсөн байхад хэрэгтний ээж нь уйлаад ухаан алдаад унах зэрэгт байнга стресст ордог. Одоо энэ гавьяат хуульч Яринпил ах нэг ломбардны хүүхнийг шатаагаад амь насыг нь хөнөөсөн хэрэг өмгөөлөөд, гэтэл хэрэгтэнд дээд хэмжээ өгтөл ээж нь ухаан алдаад уначихсан. Мань эр ээжийг нь үүрч гараад эмнэлэгт хүргэж байх жишээтэй. Ийм зүйл олон тохиолдоно. Ямар шүүгч нь үүрээд явах биш “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэгчээр мань мэт л үүрч дүүрнэ шүү дээ. Өмгөөлөл үзүүлсэн хүмүүс баяр хүргээд хөл болж л байдаг.

-Тэгэхээр уран бүтээлч хүнтэй уулзасных зохиол бүтээлийн тухай асуухгүй өнгөрч болохгүй. Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Богино өгүүллэгийн ном бэлэн болгочихоод хэвлэлтэд шилжүүлэх гэж байна. Үүнээс гадна 30 гаруй жил бичсэн яруу найргийн түүвэр хэвлүүлнэ гээд хоосонгүй л сууна. Би амьдралдаа анх удаа шүлгийн ном гаргах гэж байна. Уг нь хүмүүс залуу цагтаа шүлгийн ном хэвлүүлж байгаад аяндаа үргэлжилсэн үг рүү ордог бол би эсрэгээрээ шахуу зүйл болж байна. “Нууц товчооны эхний хуудсыг нээхэд Нургисан их хөвчид чоно ульж байдаг” гэх мэт шүлгүүд бичих юм. Ер нь бол анх бичихдээ шүлгээр эхэлсэн боловч тун удалгүй үргэлжилсэн үг бичээд эхэлсэн. Тиймээс шүлгээ хойш тавьсан.

-Ажлынхаа гарааг хаанаас эхлэв, Өвөрхангайд лав байсан, Хөвсгөлд жолоо мушгисан, цэрэг цуух дүүргэсэн, нэлээд хожим МУИС төгссөн гээд бас л өвөрмөц намтартай хүмүүсийн нэг шүү дээ, Та?

-Би Хөвсгөл аймгийн унаган хүүхэд, Өвөрхангайн Усны аж ахуйн ТМС-д очиж хоёр жил суралцаад экскаватор бульдозерын жолооч болсон. Дараа нь Улиастайн хороонд гурван жилийн цэргийн алба хаахдаа автын жолооч болов оо. Ингээд нутагтаа очиж хоёр жил сургуулийн жолоочийн ажилтай байлаа. Би аравдугаар анги төгсөөгүй юм, тэгэхэд манай сургуулийн захирал намайг сайн ажилласан гээд аравдугаар анги төгссөн гэрчилгээ өгч байсан. Ингээд тэр гэрчилгээгээ аваад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Мөрдөн байцаагчийн анги гэж байхад нь конкурс өгөөд тэнцчихлээ. Их сургуулиа төгсөөд 1988 онд Доноговь аймгийн Прокуророор очиж байлаа. Дорноговьд очиход манай энэ талийгаач А.Эрдэнэ-Очир, одоо энэ УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Ш.Энхбаяр нар дунд сургуулийн хүүхдүүд байж, бид нар аймгийн Утга зохиолын нэгдэл дээр уулзаж шүлэг зохиолоо уншиж хэлэлцдэг байсан цаг. Биднийг чиглүүлж залдаг хүн нь Х.Цэрэндорж эмч байсан даа.

-Та ингэхэд хэдийнээс шүлэг зохиол оролдож эхэлсэн хүн бэ?

-Бүр хожим МУИС-д орсон хойноо бичиж эхэлсэн хүн дээ. Намайг сурч байх үед МУИС, УБИС-ийн гээд Утга зохиолын дугуйлан ажиллана, энэ дугуйлангуудаар явж шүлэг зохиолоо уншина, шүүмжлүүлнэ. Би уг нь яруу найргийн ном гаргаагүй болохоос биш тэгэхэд шүлэг л бичиж байсан. Нэг удаа П.Лувсанцэрэнгийн нэрэмжит богино өгүүлэгийн улсын томоохон уралдаанд орж айргийн тавд багтлаа. Уралдаанд тухайн үеийн томчууд бүгд л оролцсон, 120 орчим уран бүтээлч өрсөлдсөн улсын чанартай том наадам гэхээр бөхөөр бол улсын наадамд дөрөвт үлдсэн Заан цолтон байхгүй юу.

-Сүүлийн үед та дуулиантай хэрэг дээр нэг их ажиллахгүй байна уу, эсвэл чимээгүйхэн өмгөөлөл үзүүлж байна уу?

-Сүүлийн үед дуулиан шуугиантай хэрэг дээр нэг их ажиллахгүй байна, үл хөдлөх хөрөнгө, газрын маргааны асуудалтай их зууралдаж байна даа. Иргэний хэрэг дээр хүн нэг их стрессдээд байхгүй амар юм.

-Таны хувьд монголын оюуны үүр уурхай болсон том сургууль дүүргэсэн хүн. Багш нарынхаа тухай дурдаач?

-Бираагийн Чимэд гэж аугаа их хуульч “Шүүхийн байгууламж” гэдэг хичээл заана. Б.Чимэд багш амьд сэрүүндээ энд тэнд таарахаар таних ч үгүй, мань мэтийн жижиг амьтдыг тоож харах ч үгүй шүү дээ. Сүүлд 60 нас гарсан хойноо англи хэл бие даан сураад ном орчуулчихсан, ангилиар маш цэвэрхэн ярьдаг хүн байв даа. Бүр нэг ясны л мундаг хүн. Хууль зүй дотоод хэргийн сайд байсан академич Ж.Амарсанаа, академич С.Нарангэрэл гээд багш нар маань бий. С.Нарангэрэл багшийн багш бөгөөд миний багш Г.Совд гэж мундаг хүн байлаа. Ийм мундаг хүмүүсээр ном заалгаж байсан хүн. Тэгэхээр хичнээн мунхаг байлаа ч энэ мундагуудын зааж байсан зүйлээс 50 хувь нь үлдэж таарна биз дээ. Одоо энэ 50 хувь нь надад элбэг хүрэлцээд илүү гарахдаа тулж байна.

-Танай үеийнхнээс, хамт суралцаж байсан нэртэй зүстэй нийгэмд танигдсан хуульчид байдаг байлгүй?

-Одоо энэ Хууль зүйн сайд, Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав нэг төгсөлтийнх, намайг Дорноговь аймаг руу Хэсгийн Прокуророор томилогдоод явж байхад Д.Дорлигжав Сүхбаатарын районы Прокурорын газарт дадлагжих ажилтнаар үлдэж байсан. “Эрдэнэс Монгол” компанийн Б.Энэбиш гээд нэг хэсэг яригдав даа. Энэ нөхөр чинь яг манай ангийн хүүхэд. Би ТМС төгссөн, Цэргийн гурван жилйин алба хаасан, ажиллаад үзсэн 20 нас хол гарчихсан том ах их сургуульд ирж байхад эд нар дөнгөж аравдугаар ангиа төгсөөд ирж байсан хүүхдүүд.

-Таныг ТМС-д явж байх үед нэлээд сахилгагүй, хичээл номондоо тааруу нөхдийг явуулдаг байсан гэдэг?

-Тухайн үед сахилгагүй, хичээл сурлагадаа тааруу, ер нь нэлээд болохгүй нөхдийг л ТМС-д явуулдаг байлаа шүү дээ. Миний хувьд сурлага муутай, сахилгагүй сургууль маань салж амрахаар шийдсэн тийм л хүүхэд байсан хэрэг болоод ТМС-д явуулсан байж таарна. Гэхдээ би түүх, уран зохиол, философи гэсэн хичээлүүдэд гаргууд сайн байсан. Энэ хэдэн хичээлийг хэнээр ч шаардуулахгүй, хэнээр ч заалгахгүй л хийнэ. Нэг удаа аймгийн Боловсролын хэлтсээс шалгалт ирсэн нь Уран зохиолын хичээл дээр таарлаа. Н.В.Гоголийн зохиолоор хичээл орж байсан. Тэгэхэд би тэр зохиолыг номноос нь уншчихсан, УБИС-ийн багш дэд эрдэмтний бичсэн өгүүлэлийг уншчихсан, тэмдэглэл хийчихсэн байхгүй юу. Тэр үед би арын ширээнд суучихсан, үймүүлээд байхаар Боловсролын хэлтсээс ирсэн шалгалтын хүн “тэр хүүхэд яагаад байгаа юм, наашаа гараад ир” гээд “Ямар хичээл орж байгааг мэдэж байна уу, ямар сэдвээр юу зааж байна ярь” гэж үүрэгдлээ. Би ч ярьж өглөө. Ёстой л ангайтал ярилаа. Гэтэл шалгалтын нөхөр “чи их сахилгагүй хүүхэд бололтой. Түүнийгээ боль, маш сайн байна” гээд манай уран зохиолын багшид хандан “Таны хичээл заасан хүүхэд ингэж ярьж байна, мундаг. Их дээд сургуулийн оюутнууд ч ингэж ярихгүй” гэж үнэлээд гарсан. Би сахилгагүй хэрнээ их сонин хүүхэд байсан. Хүүхдүүд чарга цанаар гулгаж, бөмбөг хөөгөөд явж байхад би номын санд л сууж байдаг байлаа. Цэргийн гурван жилд ч гэсэн номын санд их сууна. Манай хорооны номын сан их сайн, олон төрлийн номтой байдаг байсан нь нөлөөлсөн байх. Ингэж л тал талын мэдлэг цуглуулсан даа. Сүүлд би сонинд олон жил юм бичсэн, тэгэхэд хураасан мэдлэг маань хэрэг болохын зэрэгцээ хуульчийн мэдлэг бол гарцаагүй хэрэг болдог. Баримт яаж цуглуулахаа мэднэ, бичсэн материалаасаа болоод унахгүй байх аргаа мэддэг байсан.

С.Ууганбаяр   

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

там [ 202.21.103.110 ]      |     2018 оны 7-р сарын 26 -нд, 10:21 минутанд

хунийг буруу зуйл ангиар яллах, эсвэл хэрэг тохдог хуульч нэртэй алуурчдын хоол нь хор болж амьдрал нь там болноо

иргэн [ 124.158.110.82 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 04:39 минутанд

одоо ч гэсэн хүний хэргийг буруу шүүж хохироох явдал гарсаар байна ш дээ. 21 зуунд ийм байж болохгүй ээ. Ерөнхийлөгч нэг юм бодно байгаа!!!!!

Н.Батбаярт [ 202.70.43.138 ]      |     2018 оны 7-р сарын 20 -нд, 02:12 минутанд

Чи ангийнхаа багш,бас чамтай уран зохиолоор санаа их нийлдэг байсан Р.Нямдорж гэдэг хүний нэрийг хэлэхээс юунд нь ичээ вэ. Чамайг хүн талдаа их гайгүй хүн гэж боддог байлаа. Уншигч болон та нараар үйлчлүүлэгч нар чинь та нараас ХҮН чанар л харж явдаг юм шүү дээ. Их том улсын нэрийг яриандаа хэлээд байхад л та нарын амьдрал болдог юмуу? Хөөрхий дөө, нас чинь явж байна даа .

Зочин. [ 202.70.34.70 ] 2018 оны 7-р сарын 20 -нд, 02:31 минутанд

Хн, Мартаа л, нас явж байгаа хүн гэнэтийн асуултуудаас болж тулгамдаж мартдаг, маш их мартах тохиолдлууд гардаг. Чи ямар өөнтөгч , атаархуу хүн бэ. чамд муулах хүн олдохгүй хэцүү байгаа юм шиг байна аа даа.

Око [ 103.57.94.84 ] 2018 оны 7-р сарын 20 -нд, 07:05 минутанд

Баагий ах маань мундаг шүү...Өмгөөлөгч богон сайн сайхан бдаггүй.Бараг ихнэнх нь хүнээс хэдэн төгрөг авчих санаатай нөхдүүд бдаг.Харин Батбаяр өмгөөлөгч жинхэнэ ХҮН сэтгэлтэй сайн хүн.....сайн ч Өмгөөлөнч ......Амжилт

Go to top of page